Ангал руу унаж буй нийгэмд цочроо өгөх "Вангийн нулимс"

"Да Винчи код" тэргүүт гурамсан зохиолоороо дэлхийг шуугиулсан дедектив, триллер зохиолын эзэн Дэн Браун шиг баримтат-уран сайхны аргаар адал явдлыг оньсого мэт нууцлан өрнүүлж бичдэг Монгол зохиолч гарч ирж байгаа юм байна гэсэн сэтгэгдэл төрлөө. Уг зохиол Монголын эм ханган нийлүүлэх томоохон группэд хурган дарга хийдэг Улсаа, Хятадын Шанхай хотын "Үүдэл эс" судлаач эрдэмтэн Ван, Австри улсын цагаачлалын хуаранд орогнож буй Лин Лин бүсгүй гэсэн зэрэгцээ гурамсан шугамаар өрнөнө. Улсболдын ажилладаг группын салбар эмийн үйлдвэрийн дарга Нямцав, "Үүдэл эс" судлаач Ван доктор нар хорлогдсоноор учир нь үл тайлагдах нууцын араас мөрдлөг эхэлнэ.

"Үүдэл эс" гэж юу вэ? Эр эм бэлгийн эс нийлж үр тогтсон өндгөн эс үүснэ. Үр хөврөлийн эсийн хуваагдлын тодорхой шатанд бүх эд эрхтний болон хувирах онцгой чадвартай эсүүдийг үр хөврөлийн "Үүдэл эс" гэнэ. Энэ бол бурханы бодож олсон гайхамшиг. Үүний нууцыг тайлж чадвал хүн өвчлөхгүй, өтөлж хөгшрөхгүй, бүүр үхэхгүй мөнх наслах боломжтой. Яг л үлгэр домог биелэлээ олно гэсэн үг. Энэ бол зөгнөл мөрөөдөл биш биелж болох бодит гайхамшиг юм. Гэвч нэг асуудал байна. Хүн үхэхгүй байвал юу болох вэ? Байгалийн хууль зөрчигдөнө гэдэг бодож төсөөлсөнөөс ч илүү гамшиг, эмгэнэл авчирах юм биш биз? Доктор Ван үүнд санаа зовж байна. "Хүн үхэхгүй байх нь үхэхээс илүү эмгэнэлтэй" гэсэн түүний үзэл санаа өөрийнх нь амь насанд хүрнэ гэж яахин санах билээ. Шинжлэх ухааны түвшинд "Үүдэл эс"-ийг судалж , шинэ нээлт хийсэн эрдэмтэд Нобелийн шагнал хүртэн, хүнийг дахин шинээр бий болгох, мөнх наслуулах боломж тун ойрхон хаяанд ирлээ хэмээн дэлхий даяар хөөрцөглөж байхад эрдэмтэн Ван санаа зовнисоны учир юу вэ? Дорнын мэргэд аль эрт энэ нууцыг мэдэж байжээ. Байгалийн жам ёсны эсрэг бүхэн гай гамшиг авчирч, мөхөл сүйрэлд хүргэдэгийг мэдэх гэгээрсэн мэргэд энэ нээлтийг нандигнан нуусан байна. Учир мэдэхгүй нялх хүүхдийн гарт цөмийн бөмбөгийн товчлуур атгуулсантай адил эмгэнэлт үр дагаварт хүргэж болзошгүй гэж. Дорнын их өв соёл, философи бол байгальтай нэгэн цул болж жам ёсны дагуу амьдрах. Нууцын цаана нууц оршино...

Гадаадад олон жил ажилласан Монгол залуу сайн сайхан зүйл мөрөөдсөөр эх орондоо хөл тавьсан тэр мөчөөс сэтгэлд нь бараан гуниг төрж эхэлж байна. Шударгаар ажиллаж амьдрах хүсэлтэй, боловсрол өндөр залууд Монголын нийгэм хархны үүр шиг эмх замбараагүй болсон нь мэдрэгдэнэ. Хүн төрөлх эх орондоо амар тайван, сайн сайхан амьдарч болохгүй цөвүүн цаг нүүрлэсэнийг бие сэтгэлээрээ туулна. Гадаад амьдарч байхдаа амраг сэтгэлийн холбоотой болж салж хагацахааргүй болсон Агиа бүсгүй эцсийн мөчид өөрөөс нь урваж байхад , Монголд ирээд танилцаад удаагүй ч өөрт нь хайртай гэж хөл алдан гүйх хөнгөмсөг зантай Өглөөсайхан бүсгүй өөрийнх нь төлөө амиа зольж байгаад Улсаа харамсал, эмзэглэл зэрэгцэж үнэн шударга ёсыг хайж байна. Өндөр боловсрол мэдлэгтэй залуус эх орноосоо дайжин явдаг нь тэдний буруу огтхон ч биш. Ялзарсан гаж тогтолцоо тэднийг өөрийнхөө нэг эд эс болохыг тулган шаардаж, бохир заваан нүхэндээ оруулах гэж дарамт шахалт үзүүлдэгээс залуу хүмүүст нэг бол харх болох нөгөө бол нийгмийн гадна золиос болон хаягдах хувь заяа хүлээж буй эмгэнэлтэй дүр зураг билээ...

