УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын гишүүнчлэлээс татгалзах тухай хүсэлтээ өгсөн билээ. АН-ын хувьд Л.Болд гишүүнд уг асуудлаар албан бичиг хүргэсэн байна.

Албан бичигт: 

 “Ардчилсан намын гишүүд дэмжигчид иргэд сонгогчдын сонгох эрхийг хүндэтгэн Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдсон Улсын Их Хурлын гишүүнийхээ үүрэгт ажлаас Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3-т заасны дагуу өөрөө хүсэлт гарган чөлөөлөгдөж намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг, амлалтаа бүрэн дуусгавар болгон намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж чадах дараагийн хүнийг сонгох боломжийг Ардчилсан намын гишүүд дэмжигчид, иргэд сонгогчдод олгосон үед намын гишүүнчлэлээс хасах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болно” гэсэн хариу өгчээ. 

Уг асуудал дээр АН-ын дарга С.Эрдэнэ ч өнөөдөр өгсөн ярилцлагадаа "Л.Болд бүлгээсээ гарлаа гээд дураараа гарчихдаг зүйл биш. Намын шийдвэр гарна. Тэр хүн үнэхээр намаасаа гарч байгаа юм бол төлөөллийн зарчмаа мөн бодолцох ёстой. Ямар төлөөллөөр УИХ-д орж, хэний сонголтоор орж ирсэн юм гэдгээ бодох ёстой. Хэрэв үнэхээр энэ намд байхгүй, гаръя гэж байгаа бол УИХ-ын гишүүнээсээ ч мөн адил татгалзах ёстой" гэсэн юм. 

Тэгэхээр Л.Болд гишүүн намын батлахаа хураалгахаас гадна гишүүнээсээ ч татгалз гэсэн аж. Уг асуудал дээр Л.Болд гишүүн хариу мэдэгдэл хараахан хийгээгүй байна.