Холбооны засгийн газар хоёр аж ахуйн нэгжид тахианы махан бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд худалдах зөвшөөрөл олгосноор АНУ-д лабораторид ургуулсан махыг анх удаа борлуулах боломжтой болжээ. 

АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар /FDA/-аас өнгөрсөн оны 11 дүгээр сард “Upside Foods”, “Good Meat”-ын лабораторид ургуулсан махыг идэхэд аюулгүй гэсэн дүгнэлт хийсэн байна.  

Тус улсын Хөдөө аж ахуйн яамнаас өнгөрсөн Лхагва гараг (2023.06.22)-т дээрх хоёр аж ахуйн нэгжид лабораторид ургуулсан мах худалдаалах зөвшөөрөл өгчээ. 

Амьтны уураг агуулагддаг энэхүү махыг бүтээхдээ амьд амьтны эсийг цуглуулж, эсийн банк бий болгодог. Улмаар эсүүдийг ган саванд ургуулж, амьтдын хэрэглэдэгтэй адил шим тэжээлээр тэжээдэг. Дараа нь филе, наггет зэрэг уламжлалт махан котлетны хэлбэрт оруулдаг байна. 

Хэдийгээр АНУ-д лабораторид ургуулсан мах худалдаалахыг зөвшөөрсөн ч үйлдвэрлэлийн өртөг өндөр тул дундаж америкчуудын хэрэглээнд ганцхан шөнийн дотор нэвтэрнэ гэсэн үг биш. Гэвч өндөр зэрэглэлийн зоогийн газрууд уг махыг хэрэглэх гэрээ байгуулжээ.

“Upside” компанийн мэдээлснээр, эхний захиалгыг гурван Мишелин одот тогооч Доминик Кренний, Сан-Франциско хот дахь “Bar Crenn” зоогийн газар өгсөн бол “Good Meat”-ийн эхний багцыг алдарт тогооч Хосе Андрес худалдан авах юм байна. 

"Upside Foods” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ума Валети Хөдөө аж ахуйн яам зөвшөөрөл олгосон явдлыг “Мөрөөдөл биелж, шинэ эрин үеийн эхлэлийг тавьж байна” гэж мэдэгджээ. 

Тэрбээр “Энэхүү зөвшөөрөл нь бидний ширээн дээр тавигдах махыг үндсээр нь өөрчилнө. Энэ бол илүү тогтвортой ирээдүй рүү чиглэсэн агуу алхам юм” гэж цохон тэмдэглэсэн байна.

Шинэ мах хүмүүсийн бодож байгаа шиг байгальд таатай нөлөөтэй биш байж магадгүйг Калифорнийн их сургуулийн судалгаа харуулжээ. Өнгөрсөн сард танилцуулсан судалгааг салбарын мэргэжилтнүүд хараахан хянан нягтлаагүй байгаа аж.

Судалгаанд дурдсанаар, лабораторид ургуулсан мах үйлдвэрлэх бүх үе шатанд зарцуулагдах эрчим хүч, ялгарах хүлэмжийн хийн хэмжээ уламжлалт махнаас, ялангуяа үхрийн махнаас илүү их байх магадлалтай юм байна.

Сингапурын эрх баригчид 2020 онд анх удаа “Just Eat” компанид хиймэл мах үйлдвэрлэх зөвшөөрөл олгож байжээ.