АНУ-ын инфляц 5 дугаар сард шинжээчдийн хүлээлтийг давж 8.6% буюу 1981 оноос хойшхи дээд түвшиндээ хүрчээ.

Инфляцыг хүнс, хий, түлш шатахууны үнийн өсөлт голлон бүрдүүлсэн байна. Тухайлбал хүнсний үнэ 10%, шатахууны үнэ жилийн дүнгээр 106%, орон сууцны зардал болон түрээсийн үнэ 31 жилийн дээд хурдаар өсжээ. АНУ-д нэг галлон бензин $5.10 буюу 1 литр тутамдаа үнэ дунджаар $1.3 даваад байгаа юм.

CNBC агентлагийн мэдээлснээр инфляц ийнхүү өндөр байгаа нь үнийн өсөлт оргил үедээ хүрээд буурах найдварыг үгүй хийж, эдийн засгийн уналт ойрхон байгаа гэх болгоомжлолыг нэмэгдүүлээд буй аж.

Үнийн өсөлтөд хариу үйлдэл үзүүлж Холбооны нөөцийн сан мөнгөний бодлогоо чангаруулж байгаа. 

Оны эхний улиралд 0-0.25% байсан бодлогын хүүгээ хоёр удаагийн шийдвэрээр 0.75-1% хүргэж чангаруулсан. Цаашид зах зээл 2023 он хүртэл бодлогын хүүг үргэлжлүүлэн чангаруулж 2.75-3% хүргэнэ гэх хүлээлттэй байна.

АНУ-д инфляцын гол шалтгааныг ковидоос үүдсэн нийлүүлэлтийн саатал, ОХУ-ын Украинд халдсанаас үүдсэн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй байдалтай холбоотой гэж тайлбарлаж байгаа юм.

Тус улсын Ерөнхийлөгч Жо Байден инфляцыг “гол дайсан” хэмээн зарлаж, нийлүүлэлтийн асуудлуудыг шийдэх, төсвийн алдагдлыг бууруулах хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ гэж амлаад байна.