Уран зохиолын эмчилгээ гэж юу вэ?

Б.Анхилам
01 сарын 25, 2023

Уран зохиолын эмчилгээ буюу библиотерапи гэдэг нь уран зохиолыг эмчилгээний хэрэгсэл болгож ашиглах сэтгэц эмчилгээний нэгэн аргыг хэлнэ. 

Утга, уран зохиолын ном унших нь хүний хийсвэрлэн бодож, бусдын оронд өөрийгөө тавьж үзэх чадварыг хөгжүүлдэг бөгөөд бидний бодох, сэтгэх, мэдрэх болоод үйлдэх хэвд нөлөөлж байдаг юм. Бид ном зохиолд дүрслэгдсэн дүр эсхүл нөхцөл байдлыг таниад ирэхийн цагт тухайн зохиолтой нэгэн цул болдог ба дотор нь орсон мэтээр сэтгэж эхэлдэг. Энэ үзэгдэл нь хүнийг өөрчлөх, хүний зан авирт өөрчлөлт авчрах чадвартай.

Мэдээж ном уншихын үр шим маш их гэдэгтэй хэн ч маргахгүй. Бие махбодын хувьд тайвшруулж, бодол санааг цэгцэлж, сэтгэл санааны байдлыг өргөж, санах ой болоод ерөнхий мэдлэгийн хүрээг тэлдэг гэх мэт олон эерэг талтай. 

Тэгвэл уран зохиолын эмчилгээний гол аргачлал нь бусдаас суралцахад оршдог юм. 


Энэ нь бидний харах өнцгийг өөрчилж, ингэж болох юм байна, яагаад ийм шийдвэр гаргав гэж олон талаас бодоход тусалж, бидний үзээгүй ертөнц, туулаагүй амьдрал, хэзээ ч дайрахгүй тохиолдлуудыг харуулж байдаг. Ингэснээр бусдыг ойлгох, амьдралыг танихад бага ч атугай нэмэр болдог билээ. 

Уран зохиолын эмчилгээний нэг хүнд даваа бол тухайн эмчлүүлэгч этгээдэд тохирсон номыг олох юм. Номын гол дүрийн баатар түүнтэй адил төстэй нөхцөлд байдалд орсон тухай түүх, түүнээсээ хэрхэн гарсан гаргалгаа гээд сэтгэл мэдрэмжийн хувьд ч тухайн уншигчтай төсөөтэй байх аваас эмчилгээ үр дүнд хүрнэ. 


Тэгвэл номыг сонгоход хэд хэдэн асуулт тавьж үздэг бөгөөд тэдгээр нь тус номыг эмчлүүлэгчид танилцуулах шалгуур болдог.

Эдгээрт:

  • Энэ зохиол энгийн, ойлгомжтой, тодорхой, нуршуу биш мөн үнэмшилтэй байна уу?
  • Энэ зохиол тухайн хүний уншиж ойлгох төвшинд таарсан байна уу?
  • Энэ зохиол тодорхой мэдрэмж, хэрэгцээ, сонирхол болоод зорилготой уялдаж байна уу?
  • Энэ зохиол соёлын олон талт байдал, бэлгийн чиг хандлагын хувьд олон өргөн хүрээтэй байна уу? Хүчирхийлэлд эмзэг хандаж чадаж уу эсхүл хөхүүлэн дэмжиж үү?
  • Гол дүрийн баатар нь бэрхшээлийг даван туулах чадвартай байна уу? Тулгарсан асуудалд шийдэл олдсон уу? зэрэг асуулт багтана.


Уран зохиолын эмчилгээ нийт 4 үе шаттай явагддаг бөгөөд үүнд:

  1. Уншигчийн буюу эмчлүүлэгчийн асуудлыг таних, тодорхойлох
  2. Түүний хэрэгцээнд таарсан номыг олж, сонгох
  3. Төлөвлөгөөний дагуу номыг уншихад туслах, чиглүүлэх
  4. Эцэст нь уншигч номоос юу олж мэдэв, юу сурав гэдгийг хэлэлцэх юм. 


Ийнхүү эмчилгээг үр дүнд хүргэхийн тулд уншигч дараах таван үе шатыг туулна.

  1. Зохиолын гол дүрүүд болоод зохиол өрнөж буй нөхцөл байдлыг танина.
  2. Зохиолд нэвтэрч, түүнээс урам зориг авна.
  3. Тунгаан бодож, эерэг өөрчлөлт хийхэд сэдэлжүүлэгднэ.
  4. Хүн бүрд л янз бүрийн асуудал тулгардаг, ийм асуудал зөвхөн надад тохиогоод байгаа зүйл биш юм гэдгийг ойлгоно.
  5. Энэ нь ирээдүйд ямар ач холбогдолтой байх талаар эргэцүүлнэ.


Эдгээр үе шатыг туулахад эмчилгээ үр дүнгээ өгсөн байх юм.

Уран зохиолын эмчилгээний гол зорилго нь хүн өөрийн сэтгэл мэдрэмжийг илүүтэй танихад туслах учиртай.


Эх сурвалж: Came From A Book

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.