НИТХ-ын дарга асан, 60 тэрбумын хэргийн яллагдагчаар татагдаад буй Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг шүүх хурал маргааш Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр болох гэж байна.

Нийслэлийн прокурорын газраас  А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлээд буй. Энэхүү эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан маргааш 09:00 цагт товлогдсон байна.

Яллагдагчаар татагдсан Ц.Сандуй хоёр хоногийн өмнө өгсөн ярилцлагадаа "Энэ бол цэвэр гүтгэлэг. 60 тэрбумын хэрэг бол зохиомол хэрэг. Мөрдөн байцаалтын явцад 1000 гаруй хүнээс "Ажилд орохдоо Сандуй гэж хүнд ямар нэгэн байдлаар мөнгө төлсөн үү" гэж асуусан юм билээ. Мэдээж гэм буруутай нь тогтоогдоогүй учраас өмнө нь 2 удаа прокуророос, цагдаагаас нэг удаа буцаж байсан. Гэтэл намайг заавал ялла гэсэн улс төрийн захиалгаар дахин яллах гэсэн оролдлогоор дахин сэргээж байна" хэмээн ярьсан юм.