Дэлхийн эм үйлдвэрлэгч компаниуд Covid-19 вакцины туршилтаа дуусгах гэж уралдаж байна. Вакцин бэлэн болоход түүнийг дэлхийн өнцөг булан бүрт шуурхай хүргэх ложистикийн асуудал тулгарна.

7.8 тэрбум хүнд нэг тун вакцин хүргэхэд Боинг 747 загварын 8000 ширхэг ачааны нисэх онгоц хэрэг болно гэж Олон улсын иргэний нисэхийн байгууллага IATA үзэж тэр дагуу бэлтгэж эхэлсэн гэжээ.

"Урьд өмнө нь хэзээ ч ийм том даалгавар гүйцэтгэж байгаагүй. Covid-19 вакциныг аюулгүй хүргэх нь агаарын ачаа тээврийн салбарт маш том даалгавар" гэж IATA байгууллагын захирал Александр де Жюньяк хэлжээ.

Одоогоор нийт 29 төрлийн вакцин судалгаа болон туршилтын шатанд яваа юм. Туршилт дуусаж, баталгаажвал олон тоогоор үйлдвэрлэж эхэлнэ. Вакцин бол маш үнэтэй ачаа учир цаг, температурын мэдрэмжтэй сав, байгууламж дотор тээвэрлэх, түүн дагуу бэлтгэгдсэн хянагч, харуул хамгаалалтын хүмүүс шаардлагатай болох юм. Учир нь вакциныг хулгайлах асуудал гарч болзошгүй гэнэ. Мөн одоогийн мөрдөгдөж байгаа хөл хорио, хилийн хоригийг сулруулах хэрэгтэй болно.