Эдийн засагч Ч.Хашчулуунтай ярилцлаа.

-Хөрөнгийн зах зээл хөгжиж байна. Энэ торгон үеийг хэрхэн тогтвортой байлгах ёстой вэ?

-Нэг үеэ бодвол хөрөнгийн зах зээл сэргэж байна. Удирдлага баг нь ч мэргэшсэн хүмүүс. Мэдээнээс харахад топ 20 компаниудын хувьцааны индекс буюу жигнэсэн дундаж нь байнга өсөлттэй гарчээ. Сүүлийн жилүүдэд бараг 2 дахин өссөн тоо гарна. Энэ бол хөрөнгийн бирж сайн ажиллаж байгааг харуулж буй гол үзүүлэлт юм. Санхүүгийн зохицуулах хороо ч бас энэ тал дээр шийдвэр гаргаж байгааг нь үнэлүүштэй. 

Цаашид тогтвортой бас өсөлтөө хадгалж ажиллахын тулд хувьцаа гаргаж байгаа компаниуд дээр хэлсэн 4 шалгуурыг хангасан байх ёстой. Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо компаниудаас эдгээр мэдээллийг авч байгаа нь хөрөнгө оруулагч талд асар чухал. Компаниуд ч гэсэн үүнийг ойлгож, мэдэрч мэдээллээ ил тод хүргэж байх нь чухал байгаа. Хамгийн гол нь хөрөнгө оруулагчдын итгэлийг даах хэрэгтэй. Иймээс компаниуд хэд хэдэн гол чиглэлээр, тухайлбал бизнесийн төлөвлөгөө, компаний төсөв, менежментийн баг, зах зээлийн байдал, аудитаар баталгажуулсан тайлан зэрэг гол баримтуудаа хөрөнгө оруулагч нарт байнга мэдээллийг сайн хүргэж өгөх чухал. 


-Манай санхүүгийн зах зээлийн 95 хувийг нь банк санхүүгийн зах зээл эзэлдэг. Харин сүүлийн үед даатгал хөгжиж эхэллээ. Ар араасаа хоёр ч даатгалын компани IPO хийсэн нь үүний баталгаа. Та үүнийг хэрхэн харж байна вэ?

-Ер нь хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох нь өөрөө компани төлөвших талаас чухал процесс. Тэр нь салбараас үл хамааран, компаний өөрийн засаглалыг сайжруулах, компани өөрөө зөв гольдролд орох талаас чухал. Даатгалын салбарт энэ шаардлага адилхан байгаа. Харин хөрөнгө босгох нь өөрөө салбараас хамааран зорилгууд нь өөр өөр байж болно. Даатгалын зах зээл хөгжих нь IPO-той шууд хамааралгүй ч гэсэн, хөрөнгийн зах зээл хөгжих нь өөрөө даатгалын салбарт хөрөнгө оруулалт хийх шинэ боломж нээж байгаа юм.


-Хувьцаанд хөрөнгө оруулахдаа тогтвортой салбарын тогтвортой компанид хөрөнгө оруулах нь чухал гэдэг. Энэ тал дээр та юу зөвлөх вэ?

-Иргэд хөрөнгө оруулахдаа салбарын хувьд хамгийн эрэлттэй бүтээгдэхүүнтэй, бүтээгдэхүүн нь байнга эрэлттэй байдаг үндсэндээ уналтанд ордоггүй салбарыг сонгох нь зөв юм. Иймээс байнга эдийн засгийн мэдээ унших, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах, хөрөнгө оруулалтын семинар зэрэгт сайн оролцож эхний ээлжинд өөрийн мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй.


-Хадгаламжийн хүү буурах хандлагатай байна. Тэгвэл энэ үед иргэд үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулсанаар ямар өгөөж хүртэх боломжтой вэ?

-Банкны үйл ажиллагаа сайн байх тусам хадгаламж найдвартай байна. Энэ утгаараа хадгаламж байж болох сонголт. Гэхдээ Монголд болон бусад хөгжиж байгаа орнуудын хувьд хадгаламжийн хүүтэй харьцуулахад хувьцаа хэд дахин өсч ашигаа өгч чаддаг.

Энэ нь барааны зах зээл шинэ хурдацтай хөгжиж байгаагаас шалтгаална. Тэгэхээр тухайн хөрөнгө оруулагчдын алсын хараа л мэднэ. 

Нэг биш хэдэн ч компани байж болно. Гол нь  сонгохдоо тухайн компанийн бизнес төлөвлөгөөгөө сайн хийдэг, мэдээлэлээ ил тод байлгадаг эсэх, сайн менежменттэй компани мөн үү гэдэг дээр тогтож харвал зөв сонголт хийнэ. Ингэж байж хүртэж өгөөж нь их байна. Гэхдээ сохор азанд найдаад ямар ч хамаагүй хувьцааг авчихаж болохгүй. Аль болох хэрэгцээ нь үргэлж байдаг компанийн хувьцааг авах нь чухал. 


-Хэдий ирээдүйтэй ч гэсэн манайхан уламжлалт банкинд хадгаламжтайгаар үлдээх хэлбэрээсээ татгалзаж чадахгүй л байх шиг….?

-Болгоомжлох нь байх зүйл. Харин яваандаа хөгжинө гэдгийг нь олоод харчихсан бол компанийг нь сайн судлаад хөрөнгийн зах зээлийг сонирхоход буруудах зүйлгүй.

