"Эрдэнэс таван толгой" ХК-ийн ТУЗ-ийн бүх шийдвэр хууль бус гэв

Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс сар тутам нийгэм, эдийн засгийн тулгамдсан сэдвээр тогтмол хэлэлцүүлэг хийдэг. 

Энэ удаад олон нийтийн дунд хүлээлт үүсгээд буй “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаа ба түүний ногдол ашиг тойрсон сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хэлэлцүүлгийн хувьд олон талын байр суурьтай зочид ирсэн байлаа. Тухайлбал Үнэт цаасны төвлөрсөн тооцоо хадгаламжийн төв, Монголын хөрөнгийн бирж, 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн, эдийн засагч Л.Наранбаатар, ХҮИС-ийн багш доктор П.Баянсан нар хүрэлцэн ирэв.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд ТУЗ-өөс албан тушаалтан ирсэнгүй. Харин төлөөлөл болон тус компанийн ОН-тэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр ирж тайлбар өглөө. Тэрбээр  нэгэнт хувьцааны ногдол ашиг тараана гэдгийг компанийн зүгээс зарлачихсан байхад ногдол ашиг өг гэж нэхээд байгаа нь өөрөө популизм гэдгийг онцоллоо. Мөн хэт их зардал гаргаж үрэлгэн хандаагүй гэдгээ өөрийн мэдэх асуудлын хүрээнд тайлбарласан юм.  

Харин 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн, эдийн засагч Л.Наранбаатар ЭТТ ХК-ийн удирдлагууд өөрсдөө ирж энэ асуудал дээр байр сууриа илэрхийлэх ёстой байсан гээд холбооныхоо гишүүдийн гаргасан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс асуух 10 асуултаа ЭТТ ХК-ийн ОН-тэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаярт албан ёсоор өглөө.  

Асуултад төсөв тойрсон асуудлыг тусгаад, хэрэв уг тооцооллыг ЭТТ-н удирдлагууд хүлээн авч, өөриймсөг сэтгэлээр ажиллаж чадвал нүүрсний зардлыг өсгөж, зардлыг танаснаар хувьцаа эзэмшигчдэд очих ашгийг 2019 онд дор хаяж 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байгаагаа эдийн засагч Л.Наранбаатар илэрхийлэв.

Уг асуултад, 

-Компанийн тухай хуулийн 46.5-д “ТУЗ санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна” гэжээ. Хуулийн хугацаа энэ сарын 19-ний мягмар гарагт дуусгавар болсон. Иймээс ямар хэмжээний мөнгийг, хэзээ, ямар хэлбэрээр ногдол ашиг болгон тараах шийдвэрээ хувьцаа эзэмшигч иргэдэд танилцуулна уу. Хэрэв ийм шийдвэр гараагүй бол ТУЗ-ийг хуулийн хүрээнд огцруулах үндэслэл болно гэдгийг анхааруулъя.

-283 тэрбум төгрөгийн IPO зөвлөх үйлчилгээний төлбөрийг гадаадын ямар компанид өгөх вэ?Энэ онд бага ногдол ашиг өгөхийн тулд хөрөнгө оруулалтын зардалд их дүнтэй тусгаж, 2018 оны ногдол ашгийн хуваарилалтаас хассан байна. Энэ талаар тайлбар өгнө үү?

-Комьютер, түүний дагалдах хэрэгсэл авахад 4,5 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Нэг комюьтер дунджаар 3 сая төгрөгийн үнэтэй гэвэл 1.5 мянган хүнд комьютер авах хэмжээний  мөнгийг төсөвлөжээ. Ийм их компьютер ашиглах шаардлага байгаа юу?

-Удирдлагын зардалд 21,6 тэрбум төгрөг төсөвлөжээ. Дарга нарын орон тоо, цалинг багасгаж, 5 тэрбум төгрөгт төсөвлөж болно.

-Борлуулалт болон маркетингийн зардалд 302 тэрбум төгрөг тусгасан нь ямар учиртай вэ? Нүүрс худалдан авах гээд зам дээр 180км түгжрэл үүсэж байгаа атал ийм их мөнгө төсөвлөж, маркетинг хийх шаардлагатай юу? Задаргаа, тайлбар өгнө үү өгнө үү зэргээр 10 асуудлыг тусгажээ.

