60 тэрбумын хэмээн овоглогддог, МАН-ын гишүүн Ц.Сандуй өчигдөр "Цензургүй яриа" нэвтрүүлгийн зочноор уригдлаа. Тэрбээр албан тушаалд хэн нэгний татаасаар бус Нийслэлийн газрын албаны байцаагчийн ажлаас эхэлсэн гэдгээ, юунаас болж төрийн албан тушаалыг наймаалцсан хэрэгт орсон тухайгаа, түүнийг "их уналт" руу түлхсэн хүмүүсийн нэрсийг ч дурдсан юм.

Түүний ярилцлагаас онцлох 10 эшлэлийг хүргэж байна.


1. Хотын ажил бол улс төртэй ямар ч холбоогүй явах ёстой юм. Гэхдээ сүүлийн хэдэн жил хэт улс төржиж нэгнийгээ харлуулах гэж оролдож, ялангуяа нам дотроо нэгнээ дарах, талцах явдал хэрээс хэтэрсэн. Олон хүн хотын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж яваад хэрэгт холбогдсонд харамсдаг. Тэдний нэг ч би. Өмнө нь энэ талаар дуугарах гэж байсан ч боломж олдоогүй. Одоо л хэлэх нөхцөл нь бүрдэж байна.


2. Одоо бүх зүйл болсны дараа манай намынхан намайг золиосолж байна. Эр хүний хувьд үзэх ёстой зүйлээ үзэж явна. Энэ бол надад хэтэрхий үнэтэй сургамж, ухаарал, болгоомжлолыг өгсөн. Би уг нь У.Хүрэлсүх даргад бүхнээ бичсэн. Хариу өгөөгүй бодвол уншсан байх. 


3. У.Хүрэлсүх дарга намайг намын байран дахь өрөөндөө дуудаад "Сандуй чи энэ намд маш том гавьяа байгууллаа. Ах нь чиний гурван алдааг өршөөнө өө. Гэхдээ миний дүү хатуу чанга бай. Чи бол зөөлөн араншинтай хүн. Намын дарга хүнд хааяа хатуу байх, ташуурдах ёстой үе бий " гээд өрөөнийхөө хананд өлгөчихсөн байсан ташуурыг надад өгсөн. Чингис хаан шиг байгаа биз дээ, хууль дүрэм хамааралгүй. /инээв/ Би энэ ташуураар нэг удаа морь ташуурдаж үзсэн, хийморио сэргээх гэж. Түүнээс биш нэг ч хүн ташуурдаагүй шүү У.Хүрэлсүх дарга аа. 


4. Доржзодовтой уулзсан өдөр бол миний амьдралын хамгийн хар өдөр. Ямар гайгаар тэр нөхөртэй уулзаж тэр талаар ярьсан юм бүү мэд. Тэр нөхөр анх Ганбаатартай уулзаж төсөл дээр хамтарч ажиллах зорилгоор уулзсан байдаг. Надад мундаг залуу байгаа юм, заавал уулзаарай гэсээр уулзуулсан. Ингээд 60 тэрбумын зохиогч Доржзодовтой уулзсан. Тэр 60 тэрбумын схем гээч өөр олон намаар явсан юм билээ. Гай болоод тэр өдөр надтай ярилцаж таарсан юм.  


5. 60 тэрбумын хэрэг бол шууд зохиомол хэрэг. Мөрдөн байцаалтын явцад 1000 гаруй хүнээс "Ажилд орохдоо Сандуй гэж хүнд яар нэгэн байдлаар мөнгө төлсөн үү" гэж асуусан юм билээ. Тиймээс тогтоогүй учраас өмнө нь 2 удаа прокуророос, цагдаагаас нэг удаа буцаж байсан. Гэтэл намайг заавал ялла гэсэн улс төрийн захиалгаар дахин яллах гэсэн оролдлого гарч ирсэн. Үүн нөлөөлсөн хүмүүс бол надтай хамгийн ойр байсан хүмүүс. /Хэсэг хугацааны дараа нэрсийг хэлэв/ Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх нар.


6. Би урвалт гэдэг зүйлийг үзэн ядаж байна. МАН-ын генсек Д.Амарбаясгалан М.Энхболд даргын баруун гар байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр яагаад ингэж хандаж байгаа юм. Хүн муу байж болно, муухай байж болно. Гэхдээ эр хүний чанар гэж зүйл байдаг даа. 


7. 60 тэрбумын гэх схемийг У.Хүрэлсүх дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан гээд бүгд сонсож ярьж байсан. Зураг нь энэ байна. Тухайн үед У.Хүрэлсүх дарга "Энэ бол маш сайн зохион байгуулагдсан стратеги төлөвлөлт байна. Би олон сонгуульд оролцож байсан ч ийм цэгцтэй төлөвлөгөө хараагүй" гэж хэлсэн. Аргагүй шүү дээ. Доржзодов гэж мэргэжилтэн хийчихсэн юм чинь. Би бүрэн танилцаагүй, заримыг нь ойлгоогүй. Нөгөө 2 нь ч гэсэн дэмжээд л сууж байсан. 


8. Намайг хөөхийн тулд энэ хүмүүс намын дүрэмдээ өөрчлөлт хийсэн юм. Харин өөрсдөө намын дүрэмд өөрчлөлт хийхгүйгээр хөөгдөнө. Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан, У.Хүрэлсүх нарын тухай хэлж байна. Харин би хэзээ нэгэн цагт цагаадна. Намайг дарна, бяцална гээд байгаа хүмүүс чинь энэ хэд. Эрх мэдэлтэй, хүчтэй байгаа хүмүүс намайг дарчихна гэж эндүүрч явна. Чадахгүй байх шүү гэж тэдэнд хэлье. МАН-ын гишүүд намайг хэлмэгдсэн гэдгийг хэлж байна. Ялалт авчирсныхаа төлөө шоронд суудаг юм уу.


9. Хоме плаза худалдааны төвтэй би ямар ч холбоогүй. Харин дотор нь үйл ажиллагаа явуулдаг MINT баарыг миний дүү түрээслэдэг нь үнэн. Сарын түрээс нь 60 сая төгрөг төлдөг. Гэхдээ хамгийн анхны эзэмшигч нь миний найз байсан юм. Буруу цутгалтаас болоод нураад уначихлаа гээд найз минь ярихаар МХГ руу ярьж минийх юм шиг анхаараарай гэж хэлсэн. Энэ ярианаас болоод л минийх юм шиг ойлголт гарчихсан бололтой. 


10. Би 60 тэрбумын гэх энэ хэрэгт орооцолдсондоо, ийм ярианд холбогдсондоо маш харамсдаг. Тиймээс та бүгдээс уучлалт хүсэж байна. Энэ хэргээс болж намайг байж болох бүх талаас минь шалгасан. Одоо би тайван амьдрамаар байна. Ээж аавыгаа тойглоод, үр хүүхдээ хараад л. Би 60 тэрбумын хэргээр ном бичиж байгаа. Гар бичмэлээ ч бэлдчихсэн. 

Би нэг үг хэлье. Өнөөдөр би У.Хүрэлсүх даргыг эрх мэдэлтэй байхад нь олон хүн тойрон хүрээлж байна. Маргааш унахад нь бүгд дэвсэнэ дээ. Харин тойроод байгаа хүмүүст нь битгий л урваарай гэж хэлмээр байна. Наад хүнээ үхэн үхтэл нь хамт байж тэсээрэй. Битгий л буцаад өөр хүнийг тойрон бүжээрэй дээ.