Монгол Улсын Гадаад харилцааны сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-ын Суурин зохицуулагч нар өнгөрсөн оны тавдугаар сард Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ баримт бичигт гарын үсэг зурсан билээ. Таван жилийн хугацаанд үргэлжлэх стратегийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын байгууллагууд, НҮБ хамтарсан хороо байгуулсан бөгөөд жил бүр үр дүнгээ танилцуулах юм.

Нэгдсэн үндэстний байгууллага “Монгол Улсад тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх үр дүнтэй засаглал” үндэсний зөвлөгөөний үеэр ирэх таван жилд Монголд хэрэгжүүлэх гурван үндсэн чиглэлийн стратегиа танилцуулав. 

Нэгдсэн үндэстний байгууллага:

Нэгдүгээрт, хүний хөгжил, сайн сайхан байдлыг сайжруулах чиглэлээр ажиллахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд хот хөдөөгийн иргэд, ялангуяа эмзэг, орхигдох эрсдэлтэй хүн амын бүлгүүд, 2027 он гэхэд нөөц боломжоо бүрэн дүүрэн, эрх тэгш ашиглаж, хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, цочролд тэсвэртэй, эрүүл мэнд, хоол тэжээл, боловсрол, нийгмийн хамгаалал, ус, ариун цэврийн байгууламж, бусад үйлчилгээний үр шимийг хүртэнэ гэж тодорхойлсон байна.  

Хоёрдугаарт, “ногоон”, хүртээмжтэй, тогтвортой өсөлтийн бий болгоход анхаарна. Монгол Улсын эдийн засаг 2027 он гэхэд илүү төрөлжсөн, шинэлэг бүтээмжтэй, хүртээмжтэй “ногоон” болж бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг ханган, эмэгтэйчүүд залуусын зохистой амьжиргааг тэтгэх, XXI зууны эрэлт хэрэгцээтэй ур чадварыг хөгжүүлэх, нүүрсхүчлийн хий бага ялгаруулах хөгжлийг дэмжинэ. Нотолгоонд суурилсан жендерийн мэдрэмжтэй, байгалийн нөөц, байгаль орчны тогтвортой менежмент, гамшгийн эрсдэлийг бууруулах чадвар сайжирснаар хүн ам, экосистем, уур амьсгалын өөрчлөлтөд илүү тэсвэртэй болсон байх аж.

Гуравдугаарт, хүн төвтэй засаглал, эрхзүйт ёс, хүний эрхийн чиглэлд анхаарч ажиллахаар төлөвлөжээ. Монгол Улсын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл явц 2027 он гэхэд жендерийн мэдрэмжтэй оролцоог хангасан, харилцан холбоотой, нотолгоонд суурилсан, тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан, бүх шатны засаглалын байгууллагууд ил тод, хариуцлагатай ажиллаж, хүний эрхийг бүрэн хангаж хамгаалсан, тэгш шударга, эрх зүйт ёсыг хүн бүр, ялангуяа орхигдох эрсдэлтэй хүн амын бүлгүүд ялгаваргүй эдлэх боломж нөхцөл бүрдсэн байна гэжээ.

"ЭЗХЯ МОНГОЛ УЛСЫН ХУРДАСГУУР ЮУ БАЙХЫГ ТОДОРХОЙЛОХОД 
ТҮЛХҮҮ АНХААРЧ АЖИЛЛАХ БАЙХ"

НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын дарга Ж.ДОЛЖИНСҮРЭН:

-Хүний хөгжил ба сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд Монгол Улсын хувьд 10 эрсдэлт бүлэгт анхаарна. Үүнд, хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй, ажилгүй, хот суурин газрын болон хөдөө орон нутгийн ядуу иргэд, үндэсний цөөнх, өндөр настан, хүн амын цөөнх бүлгийг нэрлэсэн. 

Монгол Улс "Алсын хараа 2050" хөтөлбөртөө хүрэхийн тулд "Тогтвортой хөгжлийн зорилт 2030"-ыг хэрэгжүүлэхийг зорьж буй. Үүний тулд нөхцөл байдлаа зөв шинжээд, системийн анализ хийсний үндсэн дээр нөөц боломжоо ашиглан, тодорхой үр дүнд хүрэх боломжтой.

Учир нь ТХЗ-ыг 2015 онд баталснаас хойш дэлхий нийтийг хамарсан цар тахал, түүний дараах сөрөг үр дагавар, олон улсын нөхцөл байдлын улмаас хэрэгжихэд хүндрэл үүсэж, зорилтоо эргэж харах болсон. Улс орон бүр ТХЗ-доо анализ хийж, аль зорилгоо түлхүү анхаарвал ахиц гарч болох, хурдасгуур нь юу байхыг тодорхойлж, улс орны лидерүүд ирэх 9 дүгээр сард үндэсний амлалтаа өгнө. 

Манай улсын хувьд ийм хурдасгуур хэрэгжүүлнэ гэж ахин амлах юм. Монгол Улсын хурдасгуур юу байхыг тодорхойлоход ЭЗХЯ түлхүү анхаарч ажиллах байх.