А.Баттамир: Сонгуулийн хар машин, ЭЕШ-ын засагч машины технологи хоёр адилхан

Д.Даваадулам
07 сарын 02, 2020

Өнөөдрөөс орон даяар ЭЕШ эхэлж байна. Нийтдээ 30.000 гаруй буюу өнгөрсөн жилийнхээс бараг нэг дахин олон төгсөгч шалгалт өгнө. Гэсэн ч хүн нэг бүрийн дүн шууд, харин улсын дүн 20 минутад нэгтгэгдэнэ гэж холбогдох албаныхан мэдэгдээд буй. Энэ бол ЭЕШ-ын дүнг шууд гаргадаг технологийг өнгөрсөн жилээс улс даяар нэвтрүүлж ашиглаж эхэлсэнтэй холбоотой. Энэ шилэн технологийг хөгжүүлж нийлүүлсэн компани нь “Ай Си Ти Групп”. 

Тодруулбал, Америкийн компанийн “Скантрон” засагч машиныг ашиглан шууд засалтын энэ программыг монгол инженерүүд хөгжүүлсэн юм.  

Энэ тухай “Ай Си Ти Групп” компанийн технологи хариуцсан захирал, програмист А.Баттамир мэдэгдэхдээ “программд эргэлзээ тээнэгэлзээ төрөх үндэслэл байхгүй. Тиймээс ч өнгөрсөн жил ямар нэгэн гомдол санал манай компани дээр ирээгүй” гэж байлаа. 

Түүнтэй технологийн хөгжилтэй холбоотой олны анхааралд байгаа асуудлаар ярилцлаа.                           


- ЭЕШ-ын дүнг шууд гаргадаг технологийг олон улсад хэрэглэж байгаа туршлагаас танилцуулвал?   

- Шууд засалтыг нэвтрүүлсэн орон гэж бараг байхгүй. Япон, Хятад зэрэг улсад төвлөрүүлж засдаг хуучин арга хэвээрээ. Олон хүн амтай Хятад, Орос, Япон зэрэг улсад ийм систем нэвтрүүлэх нь маш хүндрэлтэй. Улсын хэмжээний нүсэр систем болохоор цаг их алддаг. Ноднин би Америкийн Скантрон компанийн төлөөлөлтэй уулзахад тэдний скайнерийг ашиглаж шалгалтыг шууд зассан орон Монголоос өөр байхгүй гэж мэдэгдсэн. Гэтэл хариултын хуудсыг хамгийн алдаагүй найдвартай уншдаг “скантрон” засагч машиныг дэлхийн 148 оронд хэрэглэж байна. Сүүлийн 40 гаруй жилд тухайн зах зээлд тэргүүлж байгаа фирм. Олон улсын итгэмжлэгдсэн шалгалт, судалгааны байгууллагууд ч энэ скайнерийг ашиглахыг шаарддаг. Тиймээс бид шууд засалтын технологио экспортлохоор “Скантрон” компанитай ярьж байтал ковид цар тахал гарч түр зогссон. Бид нэг жил гаруй ажиллаж байж энэ программыг гаргаж авсан.


- Сонгуулийн хар хайрцагт, түүний технологид эргэлзэх нэг хэсэг ч байна. Программист хүний хувьд та сонгуулийн дүн дээр гарсан энэ талын маргааныг юу гэж дүгнэсэн бэ?  

- Яг хөгжүүлэлт дээр нь ажиллаж үзээгүй болохоор нарийн ярьж мэдэхгүй байна. Бусадтай адилхан зурагтаар харж суулаа. Програмист хүний хувьд ийм хардлага сэрдлэг илүүц санагдсан. Хүн мэдэхгүй юмаа их харддаг тэр л жишиг харагдсан. 

Сонгуулийн хар машин, ЭЕШ-д ашигладаг технологи хоёр яг адилхан будсан будалтыг танидаг OMR технологи. Сонгуулийн засагч машин, ЭЕШ-ийн машин хоёр яг л адилхан датагаа тухайн цэг дээрээ хадгалдаг. Сонгуулийн үр дүнг хакердана гэвэл сонгуулийн хар машин дээр нь алсаас нөлөөлж хакердана л гэсэн үг. Гэтэл хар машин интернетийн сүлжээ байхгүй орчинд ажиллаж байгаа. Би сонгуулийн хар машин, түүний дүнд асуудал байхгүй гэж бодож байгаа. 

Таслал, эрэмбэлэлт урд хойноо орсон гэдэг дээр техникийн алдаа хийсэн юм болов уу. Тэр гарч байгаа үр дүнг дэлгэцэд хүнд ойлгомжтой болгож харагдуулах хэсэг дээр нь алдчихсан юм шиг байгаа юм. Би өөрөө технологид итгэдэг, түүнийг хөгжүүлдэг хүний хувьд  сонгуулийн дүнд зөрүү гарах үндэсгүй гэж бодож байна.

- Бас сонгуулийн дүнг хуучин шигээ гараар тоолъё гэх хүмүүс ч бий. Тэд Япон зэрэг орныг жишээ болгодог.  

Хар машиныг хэрэглэж, харин мэдээллийг дамжуулж буй технологио илүү сайн баталгаажуулах хэрэгтэй байх. Жишээ нь блокчейн технологийг ашиглах ёстой. Солонгос улс 2022 онд блокчейн технологид суурилсан саналын систем хэрэглэнэ гэсэн мэдээлэл байна.

Технологид итгэх итгэлтэй холбоотой асуудал тэртээ тэргүй технологи хөгжсөн үеэс гарч ирсэн. Цаашид ч байна. Мэдээлэл өөрөө үнэн үү, зөв үү гээд итгэх асуудлыг үргэлж дагуулж явдаг. Энэ технологийн мэдээлэлд итгэх итгэлийг төрүүлэх шийдэл нь одоо бол блокчейн технологи.

Бидний амьдрал тэр чигээрээ бүртгэл. Тухайлбал таны дэвтэрнээс нэг хуудсыг дундаас нь тасдаад авчихвал дэвтэрт чинь итгэхэд хэцүү болно. Үүнтэй адил хардлага бүртгэл дээр үүсдэг. 

Тэгвэл блокчейн технологи таны дэвтэрний нэгдүгээр хуудсан дээр байгаа бүх бүртгэлийг тодорхой алгоритмаар  нэг тоо болгож дараагийн хуудсан дээр бичдэг. Хоёрдугаар хуудсаа бичиж дуусаад бүх мэдээллийг мөн адил алгоритмаар шифрлээд дараагийн хуудсан дээр бичнэ.  Гурвыг дөрөв дээр гэх байдлаар хуудас болгоны бүх мэдээллийг хооронд нь уялдаа холбоотой болгочихож байгаа юм. Блокчейн бол блокуудын гинж гэсэн утгатай. Тэгэхээр таны дэвтэрний бүх мэдээлэл хоорондоо хамааралтай болж, дундаас нь ганц тоон мэдээллийг өөрчлөх аргагүй болчихно. 

Мөн хамгаалсан мэдээллээ олон хувь тараагаад хадгалчихна. Тэр мянган хувь хадгалсан мэдээллийн нэг хувийг засахад бусад 999 хувийг хадгалж байгаа компьютерүүд хуурамч мэдээлэлтэй компьютерээ сүлжээнээс гаргачихдаг. Энэ бол технологит итгэх итгэлийг хамгийн сайн нэмэгдүүлсэн шийдэл. Тэр утгаараа дараа дараагийн сонгуульд энэ хар машин дээр тооглогдсон мэдээллийг нэгтгэж байгаа үйл явцыг блокчейн технологид оруулвал дэлхийн ямар ч эксперт ирээд мэдээлэл худал гэж маргахгүй. Ийм байдлаар бид технологид итгэх итгэлээ цуг дэмжээд явах ёстой. Хэрэв бид үүнийг болиод гараараа тоолъё гэвэл юун аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал. Эдийн засгаа  солонгоруулах тухай ч мартах хэрэгтэй болно.


- Тэгвэл технологи өндөр хөгжсөн зарим улс орон сонгуулийнхаа дүнг яагаад гараараа тоолоод байдаг юм бэ? Тухайлбал Япон.

Технологийг ашиглана гэдэг би техник технологид дуртай гээд шийдчих асуудал биш. Засгийн эрхийг хэн барьж байгаа улс төрийн хүчин болон сөрөг хүчний ойлголцлоос шалтгаалдаг. Улс төрийн асуудлаас гадна тухайн улсын онцлог, соёл зэрэгтэй холбоотой. Япон улс технологийн өндөр хөгжилтэй ч саяхныг хүртэл архи уусан жолоочийг хамраараа үнэрлэж шалгадаг хэвээрээ л байсан. 


- Монголчуудын цахим хэрэглээ, нийгмийн сүлжээний хэрэглээ нэмэгдэх тусам гадагш урсах хөрөнгө нэмэгдсээр. Тухайлбал сая УИХ-д нэр дэвшигч нэг хүн сонгуулийн сурталчилгаагаар өдөрт дунджаар 5О-500 доллароор "бүүст хийсэн" гэх мэдээ ч байна. Бид хэзээ энэ салбарт үйлдвэрлэгч болох боломжтой бол?

- Монгол улс өөрөө мэдээллийн технологийн хувьд 1990 оноос хойш нийтээрээ хэрэглэгч сэтгэхүйтэй болчихсон. Түүнээс өмнө бид бүтээдэг байлаа. 1980 оны үед Монголд нэгэн зэрэг дөрвөн компьютерыг хийж байсан юм билээ. Яг тэр үед Америкийн Microsoft, Apple компани бидэнтэй ижил түвшинд байсан. Мөн үйлдвэрлэгч зарим орон бүр ч сураггүй байв. 

Гэтэл бид өнөөдөр ганц ч компьютер үйлдвэрлэдэггүй. Гар утаснаас эхлээд ухаалаг төхөөрөмжүүдийн тухайд ч мөн адил. Нэг жишээ хэлье. 1992 онд анхны парлементийн санал тоолох төхөөрөмжийг электроникийн монгол инженерүүд хийсэн байдаг. 

2005, 2006 онд хэсэг залуус яг фейсбүүк шиг дурсамж.mn нэртэй сошиал сүлжээ бүтээсэн байгаа юм. Тухайн үед дунд сургууль төгсөгч хүүхдүүд орж бүртгүүлээд, хоорондоо найз болж зургаа оруулна, зурган дээрээ өөрийгөө тааглана. Гэтэл Фейсбүүк компани зураг тааглах үйлчилгээгээ 2009 онд гаргасан байдаг билүү дээ. 

Гэвч бид эдгээрийг өрсөлдөх үйлдвэрлэл болгож хөгжүүлж чадаагүй алдсан. 2000 оны дундуур дэлхий нийтэд сошиал сүлжээний шинэ давалгаа, шинэ зах зээл үүсч байх үед одоогийнх шиг гарааны бизнесийг дэмжигч, мэдээллийн технологид хөрөнгө оруулагч байсангүй, ойлголт ч тааруу байсан уу хөрөнгө оруулагчгүй таг зогссон. Тухайн үед дотооддоо гаргасан нийгмийн сүлжээ маш хурдан хугацаанд 80.000 хэрэглэгчтэй болж байсан. Гэтэл өнөөдөр тэр чигтээ импорт болчихлоо. Сошиал сүлжээний импорт ардаа дахиад зар сурталчилгаа гэсэн асар том зах зээлийг авч явдаг. Өдөр тутмын хэрэгцээг дагаад сурталчилгааны зах зээл явж байна. ТВ өнөөдөр сурталчилгааны ашигтай талбар биш болсон. Аль болох тухайн бүлэгт зориулсан, чиглэсэн сурталчилгаа сошиалаар явдаг болчихсон. Тиймээс фейсбүүк, твиттерээр дамжин асар их хөрөнгө гадагш урсаж байна.

- Бид үндэсний нийгмийн сүлжээг бий болгож фейсбүүк, youtube шиг ашиглая гэвэл оройтсон уу?    

-Сошиал сүлжээний хувьд цоо шинэ зах зээл бий болоод аль хэдийнэ хэрэглэгчдээ хуваагаад авчихсан. Монгол бол фейсбүүкийн хэрэглэгч. Бидний хувьд одоо алдаагаа давтахгүй байх нь л чухал. Өнгөрснийг алдаа гэж хэлж болно. Сошиал сүлжээ гараад ирэнгүүт чухал гэж үзээд үндэсний системтэй болохыг зорьж хувийн хэвшлээ дэмжих ёстой байсан ч тэгээгүй. Одоо фейсбүүкээ болъё гэхэд тун хэцүү. Хятад улс анх гарахад нь фейсбүүкийг хориглож байгаад өөрсдийнхөө системийн нэвтрүүлсэн. Youtube ч гэсэн Google компанийн бүтээгдэхүүн. 

Хүмүүс сурчихсан үед солиход хэцүү. Харин цаашид ямар боломж байна гэдгийг харах хэрэгтэй. Технологийн хөгжлийн хүрээнд цаашид маш олон боломж гарч ирнэ. Хиймэл оюун ухаан, блокчейн, интернетэд холбогдсон төхөөрөмжүүд гээд. Эдгээр зах зээлд өөрсдийнхөө байр суурийг олоод технологи үйлдвэрлэгчдийн нэг хэсэг нь байх боломжтой. 

Ер нь асуудал тоочъё гэвэл жижиг зах зээл, хоёрхон хөрштэй гэхчлэн бэрхшээл тоочоод суугаад байж болно. Харин сайн талаас нь харвал үндсэндээ хоёр том бие хамгаалагч байна. Энэ боломжоо ашиглаад дата центрийн бүс болох гэхчлэн боломж их. Бас өгөгдлийг боловсруулдаг шинэ зах зээл хэрэгтэй. Энэ зах зээлийг бий болговол бусад орны мэдээллийг монголдоо хадгалж, шилэн кабелаар дамжуулах гээд бидэнд том боломжууд бий. 


- Цахим хэрэглээ, технологийн шинэчлэл, энэ талын импорт өөрөө аюулгүй байдлын асуудлыг хөнддөг. Энэ тал дээр манайд хамгаалалт ямар байгаа бол? 

- Америкийн Facebook, Google компани намайг юу үздэг, сонирхдог, хүсдэг, хэнтэй чатладаг гээд өөрөөс минь илүү мэдэж байна. Ингээд харвал монгол иргэний, Монгол Улсын аюулгүй байдлын мэдээлэл гаднын зах зээл дээр, эсвэл өөр улсын хууль үйлчилдэг газар хадгалагдаад байна гээд үндэсний аюулгүй байдалтай холбоотой болоод ирнэ.

Америкт тус улсын иргэний эрүүл мэндийн мэдээллийн бүртгэлийг зөвхөн америкийн компани хийж, хадгална гэсэн хууль дүрэм хэрэгждэг. Өөрөөр хэлбэл иргэний эрүүл мэндийн мэдээлэл нь хувийн нууцтай, нэгтгээд харвал үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Гэтэл манайд ийм хууль байхгүй. Тэр байтугай Хятадын Засгийн газрын тусламжаар эмнэлгүүдэд Huawei компанийн билүү дээ тоног төхөөрөмж, системийг нийлүүлсэн байдаг. Тиймээс үүнийг цаг алдалгүй шийдэх хэрэгтэй. Царай танилтын технологийн хувьд ч адилхан. Энэ бол хүүхдийг хүчирхийллээс сэргийлэх, аюулгүй хот байгуулах, эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийг хайж олох гээд зайлшгүй байх ёстой технологи. Мөн байгууллагууд ажиллагсдынхаа цагийг хүрэлцэхгүйгээр, хуруугаараа хүрэлгүйгээр царай танилтаар бүртгэдэг болж байна. Үүнийг мөн л гаднын орнуудаар хийлгэж болохгүй. Монгол хүний царайны санг Хятадын ч юм уу, хаа нэг улсын гаднын сервер дээр хадгалж болохгүй л дээ. Энэ бол тухайн хүний хувийнх нь өмч, хувийн нууц, иргэдийн мэдээллийг нийлүүлээд харвал үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой улсын нууц болно. Үүнийг үндэсний компаниуд хийж чадна. Тухайлбал манай компани өөрсдөө хийгээд ашиглаж байна.


- Баярлалаа.

Холбоотой сэдвүүд

а.баттамир эеш эеш-ын дүн

Сэтгэгдэл бичих (4)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.