Мөн тэрбээр юун түрүүн хямдхан зарж байгаа нүүрсээ 20 доллараар өсгөж болно гэдгийг дурьдлаа.

Үнэхээр ч 6 хоногийн өмнөөс Австралийн нүүрсийг Далиан боомтоор хүлээн авахгүй гэдгээ мэдэгдчихээд байна. Австралиас авах нүүрсээ зогсоосон нь Австрали улс “5G” сүлжээний аюулгүй байдлаа хангахын тулд “Huawei”-ийн эсрэг хориг тавьсантай холбоотой. Урд хөршүүд маань үүнд эгдүүцсэн ч австраличуудад байгаль орчны шаардлагаар түр нүүрс авахаа азнасан хэмээн эвтэйхэн тайлбарлачихаад буй. Дээрээс нь Австралид үер болчихсон, гамшигийн нөхцөл байдал 5 дугаар сар хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа. Хятадын гангийн үйлдвэрүүд коксжих нүүрснийхээ нөөцийг цагаан сараас өмнө хангалттай авч чадаагүй. Нэг дүгээр сард 98 доллар 56 цент байсан нүүрсний үнэ өчигдөр гэхэд 15 ам.доллараар өсчихсөн. Энэ үнэ цаашаа 50-100 ам доллараар ч өсөж магадгүй байна. Нөхцөл байдал бидэнд ээлтэйгээр хандаж байгаа энэ алтан үед, алтан байршилд ядахдаа 20 доллараар нэмчих боломж хангалттай гараад ирчихлээ. Хэрэв ингэж чадвал 936 тэрбум төгрөгийн орлого бий боломж харагдаж байгаа билээ. Өнгөрсөн жилийн өдийд Авсралийн хар шуурганы "ачаар" хар алтны үнэ 105 доллар 96 цэнтийн ханштай байсан юм.

Харин ЭТТ ХК үүн дээр ямар алхам хийх нь өнөөхөндөө хараахан тодорхой бус. Ирсэн төлөөлөл нь ч энэ тал дээр хангалттай тайлбар өгч чадаагүй юм. Юутай ч стратегийн орд газраа ашигтай ажиллуулж чадсан өнөөгийн удирлагууд ЭТТ-н алс хэтийг ч иргэдэд хүртээх ногдол ашгаа ч бодолцох шийдвэр гаргаасай гэж иргэд хүлээж суугаа нь үнэн билээ. Ойролцоо жишээ татахад өнгөрсөн жил жижиг "Таван толгой" ХК цэвэр ашгийн 90 хувийг буюу нийт 127 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэж байсныг дурдахад илүүц болов уу.

Энэхүү гол асуудлаас гадна бодит байдал дээр манайхан хөрөнгийн зах зээлийн талаар тун ч маруухан мэдлэгтэйг олон улсын судалгааны байгууллага баталж орхисныг дуулгав.

S&P судалгааны байгууллага Монголын насанд хүрсэн иргэдийн 41 хувь нь санхүүгийн мэдлэгтэй гэж үзжээ. Дэлхийн 140 орноос 43-дугаарт жагссан гэхээр тун нааштай мэдээ байгаа биз. Гэвч бодит байдал дээрээ иргэдийн ихэнх нь санхүүгийн зах зээлийг банктай л холбон ойлгодог аж.

Монголчууд зах зээл хөгжсөн сүүлийн 28 жилийн турш банкны үйлчилгээг л авч, хувьцааг үнэгүйдсэн цэнхэр ягаан тасалбараар төсөөлж ирсэн нь ийм дүн авахад хүргэсэн хэрэг. Үүнийг нийт иргэдийн 30 хүрэхгүй хувь нь хөрөнгийн зах зээлийн талаар ойлголттой, 14 хүрэхгүй хувь нь бирж, брокерын компанийн үйл ажиллагааг мэддэг гэсэн судалгаа баталж байна. Хэдийгээр ар араасаа IPO гарч, хөрөнгийн зах зээл дээр хүч үзэж байгаа ч иргэдийн хувьд санхүүгийн зах зээлийн нэг тулгуур багана хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг тааруухан явааг ХҮИС-ийн багш доктор П.Баянсан танилцууллаа. Хувьцаат компаниуд ч гэсэн мэдээллээ хангалттай өгдөггүй, аль болох ногдол ашиг өгөхөөс зайлсхийдэг аж. Үүнийг энэ жил Хөрөнгийн биржид бүртгэлтэй байгаа 300 гаруй компаниас 10 хүрэхгүй хувь нь ногдол ашиг өгч байгаагаас харж болохоор байна гэлээ.

