Саруулын Ариунжаргал
06 сарын 06, 2018
Барууны хэвлэлүүдийн мэдээлж буйгаар алдарт хос гэр бүлээ цуцлуулах үйл явцаа түр зогсоожээ. Анжелина Жоли болон Брэд Питт хоёрын гэр бүлээ цуцлуулах үйл явц хоёр жилийн турш үргэлжилж байгаа. А.Жоли салах өргөдлөө 2016 оны 9 сард шүүхэд өгсөн ч үйл явц одоог хүртэл дуусаагүй байгаа юм. Шүтэн бишрэгчид хос хоёрыг битгий салаасай хэмээн мөрөөдөж байгаа энэ үед хэвлэлээр тэднийг удахгүй нийлнэ хэмээн шуугиад байна. Саяхан Америкийн Globe сэтгүүл Брэд Анжелина хоёрыг эргэн нийлсэн тухай мэдээллийг баттай эх сурвалжаас авсан тухай мэдэгдсэн. Одуудтай дотно харилцаатай байдаг эх сурвалжийн мэдээлснээр Питт гэртээ эргэн ирсэн ба хосууд салахаа больсон байна.
Гэсэн хэдий ч зарим хүмүүс энэ мэдээлэлд итгэхгүй байгаагаа мэдэгдсэн. Одуудын талаарх цуурхалыг үнэн эсэхийг шалгадаг Gossip Cop хэвлэлд “Брэд Лос-Анжелест, Анжелина Лондонд “Малефисент 2” киноны зураг авалттай байгаа, тэд хоёр өөр тив дээр байж яаж эргэн нийлсэн байх вэ?” хэмээн бичжээ.
Чухам үүнээс болж хосууд саяхан маргалдсан. Анжелина зураг авалтынхаа хугацаанд хүүхдүүдээ Англи руу авч явахыг хүссэн боловч чадаагүй. Учир нь гэр бүл цуцлах үйл явц дуусаагүй байгаа тул хүүхдүүдийг өөр улс руу авч явах эрхгүй юм байна. Иймд зургаан хүүхэд нь (16 настай Мэддокс, 14 настай Пакс, 13 настай Захария, 12 настай Шайло, 9 настай ихрүүд Нокс, Вивьен) нар зуны зусланд явцгаажээ. Жоли үүнээс болж маш их уурласан бол Питт зунжингаа хүүхдүүдтэйгээ саадгүй уулзах боломжтой болсондоо тун сэтгэл хангалуун байгаа аж.
Тэдний эргэн нийлсэн эсэхэд эргэлзэх бас нэг шалтгаан нь Брэд Питтийн шинэ найз бүсгүй юм. Тэрээр сүүлд Израиль гаралтай профессор Нери Оксманд дурласан бөгөөд хүүхдүүдтэйгээ танилцуулахаар шийдсэн хэмээн хэвлэлээр шуураад байсан. Нери бол Массачусетсийн технологийн их сургуулийн архитектурын профессор эмэгтэй. Брэд архитектурт тун сонирхолтой бөгөөд тэд шинэ төслийн ажил дээр анх танилцжээ. Тэдний роман удаан үргэлжлэхгүй л болов уу. Учир нь профессор Оксман карьераа хаяж, Лос-Анжелес руу нүүхгүй гэдгээ шулуухан хэлсэн аж.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.