70 настай эмээ 50 сая төгрөгтэй болохоо мэдсэн Хөрөнгө Оруулалтын Экспо

Х.Оргил
05 сарын 02, 2022

Өнгөрсөн амралтын өдөр хотын төв цэг болох Шангри-Ла зочид буудалд нэг дор 10,000 хүн цугларч, бүртгэлийн хэсгээс эхлэн орох гарах хаалганы гадна талбай хүртэл уртаас урт дараалал үүссэн. Зэргэлдээ байрлах худалдааны төвийн бүх давхар, үйлчилгээний төвүүд хөрөнгө оруулалтын экспод оролцогчдын хөлд дарагдаж, борлуулалт 20-30 хувиар өссөн сурагтай.

Хүн сэлүүхэн, намуухан хөгжим эгшиглэсэн, аятай тухтай Шангри-Ла маань 04 сарын 23-ны өдөр ёстой л хүүхдийн парк шиг бужигнаж, анх удаа л хүн гишгэх газаргүй болох нь тэр.

Тэнд цугларсан 10,000 хүн, үгүй ер нь Монгол улс даяар нэг өдөр Хувьцаачид болов. Хөгшин, залуугүй бүгд ирээдүйнхээ төлөө хөрөнгө оруулахаар тэнд цугларсан юм. Гайхамшигтай!

Хөрөнгө оруулалтын экспог дайраад гаръя гэсэн замын хүний сэтгэлээр орсон маань бүтэлгүйдэж, тэнд 8 цагийг өнгөрүүлсэн юм. Ингээд олон үг нуршилгүй экспо-ийн онцлох үйл явдлыг танд хураангуйлъя.

1. ХҮҮХДЭЭ ХУВЬЦААТАЙ БОЛГОЧИХЛОО

Би гэдэг хүн эхний 500 хүүхдэд үнэгүй данс нээж, хувьцааны багц бэлэглэнэ гэсэн мэдээг харангуутаа л Хөрөнгө оруулалтын экспод очих шийдвэрээ гаргачихдаг шүү. Хүүхдээ одоогоос хөрөнгийн захтай холбож, мөнгөний мэдлэгтэй болгоё бас болоогүй ээ топ 5 компанийн хувьцааны багцтай болгох төлөвлөгөөтэй л байсан юм. Тэгээд 04 сарын 23, амралтын өдөр өглөө эртлэн босоод хүүхдээ дагуулан Шангри-Ла Зочид буудлын гадна 09:00 цагт ирлээ.

Амьхандаа л бусдаас түрүүлж ирлээ дээ гэж бодтол Шангри-Ла зочид буудал руу ч нэвтэрч чадахгүй, хаалганы гадна талаас очирлож эхлэх нь тэр. Уртаас урт дараалал. Амазон мөрөн л ийм урт байдаг байх даа. Ковидоос хойш нэг дор энэ олон хүнтэй нэг газар бөөгнөрөөгүй, басхүү сонин, сандарсан мэдрэмж төрж эхэлснийг нуух юун.

Хүү бид хоёр бараг л 1 цаг очирлосны эцэст Тавтай морил гэсэн экспо-ийн төв хаалгаар амжилттай нэвтэрч чадлаа. Хаалгаар нэвтэрсэн даруйд нүд гялбам дүр төрх угтан авав. Хаашаа л харна энд тэндгүй сонин содон зүйлс. Бараг хүүхдээ очирлуулж үлдээчхээд өөрөө хавийн юмсыг сонирхоод явчихмаар байсныг хэлэх үү.

Заа ингээд ашгүй нэг юм хүүхдийнхээ нэр дээр Топ 5 компанийн хувьцааны багцын батламжийг гардан авчихлаа шүү. Өдөр бүр өндгийг нь шарж, болгон хэрэглэдэг Түмэн Шувуут, амттай кофетой бас үйлчлүүлэхэд хамгийн ойр CU, дархлаа дэмжих нэрс, чацарганын цайтай Монос хүнс, хүүхдийн маань үзэх дурай эрсдэлийн сургуулийн Мандал даатгал, манай гэр бүлийн ирээдүйдээ зориулж хөрөнгө оруулалт хийсэн Мандал ирээдүйн өсөлт сан- эдгээр 5 хувьцаа хүүхэд дээр маань батламжлагдан очжээ. Бөөн ёндоо.

Энэ өдөр яг л супер марио шиг зоос цуглуулаад, дараагийн үе рүү шилжиж байгаа (хүүтэйгээ хамт тоглосоор байгаад гол дүрийн баатрынх нь нэрийг цээжлээд авчихсан) мэт  санагдав.

зураг

 

2. САЙНЫ ХАЖУУГААР СААР ГЭГЧЭЭР ЗОДООН БОЛОВ

Өчигдөрхөн хүүгээ сургуулиас нь авах гээд очтол тэнд байсан эцэг эхчүүд Хөрөнгө оруулалтын экспо дээр зодоон болсон гэж шивэр авир гээд л сууж байх юм. Муухай зүйл. Гэхдээ одоо бодоход тэнд хүмүүс хувьцаа авах гэж ирээдүйнхээ төлөө зодолдсон юм байна. Тэгээд бодохоор сайхан.