Энэ бол Япон, Солонгосын хөгжлийн түүх л дээ. Эдгээр улс орны иргэд банкинд мөнгө хадгалдаггүй харин хувьцаанд хөрөнгө оруулдаг болсон. Ерөөсөө улс орон хөгжих тусам хадгаламжийн хүү буурдаг жамтай. Бага багаар буурсаар тэг рүү орчихдог.  Хадгаламжийн мөнгийг авлаа ч хийх төслүүд нь байхгүй учраас хадгаламжийн хүү нь доогуур болчихдог хэрэг. Манайд бол өнөөдөртөө хадгаламжийн хүү өндөр байна. Гэхдээ зээлийн хүү бууруулах бодлого хэрэгжүүлж байгаа учраас яваандаа хадгаламжийн хүү буурна л гэсэн үг. 


-Нөгөө талаасаа эдийн засаг өсөх хандлагатай байгаа энэ үед хүмүүст хөрөнгийн зах зээл тэлэх боломж, нөхцөл нь хэр байна?

-Өнөөгийн нөхцөлд хүмүүсийн хувьд хөрөнгийн зах зээл гэдэг шинэ боломж нээгдлээ. Иргэд банкинд мөнгөө хадгалах үед хүүг судлаж, хадгаламжийн нөхцөл, үйлчилгээг судлаж сонголтоо хийдэг. Тэгвэл хөрөнгийн зах зээл үүнээс хэд дахин их сонголтуудыг бий болгож байгаа тул, сурах, судлах материал, мэдээлэл үлэмж их. Тиймээс холбогдох ном, сурах бичгийг худалдан авч, иргэдэд зориулсан санхүүгийн боловсролын хөтөлбөрүүдэд сайн хамрагдаарай.


-Иргэд хувьцаа авахдаа юуг нь анхаарах ёстой вэ, компанийн засаглал яагаад чухал вэ?

-Тухайн компанийн өөрсдийнх нь мэдээллээс гадна мэргэжлийн аудитын компанийн тайланг харж болно. Тэр дүгнэлтийн уншихад бүх мэдээлэл харагддаг. Тийм учраас сүүлийн үед том жижиг гэлтгүй аудитаар баталгаажсан мэдээллээ гаргах үүрэгтэй болчихлоо. Хамгийн гол нь 4 зүйлийг харах ёстой. Эхлээд салбарыг нь харах, цаашид тогтвортой хөгжих боломжийг нь тооцоолох, мөн улс орны эдийн засгийн макро байдлыг ажигла. Үүнийг яагаад чухалчилж харах ёстой вэ гэхээр нэг салбар нь хөгжсөн ч улс орны эдийн засаг нь бүхэлдээ уначих юм бол эрсдэлтэй байдаг. Үүнээс гадна тухайн компанийн ТУЗ, компанийн удирдлага, компанийн ил тод байдлыг харж байх шийдвэр гаргаарай.


 -“Эрдэнэс таван толгой”-н IPO-г амжилттай хийхийн тулд заавал хийх алхмууд юу байх вэ?

-Энэ 4 том асуудлыг шийдэх ёстой. 

1.    Юуг хэзээ, яаж хийх гэж байгаагаа маш тодорхой гаргах чухал. Иймээс нэн түрүүнд ойрын 10-20 жилийн бизнес төлөвлөгөө тодорхой байх ёстой. 

2.    Хувьцаанаас 2 төрлийн ашиг л олж болно. Нэг нь жилийн ноогдол ашиг. Энэ төдийлэн ашигтай байж чадахгүй. Нөгөө нь компанийн ханш өсөх үед хувьцааг зарж ашиг олох арга. Эндээс компанийн хувьцаа өндөр үнээр зарагдах наад захын шаардлага нь компани өөрөө ашигтай ажиллах ёстой гэдэг нь харагдана. Ашигтай байна гэдэг улсын “Эрдэнэс таван толгой” компани дурын хүндээ мөнгө зарцуулахгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл хэрэгжүүлэх бүх төслүүд нь үр ашигтай, тооцоотой байх ёстой. Үүнийг “Эрдэнэс таван толгой”-н удирдлагууд хэр ойлгож байгаа юм бол доо. Ярихдаа төмөр зам, цахилгаан станц гээд үнэтэй төслүүдийг дурьдаж харагддаг. Болохгүй ч юм байхгүй л дээ. Гагцхүү энэ зардал компани дээрээ буухаар унах ашгийг багасгаж таарна. 

3.    Хэрэв “Эрдэнэс таван толгой”-н хувьцаа өсөөд компани ашигтай яваасай гэж хүсч л байгаа юм бол менежментийн баг чухал. Тухайн иргэний оруулсан хөрөнгийг хэн авч явж байгаа нь, бизнес тооцоог сайн хийж чадаж байгаа эсэх, эсвэл хэн нэгний арын өврийн хаалганы хүн байна уу гэдгээс хамаараад хоёр өөр замаараа явах нь дэндүү тодорхой.

4. Менежментийн багийг томилдог баг нь хэн бэ гэдгийг анхаарахаас аргагүй. Компанийн тухай хуулиар бол компанийн үүсгэн байгуулагч нар гэж бий. Тэд өөрсдөө хуралд оролцож чадахгүй тохиолдолд ТУЗ-өө сонгоно. Тэгэхээр “Эрдэнэс таван толгой” компанийн ТУЗ өөрөө мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан уу, хараат бус байж чадсан уу, ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй эсэх нь хамгийн наад захын үзүүлэлт юм. Одоогийн байдлаар “Эрдэнэс таван толгой” төрийн өмчит компани учраас дандаа төрийн төлөөлөлтэй. Төрийн төлөөлөл гэдэг нэг талаасаа зөв юм шиг боловч нөгөө талаасаа улс төрийн томилгоо нь заримдаа мэргэжлийн бус байдаг. Хэрэв мэргэжлийн бус ТУЗ сонговол мэргэжлийн бус удирдлага сонгох ч магадалтай. Ийм удирдлага компанийг хөгжүүлэх бус харин ч бүрэн дампууруулж мэднэ.