Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн өнөөдөр 2019 оны хамгийн анхны IPO буюу шинээр гарч буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслолыг нээлээ. 

Энэ үеэр хэлсэн үгэндээ тэрээр Монгол Улсын хөрөнгийн зах зээл ихээхэн идэвхжиж, сүүлийн 27 жилийн хугацаанд бий болоогүй огцом өсөлт, ахиц дэвшил 2018 онд гарсныг онцлоод, төрийн өмчид “Монголын хөрөнгийн бирж” ХК, хувийн өмчит “Монголын үнэт цаасны бирж” ХК-аар зөвхөн шинээр зөвшөөрөл авсан хувьцааны арилжааны дүнд анхдагч зах зээлээс нийт 33 тэрбум төгрөг босгосон зэрэг тоо баримтыг дурдав. 

Мөн тэрээр, хувьцааны зах зээлийн нийт арилжааны дүн 2018 онд 210 тэрбум төгрөг хүрсэн нь сүүлийн 27 жилийн хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд 2017 онтой харьцуулахад 175 хувиар өссөнийг тэмдэглэж, Хороо 2019 онд хоёрдогч зах зээл буюу хувьцааны хөрвөх чадварыг сайжруулахад анхаарах болно гэлээ.

200 төгрөгийн тогтоосон үнээр 50 сая ширхэг хувьцааг хөрөнгийн зах зээлд гаргаж, 10 тэрбум төгрөг татахаар ажиллаж буй “Түмэн шувуут” ХК нь импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгч юм. Үндэсний үйлдвэрлэгчдэд дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн хөгжүүлэхэд хөрөнгийн зах зээлийн өргөн боломжийг нээж буйгаараа энэ хувьцаа онцгой ач холбогдолтойг Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн онцлов.