700 гаруй мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байна

Х.Оргил
09 сарын 21, 2019

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд болон “Тавантолгой түлш” ХХК-ийн төлөөллүүд Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. 

Сонгинохайрхан дүүрэгт сайжруулсан шахмал түлш нийлүүлэх, дөрвөн бөөний дундын цэг,  130 гаруй жижиглэнгийн цэг ажиллаж байна. Хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй удирдлагууд тус дүүргийн нэгдүгээр хороонд байрлах дундын бөөний цэгийн үйл ажиллагааг шалгаж, борлуулагч нартай уулзлаа.

Одоогийн байдлаар дундын бөөний нэг цэгт 700 гаруй мянган тонн сайжруулсан шахмал түлшний  нөөцтэй байна.

Борлуулагчид сайжруулсан түлшний борлуулалт  сайн байгааг дуулгаад, иргэдийн зүгээс ямар нэгэн гомдол ирүүлээгүй гэдгийг  хэлсэн юм. Түүнчлэн сайжруулсан шахмал түлшийг жижиглэнгийн цэгүүдэд тонн-оор буулгахдаа задгайгаар биш, 25 кг-ын савалгаатай ирүүлж байвал  борлуулагчдын ажил илүү хялбар байх болно гэдгийг учирлалаа. Нийслэлийн удирдлагууд “Тавантолгой түлш” ХХК-ийн төлөөллүүд нэгдүгээр хорооны айлуудаар орж, шахмал түлшний хэрэглээний талаар санал солилцлоо.

Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны өндөр настан н.Дангаа хэлэхдээ “Сайжруулсан түлш шаталт сайн, бас илчлэгээ удаан хугацаагаар барьж байна. Түүхий нүүрсийг бодвол асах явцдаа хэсэгхэн утаа гарч байгаад, бүрэн шатаад ирэхээрээ утаа гаргахгүй байна” гэв.


Холбоотой сэдвүүд

нүүрс шахмалтүлш

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.