Д.ЭРДЭНЭТУЯА
06 сарын 12, 2023
Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 8 дугаар бага хурал 2023 оны зургадугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.
Монгол Улс 1980-аад оноос Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизмыг бий болгохыг тууштай зорьж ирсэн.
2013 онд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлж, улмаар олон улсын бага хурлыг жил бүр зохион байгуулж буй юм.
Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын үндсэн зарчимд нийцсэн энэхүү арга хэмжээг өнгөрсөн хугацаанд тогтмол зохион байгуулснаар бүс нутгийн аюулгүй байдлын асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх, итгэлцлийг бэхжүүлэх талаар хэлэлцүүлэг явуулах яриа хэлэлцээний уламжлалт тавцан болж ирсэн билээ.
Энэ удаагийн бага хурлыг “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын сорилт, боломж”, “Зүүн хойд Ази дахь олон талт хамтын ажиллагаа”, “Зүүн хойд Азийн энх тайвны ирээдүй”, “Зүүн хойд Ази дахь цар тахлын дараах эдийн засгийн хамтын ажиллагаа”, “Зүүн хойд Ази дахь эрчим хүчний хамтын ажиллагааг дэмжих нь” гэсэн үндсэн таван салбар хуралдааны хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.
НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Изуми Накамицу Монгол Улсад ажлын айлчлал хийж, “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 8 дугаар бага хуралд оролцох юм байна.
Мөн Монгол Улсын их сургууль дээр залуу судлаачид, оюутнуудад зориулан “Олон улсын болон бүс нутгийн зэвсэг хураах огтлолцол: Ирээдүйн сорилт ба боломжууд” сэдвээр илтгэл тавих аж.
НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн даргын энэхүү айлчлал олон улсын энх тайван, аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусыг бэхжүүлэх үйлсэд оруулж буй манай улсын хувь нэмрийг үнэлж буй хэрэг юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.