Саруулын Ариунжаргал
08 сарын 16, 2019
ВАШИНГТОН. /TASS/. Хүмүүс рүү буудах эмгэнэлт явдал нэмэгдэж байгаатай холбоотойгоор ихэнхийг нь өмнөх 10 жилд хаасан сэтгэцийн эмнэлгүүдийг дахин нээх зайлшгүй шаардлагатай гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Нью-Хэмпшир муж улс руу дэмжигчидтэйгээ уулзахаар нисэхийнхээ өмнө мэдэгджээ.
“Бидэнд дахиад сэтгэцийн эмнэлгүүд хэрэгтэй байна. Хэрэв 60, 70-аад оныг санаж байгаа бол маш олон сэтгэцийн эмнэлгийг хааж, хүмүүсийг зүгээр л гудамжинд гаргасан. Энэ нь манай орны хувьд аймшигтай зүйл байсан. Хотууд тэдгээр эмнэлгүүдийг байлгах боломжгүй байсан тул хаасан” гэж Трамп мэдэгджээ. “Бид сэтгэцийн эмнэлгүүдийг нээх ёстой, бид эдгээр хүмүүст гудамжаар чөлөөтэй алхах боломж олгох ёсгүй” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
АНУ-д сэтгэцийн эмнэлгүүдийг хаах үйл явц 1950, 1960-аад оноос эхэлсэн бөгөөд сүүлийн хэдэн арван жилд эрчимжжээ. Хаагдсан эмнэлгүүдийн өвчтөнүүдийг эмнэлгээс гаргахдаа оршин суугаа газрынхаа эмч нарт хандахыг зөвлөсөн байна. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, одоогийн байдлаар АНУ-д сэтгэцийн эмгэгтэй олон хүн эрүүл мэндийн даатгалгүйн улмаас эмчлүүлж чадахгүй байгаа бол зарим нь орон гэргүй болж эсвэл шоронд орж байгаа аж.
АНУ-д энэ сард хүмүүс рүү гал нээсэн хэд хэдэн эмгэнэлт хэрэг гарсан билээ. Наймдугаар сарын 3-нд үл таних эрэгтэй Америкийн Эль-Пасо хотын худалдааны “Cielo Vista” төв дэх “Walmart” сүлжээ дэлгүүрт гал нээсний улмаас 22 хүн амиа алдаж, 20 гаруй хүн шархадсан бөгөөд уг этгээдийг цагдаа нар баривчилсан юм. Наймдугаар сарын 4-нд шилжих шөнө мөн есөн хүний аминд хүрч, 20 гаруй хүн шархадсан хэрэг Охайо муж улсын Дейтон төвд гарсан. Хүмүүс рүү гал нээсэн шинэ хэрэг Пенсильвани муж улсын Филадельфи хотод лхагва гарагт гарсан юм. Үл таних этгээд цагдаа нар руу буудсаны улмаас зургаан эмх журам сахиулагч шархаджээ. Сэжигтэн орон сууцны байшинд хэдэн цаг нуугдаж гал нээсэн байна. Цагдаа нар уг этгээдтэй хэлэлцээ хийсний эцэст тэрбээр бууж өгчээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.