Х.Оргил
12 сарын 14, 2022
НҮБ-ын ЕНБД-ын орлогч хүлээн авч уулзав Улаанбаатарын Үйл Явц (УБҮЯ) буюу Ulaanbaatar Process хэмээх олон улсын төрийн бус байгууллагын төлөөлөгчид НҮБ-ын Төв байранд ЕНБД-ын зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч И. Накамитсутай уулзаж УБҮЯ-аас Зүүнхойд Азид цөмийн зэвсэггүй бүс (ЦЗБ) байгуулах, нэг улс дангаараа ЦЗБ байгуулах чиглэлээр хийж буй ажлынхаа талаар мэдээлсэн байна.
ЕНБД-ын орлогч УБҮЯ-ын төлөөлөгчидтэй уулзаж зэвсэг хураах чиглэлээр санал бодлоо солилцож байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.
Мөн цөмийн зэвсгийг хориглох тухай олон улсын гэрээ хүчин төгөлдөр болж үйлчилж эхлэсэн зэрэг зэвсэг хураах чиглэлд гарч байгаа зарим нааштай өөрчлөлтүүдийн зэрэгцээ олон улсын өнөөгийн харилцааны байдлаас болж гарч байгаа саад бэрхшээлүүдийн талаар тодорхой мэдээлсэн байна.
Тэрбээр УБҮЯ-аас хийж буй судалгааны талаар зарим зүйлийг тодруулж асууж мэдээллийг цаашид нарийн судлаж тэр чиглэлээр хамтарч ажиллахаа мэдэгдэв.
Цөмийн зэвсгээс ангид байхын төлөө “Цэнхэр Сүлд” ТББ нь 2005 онд хүн төрөлхтөнд заналхийлж буй цөмийн дайны эсрэг бүх нийтийн тэмцэлд идэвхтэй нэгдсэн Монголын ард түмний дуу хоолойг дэлхийн олон нийтэд хүргэх, Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх бодлого, үйл ажиллагааг өргөн олон нийтэд таниулах, энэ талаар төр засгаас явуулж буй бодлогод дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.
“Цэнхэр Сүлд” нь дараах үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнд:
•Дэлхий дахинд цөмийн аюулгүй байдлыг хангах, түүний дотор Зүүнхойд Азид цөмийн зэвсэггүй бүс байгуулах санал, санаачилгыг дэмжсэн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, санаа бодлоо нэмэрлэх;
•Монгол улсын цөмийн зэвсэггүй статусыг олон улсын эрх зүйн хүрээнд баталгаажуулах, улмаар цөмийн зэвсэггүй бүсүүдийн дэлхийн сүлжээний бүрэн эрхт гишүүн болох явдлыг дэмжих;
•Цөмийн зэвсгээс ангид байх тухай Монгол Улсын хуулийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж холбогдох санал, зөвлөмж боловсруулах, таниулах, сурталчлах ажил явуулах;
•Улаанбаатарын үйл явцын хүрээнд бүс нутгийн ТББ-ууд, судалгааны зарим хүрээлэнгийн шугамаар жил бүр хурал зохион байгуулж бүс нутгийн улс төрийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хамтарсан мэдэгдэл гаргах.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.