НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш Монгол Улсад хийж буй албан айлчлалынхаа хүрээнд НҮБ-ын Суурин Зохицуулагчийн газарт зочилсон юм.

Хар өнгийн хослол, улаан зангиагаар гоёсон тэрбээр гар даллан орж ирэхэд суурин зохицуулагчийн газрынхан чихрээр дүүргэсэн мөнгөн аяга барин угтлаа. 

Байрандаа ч, гадаа талбайдаа ч монгол гэр, гар урчуудын бүтээл гээд уламжлал шингээсэн зүйлсийг харуулах гэж хичээсэн нь нүдэнд дулаахан. Мөн ерөнхий нарийн бичгийн даргыг дагалдан яваа НҮБ-ын гадаад ажилтнуудын зарим нь ч мөн монгол хувцасаар гангарсан байв.

Ийнхүү хүндэтгэл үзүүлсний дараа НҮБ-ын системийн байгууллагаас  сүүлийн жилүүдэд манай улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийн үр дүнг танилцуулав.

Тухайлбал Монгол Улсад ядуурлыг бууруулах, эдийн засаг, нийгмийн төдийгүй сайн засаглалыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулж байгаль орчныг сайжруулахыг дэмжих зэргээр Тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэхэд чиглэсэн ажлуудын үр дүнг тайлагналаа.

Сонирхуулахад 2017-2021 оны хооронд НҮБ-ын системийн байгууллагууд нийт 191.3 сая ам.долларын хөрөнгийг татан төвлөрүүлснээс 163.1 сая ам.долларын санхүүжилтээр нийт 190 гаруй төсөл, хөтөлбөрийг 84 түнштэй хамтран Улаанбаатар хот болон 21 аймагт хэрэгжүүлсэн байдаг.

Манай 2030 он гэхэд хүлэмжийн хийг 27.2 хувь хүртэл ахиулах боломжтойг дэлхий нийтэд мэдэгдсэн. Тэгвэл энэхүү асуудалд анхаарч тодорхой хэдэн салбарт анхаарал хандуулж олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрээд байгааг дурдсан юм. Тухайлбал гэрт амьдардаг өрхүүдэд зориулсан эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй дулаан алдагдалт төдийгүй агаарын бохирдлыг бууруулах төслийн хувь нэмрийг тайлбарлалаа.

Энэ хүрээнд сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн дулаан алдагдлыг бууруулахаар төлөвлөж ажиллаж байгаагаа танилцуулсан юм.


Мөн дэлхий дахиныг хамарсан цар тахлын үеэр хэрхэн ажилласныг дараах ажлуудаараа онцлов. Үүнд,

  • КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Файзер болон АстраЗенека вакцины 1,622,260 тун, Япон болон АНУ-ын Засгийн газрын хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд Файзер вакцины 2.5 сая тунг Монгол Улсад нийлүүлсэн.

  • Нийт 42 ПГУ лабораторийг 21 аймаг болон Улаанбаатар хотын найман дүүрэгт байгуулж, КОВИД-19-ийн шинэ вариантыг тогтооход шаардлагатай технологийг нэвтрүүлсэн.

  • Вакцин биобэлдмэлийн үндэсний төв агуулахын шинэ барилгыг гурван сарын хугацаанд барьснаар вакцин хүлээн авах, хадгалах, түгээхэд шаардлагатай дэмжлэг үзүүлсэн.

  • Хилийн хязгаарлалтай холбоотойгоор хилийн чанадад гацаж, хүнд нөхцөл байдалд орсон 1,300 гаруй иргэнийг эх орондоо эргэн ирэхэд нь туслахаар хоёр удаагийн тусгай үүргийн нислэгийг Гадаад харилцааны яамтай хамтран зохион байгуулж, эргэн суурьшихад нь дэмжлэг болгон 4 орчим тэрбум төгрөг зарцуулжээ. 

Ийнхүү Монгол дахь НҮБ-ын үр дүнгийн тайланг сонссон ноён Антониу Гутерреш суурин зохицуулагчийн газрын хамт олонд хандаж Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулж, амжилттай ажиллажээ гэдгийг НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишрад онцлон хэллээ. 

Дараа нь тэрбээр НҮБ-ын байрны дэргэдэх асарт саатав. Малчдын цагаан идээ, сүү сүүн бүтээгдэхүүн, хонины ноосон бүтээгдэхүүнийг цомхон өрсөн энэхүү асарт төсөл хөтөлбөрөөс үр шим хүртсэн иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирж үр шимийг нь хэрхэн хүртсэн талаараа хуучилсан юм.