Бодит байдал дээр ч иргэд үнэт цаасны данс, банкны данс хоёроо ялгахгүй байна гэдгийг онцолсон “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн менежер Э.Баатарцогийн яриа ч үүнийг батлав. 

Одоогоор Өнөөдрийн байдлаар 1 сая 93 мянган иргэн хувьцааны данс нээлгээд байгаа аж. Харин үүнээс ч их буюу 1 сая 418 мянган иргэд  дансаа нээлгээгүй байна.

Эрдэнэс тавантолгой компани 2 дахь жилдээ ашигтай ажиллаж энэ жил 800 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Энэ жил ашгаасаа ногдол ашиг өгнө гэдгийг тус компанийн захирал мэдэгдсэн ч иргэдэд хэчнээн төгрөгийг хуваарилах эсэх нь тодорхойгүй байгаа. Ногдол ашиг хуваарилах хуулийн хугацаа нь энэ сарын 19-нд дуусаад буй. Энэ тал дээр тус компанийн зүгээс тодорхой хариулт өгсөнгүй. Энэ тал дээр орон нутгаас хэлэлцүүлгийн зорин ирсэн “Баян зам” тээвэрчдийн холбооны тэргүүн М.Нямжав "Өнгөрсөн жил гэхэд энэ замд 10 хүн амь насаа алдсан, 50-иас ч олон хүн осолд орж хөдөлмөрийн чадвараа алдсан. Хуулийг хэрэгжүүлдэггүй албан хаагч, хуулийг үл тоодог ААН-үүдээс болж НДШ төлөөгүй учраас хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмжээ тогтоолгож чаддаггүй. Энэ их ашгийн ард байгаа жолооч нарын нийгмийн асуудлыг шийдэж, хувь хишиг хүртээх дээр анхаарал хандуулах тал дээр анхаараасай" гэлээ.

Зочдын байр суурийг хүргэж байна

"ЭТТ ХК"-ийн ТУЗ-ийн гаргаж байгаа бүх тогтоол шийдвэр нь хууль бус

Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр: "ЭТТ ХК" хувьцаа эзэмшигчдийн хурлаар ТУЗ-ийн гишүүдээ сонгоогүй учраас ТУЗ-ийн шийдвэрийг хууль бус гэж үзэх бүрэн боломжтой. Ялангуяа ТУЗ-ийн дарга нь хувьцаа эзэмшигчдийн хурлаар сонгогдоогүй учраас гаргасан бүх тогтоол нь хүчин төгөлдөр бус юм. Бодит байдал дээр ТУЗ-ийн гишүүд нь ажлаа хийж чаддаггүй, ний нуугүй хэлэхэд гишүүд нь өөрсдөө ашиг сонирхлын зөрчилтэй. Аудитын хуралд багтдаг хүмүүс нь хүртэл байна шүү дээ. Ийм учраас гол хувьцаа эзэмшигч УУХҮЯ-ны зүгээс хувьцаа гаргана гэж яарахаас илүү эхлээд ТУЗ-ийн гишүүдээ хууль ёсных болгохыг сануулж байна. Тэгээгүй цагт гаргасан бүх шийдвэр тогтоол нь хууль бус байна. Энэ нь эргээд тус компанийн IPO хийх асуудал хуулийн дагуу эсэх нь эргэлзээ төрүүлсэн.


Популизм хийж “Ногдол ашиг өг” гэж шаардаж байна

“ЭТТ” ХК-ийн ОН-тэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр: “ЭТТ” ХК-д хяналтын байгууллагууд байнга ажилладаг. Аудитын шалгалт ч орсон. Манай компанийн зүгээс 1072 хувьцааны ногдол ашиг өгнө гэсэн шийдвэрийг 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр гаргасан. Гэтэл зориудаар популизм, улс төр хийж “Ногдол ашиг өг” гэж шаардаж байна. 

