Peak.mn
01 сарын 10, 2023
Энэхүү бичвэрээс та АНУ-ын их дээд сургууль, коллежийн элсэлтийн шалгалтын стандарт тестүүд болох SAT/ACT гэж юу болох, тэдгээрийн хоорондын ялгаа,шалгалтад 11-р ангийн сурагч хүүгээ хэрхэн бэлдэж байгаа хувийн туршлагыг олж мэдэх болно.
Аль шалгалтыг өгвөл форматын хувьд эвтэйхэн бөгөөд өндөр оноо авах боломжтой гэж үзнэ, тэр шалгалтаа сонгож өгч болдог
Америкийн их, дээд сургуулиуд SAT/ACT-н оноог яг ижил түвшинд хүлээж авдаг. Аль нэг шалгалт нь нөгөөгөөсөө давуу талтай эсвэл том сургуулиуд аль нэг шалгалтыг нь илүүд үздэг гэсэн ойлголт байхгүй.
Тиймээс хүүхдүүд аль шалгалтыг өгвөл форматын хувьд өөрт нь эвтэйхэн бөгөөд өндөр оноо авах боломжтой гэж үзнэ, тэр шалгалтаа сонгож өгч болдог.
Шалгалтын бүтэц:
1) SAT 400-1600 оноогоор дүгнэгдэнэ.
Reading 65 минут
Writing & Language 35 минут
Math (тооны машинтай) 55 минут
Math (тооны машингүй) 25 минут
2) ACT 1-36 оноогоор дүгнэгдэнэ.
English 45 минут
Math 60 минут
Reading 35 минут
Science 35 минут
ACT-ын шалгалт дээр Science хэсэг нэмэлтээр орж ирдэг. Энэ хэсэгт богино хэмжээний шинжлэх ухааны холбогдолтой текстүүд өгөгдөх ба хүснэгт, графикт хэрхэн анализ хийж, үүнээс үүдэн асуултад хэрхэн оновчтой хариулах чадварыг шалгадаг. Тиймээс шинжлэх ухааны гүнзгий мэдлэгтэй байх, мэргэжлийн нэр томьёо, тодорхойлолтуудыг цээжлэх ямар ч шаардлагагүй юм.
Шалгалтаас шалгалтын хооронд аль болох онооны хол зөрүү гаргахыг эрмэлз
Их сургууль, коллежууд элсэгчдэд SAT/ACT-ын хамгийн өндөр оноогоо илгээх боломжийг олгодог. Тиймээс шалгалтаас шалгалтын хооронд аль болох онооны хол зөрүү гаргахыг эрмэлзэх хэрэгтэй. Ховор тохиолдолд зарим нэг сургуулиуд онооны ерөнхий дунджийг шаарддаг. Энэ тохиолдолд хэрэв таны хүүхэд нийтдээ 4 удаа SAT өгсөн бол нийт авсан онооных нь дунджийг явуулна гэсэн үг. Гэхдээ энэ нь ховор тохиолдол тул хамгийн өндөр оноо явуулах ёстой гэдэг дээр анхаараарай.
Өнгөрсөн 2 жилийн хугацаанд цар тахалтай холбоотойгоор Америкийн сургуулиуд стандарт тестийн оноог албан ёсоор шаардаагүй. Үүнээс үүдээд эцэг эхчүүд SAT-н оноо цаашид хэрэггүй юм байна гэсэн нийтлэг ойлголттой болсон. Гэвч маш олон тооны чанаргүй элсэгчид бий болсон тул буцаад шалгалтын оноог албан ёсоор шаардаж эхэлсэн.
Тухайн сургууль шалгалтын оноо шаардаагүй байсан ч та хүүхдээ заавал шалгалтанд бэлдүүлж, SAT/ACT-ын оноотой байлгах нь зүйтэй. Учир нь шалгалтад өндөр оноо авснаар таны хүүхдэд давуу байдал бий болж, өрсөлдөх чадвар нь сайжирч, сайн сургуульд орох улмаар тэтгэлэг авах боломж нь тэр хэрээр нэмэгдэнэ.
Эдгээр шалгалтад өндөр оноо авахын тулд шалгалтын тактикийг маш сайн эзэмшсэн байх хэрэгтэй. Таны хүүхэд Америкад төрж өссөн, унаган хэлтэй, тоондоо үргэлж А авдаг байх нь өндөр оноо авахад огт нөлөөлөхгүй. Хамгийн гол нь богино хугацаанд маш хурдан сэтгэх чадвар эзэмших ёстой, үүний тулд удаан хугацааны турш биеэ, тархиа шалгалтын форматад тааруулан бэлтгэл хийнэ гэсэн үг.
Шалгалтад нийтдээ хэдэн удаа орж болохыг заасан хязгаарлалт байхгүй. Гэвч 5-аас олон удаа орохгүй байхыг зөвлөнө. Мөн хоёр шалгалтын хооронд онооны өсөлт харагдахааргүй, бэлтгэл тааруу бол шалгалт өгөх хэрэггүй. Эсрэгээрээ сул тал болох магадлалтай.
Олон удаа өгөх нь ч цаг хугацааны хувьд боломжгүй, бас тестийн төвүүд аль хэдийн суудалгүй болсон байдаг. Энэтхэг, Солонгос, Хятад сурагчид маш олноороо шалгалтад урьдчилаад бүртгүүлдэг. Хамгийн сүүлд харснаар 2023 оны 5-р сард бүртгэл нээлттэй байсан. Тиймээс аль болох хурдан бүртгүүлэх хэрэгтэй.