Ирсэн хүний тоо тэдний хүлээлтээс давсан бололтой. Ягаан хувцастай зохион байгуулалтын багийнхан бүх хүнийг чиглүүлж, туслахыг хичээн гүйцгээнэ. Нэг зохион байгуулагч дээр ирэх хүний ачаалал 10 дахин нэмэгдсэн бололтой. Аргагүй дээ, хөрөнгө оруулалтын төлөө 10,000 хүн цугларна гэдэг бас л сонин үзэгдэл шүү. Би лав тийм олон хүн хөрөнгө оруулалт сонирхоод экспо дээр ирнэ гэж бодоогүй.

зураг

 

3. ЦЭНХЭР ТАСАЛБАР ШАЛГУУЛЖ, АЗТАЙ НЭГЭН 50 САЯ ТӨГРӨГТЭЙ БОЛСОН БОЛОЛТОЙ

Хүүхдийн хувьцааны багцын тасаг ёстой үл мэдэх цэцэгхэн хотхон шиг байсан. Хүүхдүүд энэ тэндгүй гүйлдэж тоглоод л, зарим нь аав ээжээсээ төөрч цагаан хоолойгоор зарлуулж харагдсан. Өндөг дээр зураг зурж, хана дүүрэн буддаг ном байрлуулж, ами- тами багачуудтай тоглоод л ёстой л хөх хулганын орон шиг байсан даа.

Харин цэнхэр тасалбар шалгаж байна гэсэн хаягийн дор өвөө, эмээ нар идэвхтэй дугаарлан зогсжээ. Тэнд гайхамшиг болсон. 70 гаруй насны эмээ ганцхан секундийн дотор 50 сая төгрөгтэй болохоо мэдсэн. Үгүй мөн сайхан, уужуу хүмүүс шүү. 50 сая төгрөг мартаад л явж байдаг.

зураг

 

4. МӨНГӨ ӨСГӨХ ОЛОН АРГА БАЙДАГ АЖ

Хүүхдэдээ хувьцааны багц авсны сэтгэл уужирч, өөртөө ямар нэгэн зүйл авахаар асруудыг чиглэн алхлаа. Эмэгтэй хүн юу авахаа мэдэхгүй дэлгүүр хэсдэгтэй адил. Хөрөнгө оруулалтын түнш байгууллагуудын асруудыг хараад гадаадад л ийм экспо зохион байгуулагддаг байхдаа гэхдээ монголд болж байна шүү гэсэн бодол төрж, хурдхан бүх асраар хэсэж, тэнэж үзэх хүсэл намайг дахин сандаргалаа.

Асар бүр дээр хувийн санхүүгийн зөвлөгөө өгч, асуулт хариулт, тааврын тэмцээн зохион байгуулж бэлэг өгч байлаа. Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг Хувьцаа, Бонд, Хөрөнгө оруулалтын сан, Банк гэсэн тасгуудад хуваан, дэлгүүрийн лангуун дээрх бараа шиг эгнүүлэн өржээ.

Надаас сэтгэлзүйн цөөн хэдэн асуулт асуусны дараа надад тохиромжтой хөрөнгө оруулалтын багц бүтээгдэхүүн санал болгосон. Өөрийгөө эрсдэлд дуртай хүн гэдгээ тэр өдөр л мэдсэн. Хүүхдүүд багадаа яагаад, яагаад гээд асуудаг шиг- би хөрөнгө оруулалтын шинжээч нараас хөрөнгө оруулалтын талаар А-аас эхлээд бүгдийг асуусан даа.

зураг

 

5. ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН НЭГДСЭН ХУРАЛД ОРОЛЦЛОО

Би Мандал Ирээдүйн Өсөлт сангийн нэгж эрх эзэмшигчийн хувьд орой 18:00 цагаас хуралдаа оролцож, 2021 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлантай танилцан, саналаа өгсөн юм. Хурлын танхимд нүд ирмэхийн дотор дүүрч, арын хэсгээр хүмүүс зогсож байсан. Хэзээ хувьцаа эзэмшигчийн хурал ингэж танхим дүүрдэг байсныг би мэдэхгүй юм. Зарим компаниуд хувьцаа эзэмшигчийн хурлаа бүр хийдэггүй гэж сонсогддог.

Сангийн нэгж эрх эзэмшигч болж, хуралдаа саналаа өгнө гэдэг бас л хариуцлагатай ажил байсан шүү. Дараа жилийн сангийн хурал дээр амжилттай хөрөнгө оруулагч болоод ирнэ гэсэн зорилго бас урам зориг өвөртлөн гэрийн зүг явсан даа.

зураг

 

СЭТГЭЛ ЦАДСАН ГЭЖ ХЭЛДЭГ ДЭЭ...

Тийм л мэдрэмж төрсөн. Төгсгөлд нь нэмээд хэлэхэд, зохион байгуулалтын багийн оюутнууд, ажилтнууд үнэнхүү чин сэтгэлээсээ байсан.

Тэр өдөр цугларсан 10,000 хүнийг 10,000 хөрөнгө оруулагч болгоод буцаасан. Тэд яг л илгээлтийн эзэд шиг хамгийн зөв цагт, хамгийн зүйлийг хийсэн. Миний амьдрал нөлөөлсөн үйл явдал гэвэл би Хөрөнгө оруулалтын экспо-г, тэр дундаа надад чин сэтгэлээсээ зөвлөгөө өгч, тусалж байсан нэрийн мэдэхгүй зохион байгуулагчийг гэж хэлнэ.

Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

зураг


Холбоотой сэдвүүд

1072 хувьцаа хувьцаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.