Бид тийм ч хаалттай компани биш, хийсэн гэрээ болгоноо сайтдаа байршуулдаг.  Эдийн засагч Л.Наранбаатар “ЭТТ ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс асуух 10 асуулт” гэдгийг уншсан. Барилга барина гээд 42 тэрбум төгрөг төсөвлөсөн гэж шүүмжилжээ. Энэ мөнгөний 19 тэрбум төгрөгөөр Улаанбаатар оффис худалдаж авна, 13 тэрбум төгрөгөөр Цогт Цэцийд уурхайн оффис, 4 тэрбум төгрөгөөр Гаалийн хяналтын бүс, лаборатори барихад зарцуулна. Энэ мэтээр задаргаанууд бий. “ЭТТ” ХК хэт үрэлгэн, тансаг байна гэж шүүмжилсэн байна лээ. Үнэндээ манай компани дээр ийм зүйл байдаггүй. Томилолтод явдаг ганцхан Старекс буюу бага оврын автобус бий. Захиргааны мэдэлд ч ганц автобус бий. 


Эрдэнэс тавантолгой компанийн энэ их ашгийн ард олон хүний халуун амь бүлээн цус бий

“Баян зам” тээвэрчдийн холбооны тэргүүн М.Нямжав: 2018 онд ЭТТ түүхэндээ байгаагүй өндөр ашигтай ажилласан. Үүний ард ажиллаж өрөөл татанхай болсон нүүрс тээврийн жолооч нар тэдний гэр бүлд юу хүртээх тухай ямар ч яриа алга. Яагаад гэвэл ЭТТ ХК гэнэт л том алт олоод 510 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, 720 тэрбум төгрөгийн ашигтай ажиллачихаагүй. Ард нь олон хүний халуун амь бүлээн цус, эрүүл мэндээрээ дэнчин тавьж бий болсон бий болсон гэдгийг мартаж болохгүй. Тийм учраас эрсдэлд орсон зорилтот бүлэг болчихсон энэ хүмүүст нөхөн олговор өгөх юм уу ямар нэгэн байдлаар эргэж харах ёстой. Өнгөрсөн намар машинтайгаа шатаж амь насаа алдсан залуу гэхэд 3 хүүхэдтэй байсан. Эхнэр нь хөөцөлдөөд ямар ч нөхөн олговор аваагүй. Энэ мэтээр зам тээврийн осолд орсон хүмүүсээ туслаж дэмжихийг хүсэж байна. 


Санхүүгийн салбарын бас нэг боломж нь хөрөнгийн зах зээл юм гэдгийг хүмүүс ойлгож эхэлсэн

Монголын Хөрөнгийн биржийн Зах зээлийн хөгжлийн албаны мэргэжилтэн П.Нямдорж: Иргэдэд эзэмшүүлж буй 1072 хувьцааны дансыг нээх нь зөвхөн ЭТТ ХК-ийн ногдол ашиг гэдгээр хязгаарлагдахгүй. Энэ данс хөрөнгө оруулагч болох үүд хаалга гэдгийг төдийлэн ойлгохгүй байна. Үүнийг ойлгуулахын тулд 1072 хувьцаа мэдээллийн төвтэй хамтран аймаг, дүүргүүдэд мэдээлэл хүргэж үүнийг ойлгуулах гэж хичээж байгаа. 

Өнгөрсөн жил данс нээсэн хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн, олон компани IPO хийсэнтэй холбоотойгоор хөрөнгийн биржийн арилжаа ч идэвхжсэн. Мэдээж нэгэнт нээлгэсэн данс нь тус нэмэр болсон байж таарна. Харин хөрөнгийн зах зээлийн өсөлтөд 1072 хувьцааны данс идэвхжсэн нь яг ямар хэмжээгээр нөлөөлснийг хэлэхэд бэрх.Ерөнхийдөө хүмүүс хувьцаа бол санхүүгийн салбарын бас нэг боломж нь хөрөнгийн зах зээл юм гэдгийг ойлгож эхэлснээр одоо Монголд үнэт цаасны зах зээл зөв гольдрол руугаа орж эхэлж байна.



Холбоотой сэдвүүд

1072 хувьцаа хувьцаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.