Тэдний нэг бол Завхан аймгийн Их уул сумын малчин н.Отгондэмбэрэл юм. Тэрбээр малчид ноос ноолуур, цагаан идээ борлуулахаас өөр аргаар орлогоо бодитоор нэмэгдүүлж, зарим малчид нэмэлт орлогоосоо нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлж эхэлсэн талаар ярив. Энэхүү ажил нь "Малчдын нийгмийн хамгааллыг сайжруулж, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь" төслийн нэг хэсэг юм. Тэрбээр энэ талаараа “Хонины нойтон нэхий үнэгүйдсэн тул мөнгөөр авдаггүй, хүмүүс голдуу хаячихдаг юм, тэр хэрээрээ хог хаягдал болдог байсан. Харин өрхийн үйлдвэрлэлийг нь дэмжсэн төсөл хэрэгжсэнээр малчид маань нэхийгээ элдэж хатаагаад төрөл боловсруулж байна, энэ мэтээр малчдад олон талаараа дэм болсон ээлтэй төсөл” хэмээн тодотгон ярьсан юм.

Цагаан идээ боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бүсгүй Н.Мөнх Ирээдүй нь ганц бие ээж юм. Амьдралд яах учраа олохгүй явсан үедээ өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан нь түүний амьдралыг өөрчилжээ. Харин өдгөө тусламж дэмжлэгээр товхийсэн ажлын байртай, нэлээн хэдэн төрлийн цагаан идээ боловсруулж байгаагаа ярив. Дөрвөн хүүхдийн ээж, ажил хичээнгүй тэрбээр ийнхүү амьжиргааны эх үүсвэрээ хэдийнэ бий болгосон аж. 

Түүнийг ийнхүү ярихад  ноён Антониу Гутерреш сэтгэл хөдлөм сайхан түүхээ ярьж өгсөнд талархаад, цаашдын ажилд нь амжилт хүслээ. Сүүгээр цагаан идээ хийхээс гадна архи нэрж гаргаж авдаг гэдгийг сонсоод “Би амьдралдаа анх удаа архиар цагаан идээ хийдэг талаар сонсож байна” хэмээн инээмсэглэн хэлэв. Мөн цагаан идээнийх нь зургийг үзэж болох уу хэмээн гар утас дээрх бүтээгдэхүүнийх нь зургийг ч сонирхож амжсан.

Цар тахал дэгдсэнээс хойш дэлхийн 38 улсаас 23 мянга гаруй иргэн эх орондоо эргэн ирсэн байдаг. Тэдний дунд хэдхэн сар ажиллахаар яваад хөл хорионд орж амаргүй саад бэрхшээлийг туулсан хүн олон. Тэдний нэг нь НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэмжлэгтэйгээр эх орондоо ирсэн Н.Нарантуяа юм. Түүнийг эх орондоо ирээд зогсохгүй оёдлын цехтэй болгоход ч тус төслийнхөн тусалжээ. Өдгөө тэрбээр үндэсний дээлээ оёж зардаг бөгөөд гурван лангуутай гэрээтэй гэнэ. Тиймээс Н.Нарантуяа хайртай хүмүүстээ эргэн ирж, ажлаа хийх нөхцлийг бүрдүүлсэн, өөртэй нь ижилхэн хүнд байдалд орсон 1300 хүнийг эх орондоо ирэхэд нь тусалсан НҮБ-д баярласан талархсанаа илэрхийлээд арьсан урлалын бүтээгдэхүүнийг Антониу Гутеррешд гардуулсан юм. 

НҮБ-ын харьяа Аж үйлдвэр, хөгжлийн байгууллага ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнтэй хамтран ажиллаж хонины ноосыг ноолууртай дүйхүйц хэмжээнд боловсруулжээ. 

Энэ талаар тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Батчимэг танилцуулсан юм. Хонины ноос агаар мандалд байгаа нүүрс төрөгчийг саармагжуулах, био ялзралд хялбар ордог гэдгээрээ онцлог аж.  Эх дэлхийдээ ч, хэрэглэгчдэд ээлтэй энэхүү органик бүтээгдэхүүнийг мөшгөх системээр бүтээгдэхүүний гарал үүслийг нь баталгаажуулах боломжтой болсон талаар танилцуулснаар уулзалт өндөрлөсөн юм.