Хэрэв танай хүүхэд их сургуулийн early decision-д материалаа явуулж байгаа бол 10-р сараас өмнө, regular decision бол тухайн жилийн 12-р сараас өмнө амжиж SAT/ACT-шалгалтаа өгөх ёстой.
Дараагийн энэ хэсэгт би өөрийн хувийн туршлагаа хуваалцъя.
Эхний оролдлого бол шалгалттайгаа танилцах туршилтын шалгалт
Эцэг эх бүрт хүүхдүүдээ шалгалтанд бэлдүүлэх өөр өөрсдийн хувийн төлөвлөгөө байгаа. Түүний нэгэн адил хүү бид хоёр өнгөрсөн жилийн 9-р сараас эхлэн тасралтгүй SAT-н шалгалтандаа бэлдэж байна.
Манай хүү бол бусдаас гоц гойд ухаантай, гоц авъяастай хүүхэд огт биш. Бусад хүүхдүүдийн адил сурлага сайтай, мэриймтгийдүү тийм л хүүхэд. Би хүүгээ хэтрүүлэн үнэлдэггүй. Манай хүүхэд шиг GPA нь 4.0-той хүүхэд хэдэн саяараа байгаа. Тиймээс голч дүн бол бидний давуу тал огт биш гэдгийг бид мэднэ.
Харин шалгалтанд өндөр оноо авч, боломжоо өсгөх бололцоо бий. Үүний тулд хүү маань нийтдээ 4 удаа шалгалт өгөхөөр бүртгүүлсэн.
Хамгийн эхний шалгалтаа өнгөрсөн оны 10-р сард өгсөн. Энэ оролдлого бол шалгалттайгаа танилцах, ерөнхий ойлголт авах, айдсаа дарах, сандралаа удирдах зорилготой байсан.
Яагаад гэвэл зарим хүүхдүүд шалгалтын үеэр мэдэхгүй орчин, танихгүй олон хүүхдийн дунд ороод биеэ бариад, паникт орчихдог. Тиймээс би оноонд огт ач холбогдол өгөөгүй. Энэ бол туршилтын шалгалт байсан.
Харин 2 дахь шалгалтыг яг 1 сарын дараа өгсөн. Тэр үед хүү маань өмнөхөөсөө илүү өөртөө итгэлтэй, айдасгүй болсон байсан. Мөн нийт оноо нь 200 оноогоор дээшилсэн бөгөөд математикийн хэсэг дээр 800 онооноос 760 оноо авсан буюу 2 бодлого алдсан байсан. Үүний дараа хүүд маань хичээвэл болох юм байна гэсэн итгэл төрж эхэлсэн. Гэхдээ англи хэл дээрээ хүлээлтээс давсан оноо аваагүй.
Ингээд би 11-р сард өгсөн 2 дахь шалгалтын оноог нь суурь оноо (base score) болгоод нэг хэсэгтээ шалгалт өгүүлэхгүй зогсоож, тодорхой хугацаа өнгөрөхийг хүлээж байгаа.
Хамгийн гол нь тасралтгүй хичээллэсээр үр дүнд хүрнэ
Дээр дурдсанчлан хүү маань зүгээр л дундаж сурагч, хүү шиг маань хэдэн арван сая хүүхэд байгаа. Тиймээс сайн сургуульд орохын тулд элсэлтийн шалгалтын комисст “хичээсэн” гэдгээ л харуулах ёстой. Үүнийг англиар “overtime improvement” гэж хэлдэг. Анх тааруухан байсан байж болно, харин явцдаа сайжирсан, оноо нь улам өссөн гэдгийг батлан үзүүлэх нь гол зорилго.
Хүүгийн маань дараагийн шалгалтын хуваарь 2023 оны 5-р сард байгаа. Энэ нь гурав дахь шалгалт нь болно. Хэрэв бид 2 дахь шалгалт 3 дахь шалгалтуудын хооронд онооны хол зөрүү үзүүлж чадвал даалгавраа сайн биелүүлсэн гэсэн үг.
Одоо хамгийн гол чухал нь хавар болтол нэг ч тасалдалгүй SAT/ACT-дээ бэлдсээр л байх ёстой.
Хичээлийн ачаалал, даалгавар ихтэй энэ үед илүү цаг гаргаж, шалгалтанд бэлдэх маш бэрхшээлтэй, гэсэн ч бид Бямба гараг бүр группээр хичээллээд бага багаар ахиц гаргаад л байгаа. Манай хүүгээс илүү тоон дээрээ ганцхан алдаад 800-гаас 780 авсан найз нь бас бий. Хамгийн гол нь тасралтгүй хичээллэсээр тийм үр дүнд хүрсэн.
Хүүдээ би тууштай байдал л хамгийн чухал, дундаас нь шантарч, хаяж завсардаж огт болохгүй. Тууштай байж чадвал л үр дүн гарч, бид зорьсондоо хүрнэ гэж байнга хэлж байгаа. Хүүгээ тууштай байлгах нь ээж миний үүрэг. Харин хийх нь хүүгийн үүрэг.
Эцэст нь эцэг эхчүүд ээ, цаг нь эрт байна гэж битгий алгуурлаарай, хүүхдэдээ бүх зүйлийг нь өөрт нь даатгалгүй, хамтдаа хичээгээд тусалж дэмжээрэй гэж хэлье.
Үлдсэн энэ хэдхэн сар амьдралынх нь маш чухал үе шүү.
Эх сурвалж: Beverly Hills High School, College Guide
Princeton review 2022.
Нийтэлсэн Н.Болортуяа
боловсрол ихсургууль олон улс сургууль хүүхэдхүмүүжил эцэг эх олон улсын сургууль
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.