Технологийн дэвшил шингэсэн электрон бараа бүтээгдэхүүний хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, амьдралыг илүү баяр баясгалантай болгож байгаагийн нөгөө талд тэр хэрэглээг дагасан хог хаягдлаа шийдэх асуудал тулгамдаж байна. 

НҮБ-аас танилцуулсан электрон хаягдлын талаарх 2021 оны судалгаагаар дэлхийн нэг иргэн дунджаар 7.6 кг электрон хаягдал үйлдвэрлэж байна гэж тооцжээ.

Үүнийг нийт хүн амд үржүүлбэл 57.4 сая тонн аюултай хог хаягдал бидний амьдралын хэв маягаас үүсэж байна гэсэн үг. Эдгээр хаягдалд эргээд уул уурхайн үйлдвэрлэлээр дамжин боловсруулж гаргаж ирдэг зэс, лити, үнэт металл зэрэг агуулагддаг. Гэвч нийт электрон хаягдлаас 17.4 хувийг нь л зохих журмын дагуу цуглуулж, цэвэрлэж, дахин боловсруулж байгаа гэсэн судалгааг НҮБ танилцуулсан. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн хог хаягдлыг зөв цуглуулж, дахин боловсруулж чадвал их хэмжээний эрдэс баялгийг хуримтлуулах боломжтой.

Харин 70% нь хортой бодис агуулагдаж байдаг энэ төрлийн хаягдлыг дахин боловсруулалгүй орхисноор 85 хувь нь хөрсөнд булагдаж, хөрс, агаар, усыг бохирдуулж байдаг байна.

Ганцхан ширхэг хуруу зай л гэхэд байгаль дээр 100 жил задрахгүйгээр орчноо бохирдуулдаг гээд бодохоор ямар их хэмжээний хортой хаягдлыг бид үүсгэж байгааг хэмжих аргагүй юм. Үүнийг багасгах гол арга нь хаягдлын талаарх ойлголт, боловсролыг иргэдэд олгож, хамгийн эхний шатанд электрон хаягдлаа ангилж хаядаг болох нь чухал юм. 

Тэгвэл Юнител групп ногоон байгаль, хүрээлэн буй орчныг хамгаалах зорилтынхоо хүрээнд энэ чиглэлд түүчээлэн ажиллаж, өөрийн ажилчдаас гадна ерөнхий боловсролын сургуулийн багш сурагчдад аюултай хог хаягдлыг таних, ангилан ялгах, өдөр тутмын хэрэглээгээ бууруулах талаар сургалт зохион байгуулсан байна. 

Хог хаягдлын менежментийн талаарх тус сургалтад Юнител группийн 160 гаруй ажилтан хамрагдсан бол ерөнхий боловсролын 16, 49, 102, 120, 142 дугаар сургуулийн ахлах, дунд ангийн 650 орчим сурагч болон багш ажилчид оролцжээ.

Сургалтын үр дүнд сурагчид хуучин батарей, гар утас зэрэг байгальд шингэдэггүй 59 кг цахим хог хаягдлыг цуглуулж, сургалтаар олж авсан мэдээллээ үеийнхэнтэйгээ хуваалцан, TikTok, Instagram бичлэгүүдийг сургуулийн орчиндоо бүтээж түгээсэн юм. Энэ нь сургалтад хамрагдаагүй ч бусад сурагчдад хог хаягдлын талаар мэдээлэл хүргэж, ойлголттой болгоход тодорхой хувь нэмрээ оруулав. 

Цаашид тус группийн нийт 1000 ажилтан хог хаягдлыг бууруулах сургалт мэдээлэлд хамрагдах бөгөөд оффис бүр хогоо ангилан ялгах тусгай хогийн савтай болж байгаа нь байгаль орчин, тогтвортой хөгжлийн хүрээнд нэг компаниас хийж болох маш чухал санаачилга юм.