Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга (ЕНБД) Антонио Гутерреш энэ оны 8 дугаар сарын 8-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Энэхүү айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын ЕНБД А.Гутеррешийг хүлээн авч уулзсан бөгөөд талууд хэвлэлийхэнд зориулж мэдээлэл хийв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийн хэвлэлийхэнд хийсэн мэдээллийг дор хүргэж байна.

Хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчид, ноёд хатагтай нар аа,

Дөнгөж сая миний бие Монгол Улсын Гадаад харилцааны сайд, Эрхэмсэг хатагтай Батмөнхийн Батцэцэгтэй маш үр дүнтэй уулзалт хийлээ.

Гадаад харилцааны сайд Танд болон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монголын ард түмэнд биднийг халуун дотноор хүндэтгэн хүлээн авсанд гүнээ талархаж буйгаа илэрхийлье.

Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жилийн ойг өнгөрсөн онд тэмдэглэсэн билээ.

Өнгөрсөн 60 жилийн хугацаанд Нэгдсэн Үндэстний байгууллагын үйл ажиллагаанд Монгол Улсын оруулж буй  хувь улам нэмэгдэж ирсэн.

Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой энэ онд тохиож байна.

Монгол Улсын нийт энхийг сахиулагчдад НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны хамгийн хүнд хэцүү талбарт үүрэг гүйцэтгэсэнд талархал илэрхийлье.

Дайны хөлд нэрвэгдсэн улс орнуудад энх тайван, тогтвортой байдлыг дэмжин бэхжүүлэхийн төлөө хичээн зүтгэж, мэргэжлийн өндөр ур чадвар харуулан, хүлээсэн үүргээ биелүүлж байгаад нь бид гүнээ талархаж байна.

“Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” санаачилгыг хэрэгжүүлэхэд Монгол Улс тэргүүлэх үүрэгтэй оролцож буйд би нэн талархаж байна.

Монгол Улс энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхэд санаачилга гарган ажиллаж байгаагийн зэрэгцээ энэ оны 6 дугаар сард Улаанбаатар хотноо энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй эмэгтэйчүүдийн асуудлаар олон улсын хурлыг зохион байгуулсан билээ.

Энэ нь дэлхий нийтийн хамтын зорилт болох жендэрийн тэгш байдлыг хангах явдалд Монгол Улсын оруулж буй хувь нэмэр, манлайлал, эв санааны нэгдэл, тууштай хүч чармайлтын илрэл юм.

Олон талт механизмд Монгол Улсын үзүүлж буй дэмжлэг нь НҮБ-ын Энхийг сахиулах үйлсэд оруулж буй хувь нэмрээр хязгаарлагдахгүй юм.

Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласнаар цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах бодлого баримталж буйгаа олон улсын хамтын нийгэмлэгт харуулсан.

Эх дэлхийг цөмийн зэвсгээс ангид болгохын тулд бусад улс ч Монгол Улсыг үлгэрлэн дуурайна гэдэгт би найдаж байна.

Монгол Улс бүс нутагтаа энх тайван, аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг гаргасан нь үүний тод жишээ юм.

Залуучуудын оролцоог нэмэгдүүлэх нь “Бидний нийтлэг зорилго” илтгэлд миний тусгасан тэргүүлэх зорилтуудын нэг мөн.  Энэхүү яриа хэлэлцээнд залуучуудын дуу хоолойг оролцуулсан нь  надад урам зориг өгч байна.

Олон талт механизмд Монгол Улсын оруулж буй хувь нэмэр нь хөгжлийн салбар, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэх хүрээг ч хамарч байна.

Монгол Улс Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийг 1994 онд үүсгэн байгуулахад манлайлан оролцсон билээ.

Улмаар Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг 13 жилийн өмнө Улаанбаатарт байгуулсан.

Далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд Монгол Улс нь худалдаа, тээвэр, холболтын олон бэрхшээлтэй тулгарч байна.

Эдгээр сорилт нь Ковид-19 цар тахал, Украин дахь дайн, улам бүр нэмэгдэж буй уур амьсгалын өөрчлөлтийн улмаас улам хүндэрч байна.

Монгол Улсын хүнсний аюулгүй байдалд олон жилийн ган гачиг нь нөлөөлж, нийт газар нутгийнх нь 77 орчим хувь цөлжилтөд нэрвэгджээ.

Монгол Улсын Засгийн газар эдгээр сорилтыг даван туулахын тулд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхийн төлөө чармайн ажиллаж, энэ хүрээнд “Нэг тэрбум мод” зэрэг санаачилгыг хэрэгжүүлж байна.

Байгалийн нөөцийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтөд  дасан зохицуулахад Монгол Улсыг  жишээг бид сайшааж байна.

Монгол Улс өөрийгөө төдийгүй бусад улсыг хангахуйц сэргээгдэх эрчим хүчний их нөөцтэй тул сэргээгдэх эрчим хүчний салбарт тэргүүлэгч болох боломжтой.

Монгол Улс эрчим хүчний аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ эдийн засгийн боломжуудыг бий болгож чадна гэж би үзэж байна.

Мөн Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хангамжийн сүлжээнд зэсийн нөөцөөрөө томоохон тоглогч болох боломжтой юм.

Далайд гарцгүй хэдий ч Монгол  Улсын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг чухалчилсан бүтээлч гадаад бодлого нь улс орнуудын хооронд гүүр болж, тогтвортой хөгжлийг урагшлуулахад дэмжлэг болж байна.

Монгол Улс сүүлийн жилүүдэд гайхалтай шилжилтийг хийж чадсан.

Монгол Улсын удирдагчид бүх ард иргэдийнхээ өнө удаан хөгжил дэвшлийн төлөө цаашид ардчиллыг бэхжүүлж, хүний эрхийг дээдлэн хамгаална  гэдэгт би итгэж байна.

НҮБ-ын үйл ажиллагаанд  хувь нэмэр оруулж ирсэнд Монгол Улсад талархал илэрхийлэхийн сацуу энх тайван, хүний эрх, тогтвортой хөгжлийн асуудлуудын хүрээнд танай улсад бидний үзүүлэх дэмжлэгт цаашид ч найдаж болно гэдгийг илэрхийлж байна.

Баярлалаа.