"Эмийг өвчтөн уудаг. Өвчтөн байхгүй бол эмийг хэнд худалдах вэ?"
Энэ бол амин чухал асуулт!!! Дэлхий даяар хамгийн их ашиг орлого олдог хар тамхи, зэвсгийн наймааны араас эмийн худалдаа зайлшгүй орно. Хүн төрөлхтний хүсэл мөрөөдөл бол өвдөж зовох өвчингүй, эрүүл саруул урт удаан наслах. Үүний төлөө л эрүүл мэндийн байгууллага, эмийн худалдаа үйлдвэрүүд оршин тогтнож, бидний төлөө ажиллаж байгаа гэж дотроо үнэмшиж, итгэж найдаж явдаг. Тэдний хэлсэн болгоныг бурханы зарлиг шиг үг дуугүй биелүүлж, бичсэн тариаг нь хийлгэж, эмийг нь авч уудаг. Гэвч бодит байдал дээр хөшигний цаана юу нуугдаж байна вэ? Шинжлэх ухаан асар хурдацтай хөгжиж, хүний өвчин эмгэгийг анагаах шинэ арга нэвтэрч, шинэ төрлийн эмүүд шилээ даран гарч, урьдчилан сэргийлэх вакцин хийгдсээр байтал өвчин арилж устах нь бүү хэл мутацид орж халдварт өвчин ойр ойрхон дэгдэж, хорт хавдар борооны дараах мөөг шиг элбэгшиж байгаагийн учир юу вэ? Энэ бүх асуултын хариуг бодитой үнэмшилтэйгээр энэ зохиолоос та олж мэднэ. Малын халдварт өвчнийг зориуд тараадаг тухай хааяа сонин хэвлэлээр шуугиад өнгөрдөг. Хүн, мал ялгаагүй адилхан эм тариагаар л эдгэнэ. Тэгэхээр энэ чинь юу гэсэн үг вэ?...Үнэн үү?...

"Вангийн нулимс" тойрсон адал явдлууд хэн ч хэлж зүрхлээгүй маш том сэдвийг хөндөж байгаагаараа анхаарал татаж байна!!! Нэгэн эмийн группээр төлөөлүүлэн хөшигний цаана нуугдах улс төр-бизнес мафийн далд сүлжээний ерөнхий дүр зургийг гаргаж ирлээ.
"Нүд улаан мөнгө цагаан" болсон нийгэмд авилга, луйвар, мөнгө угаалт хэрхэн явагдаж байгааг дурайтал дүрслэн үзүүлж байна. Хятадын "Зөөлөн хүч"-ний далд түрэмгий бодлого биополитикийн салбарт хэрхэн хэрэгжиж байгаа тухай түгшүүрийн харанга дэлдлээ. "Ард түмэн бол цагаан цаас. Дээр нь юу хүссэнээ бичиж болно" гэсэн Маогийн алдарт эшлэл мэдээлэл хөгжсөн өнөө цагт бүүр ч хүчинтэй. Өдрийн хоол хүнс, өмсөх зүүхээ л бодож яваа ядарсан ард иргэдийн тархийг угаахад худалдагдсан сэтгүүл зүй, хөлсний бичээчид хангалттай ажиллаж байна. БИ ХЭНД ИТГЭХ ЮМ БЭ????

Бодит баримтыг адал явдлаар сүлжин, шүлгэн хэлхээгээр чимсэн энэ зохиол агуулгын хувьд цоо шинэ, уянгын халил, нуршин тоочилт, цэцэрхэлгүйгээр дүрслэл сайтай бичигдсэн, хүүрнэл өгүүлэмж цэгцтэй байгаа нь мэдрэгдлээ. Хэний ч амьдралд тохиолдох хайр сэтгэлийн явдал, нууц амрагийн паянг усан шөлөөр даруулж бичдэг хямдхан зохиолуудаас залхаж гүйцсэн уншигчдад баялаг өгүүлэмжтэй, логик гаргалгаа сайтай, баримт нотолгоо нь үнэмшилтэй ийм л зохиол үгүйлэгдэж байгаа юм.

"Харанхуйг зүхэж суухаар ганц шүдэнз ч болов зурж гэрэл гаргаач" гэсэн үг байдаг. Залуу зохиолч улам бүр харанхуй ангал руу унаж буй нийгэмд цочроо өгч, өөрийнхөө хэмжээнд гэрэл гаргалаа. Хонгилын үзүүрт ассан тэр гэрэл олон далд нууцыг олж мэдэхэд бидэнд туслах юм. "Өрөөнд бүгчим муухай үнэртэй , дотор муухай оргин бөөлжис цутгаж байна. Алив, цонхоо онгойлгооч цэвэр агаар амьсгалья" .

Холбоотой сэдвүүд

ном вангийн нулимс

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.