АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргаа палестинчуудад үзүүлдэг эдийн засгийн тусламжаас 200 гаруй сая долларыг хасна гэж мэдэгдлээ.

АНУ-ын Төрийн департамент өчигдөр мэдэгдэл хийжээ. Энэхүү санхүүжилт нь анхнаасаа “West Bank” буюу Иордан голын баруун эргийн ойролцоох газар нутаг болон Газын зурвас дахь тусламжийн төслүүдэд зориулагдсан ажээ.

Уг тусламжийг АНУ-ын үндэсний ашиг сонирхлын дагуу зарцуулж, татвар төлөгчдөд үр өгөөжөө өгч байгаа эсэхийг баталгаажуулахын тулд санхүүжилтийн зарцуулалтад хяналт шалгалт хийсэн гэж Төрийн департаментын албан хаагч мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр, хяналт шалгалтын дүнг харгалзан үзэж, уг санхүүжилтийг тэргүүлэх ач холбогдол бүхий төслүүд рүү чиглүүл гэсэн үүргийг Д.Трамп өгсөн гэж мэдэгджээ.

Өмнө нь буюу өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-ын Засгийн газар, НҮБ-ын Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн газарт өгөх санхүүжилтийнхээ талаас илүү хувийг хасаж буйгаа мэдэгдсэн билээ.

Үүнтэй холбогдуулан тус газрын ерөнхий комиссар Пьер Крэхенбюль мэдэгдэл хийхдээ “АНУ санхүүжилтээ танаснаар Палестины дүрвэгсдэд боловсрол болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх ажил гацаанд орлоо” гэж мэдэгдэж байсан юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг