ТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо БНХАУ, БНСУ-ын удирдагчидтай уулзахаар даваа гарагт БНХАУ-ыг зорино.

Абэ Шинзо БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй Бээжин хотноо даваа гарагт уулзаж, Япон-Хятадын харилцаа болон ирэх хавар Японд хийх БНХАУ-ын даргын айлчлалын талаар хэлэлцэх төлөвтэй байна.

Мягмар гарагт Япон, БНХАУ, БНСУ-ын төрийн тэргүүн нар Сычуань мужийн Ченду хотноо гурван талын уулзалт хийнэ. Тэд сүүлд 2018 оны тавдугаар сард Токио хотод уулзсан юм.

Абэ Шинзо БНАСАУ-ын асуудлаар санал бодлоо солилцохоор төлөвлөж байгаа бөгөөд тус улстай холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд гурван талын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатайг онцлох төлөвтэй байгаа ажээ.

Мөн Японы Ерөнхий сайд уг уулзалтын хүрээнд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзах төлөвтэй байна. Тэд өнгөрсөн 11 дүгээр сард Тайландад товч харилцаа яриа өрнүүлсэн хэдий ч 2018 оны есдүгээр сараас хойшхи анхны дээд хэмжээний уулзалт энэ болох юм. Япон, БНСУ-ын харилцаа дайны үеийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлын улмаас хурцдахад хүрчээ. 

Өнгөрсөн онд БНСУ-ын Дээд шүүх дайны үеэр албадан хөдөлмөр эрхлүүлсний нөхөн төлбөрийг олгохыг Японы фирмүүдээс шаарджээ. Харин Японы засаг захиргаа дайны үеийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг 1965 онд байгуулсан хоёр талын хэлэлцээрээр шийдвэрлэсэн хэмээн үздэг юм. 

Абэ Шинзо дайны үеийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг шийдвэрлэх саналыг Мүн Жэ Инд тавих төлөвтэй байгаа бөгөөд энэхүү дээд хэмжээний уулзалт хоёр талын харилцааг сайжруулах эсэхэд олон нийт ихээхэн анхаарал хандуулж байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг