Арабын Нэгдсэн Эмирт Улсын “алга болсон” гэгдэж байсан гүнж Шейха Латифагийн гэрэл зургуудийг нийтэлжээ.

Ш.Латифа нь Дубайн удирдагч Мухаммед бин Рашид Аль Мактумын охин бөгөөд түүнийг өнгөрсөн оны гуравдугаар сард гадаад руу зугтахыг оролдсон хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан юм.

Арабын Нэгдсэн Эмирт Улс уг мэдээллийг үгүйсгэж, Ш.Латифа гэр бүлийн гишүүдийн хамт гэртээ амьдарч байгаа гэж мэдээлжээ.

Уг хэрэг явдал нь олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагуудын дунд маргаан дэгдээж, түүнийг аюулгүй байгааг нотлохыг тус улсын эрх баригчдаас шаардахад хүргэсэн байна.

Даваа гарагт Арабын Нэгдсэн Эмирт улсын Гадаад хэргийн яамнаас НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл рүү гүнжийн гэрэл зургуудыг баримт бичгийн хамтаар илгээжээ. Уг мэдэгдэлд тэмдэглэснээр, гүнжийн талаархи худал мэдээлэлд хариу өгч байна гэжээ.

Гэрэл зургаас үзэхэд, Ш.Латифа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн дээд комиссар Мэри Робинсоны хажууд сууж байсан бөгөөд уг зургийг Дубай хотод 12 дугаар сарын 15-нд авсан гэж тэмдэглэжээ.

М.Робинсоны Дубайд хийсэн айлчлал нь Ш.Латифа шаардлагатай халамж, дэмжлэгийг хүртэж буйг баталгаажуулах байсан юм. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, BBC