Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхэлж, төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонссон юм.

Асуулт асууж тодруулсан гишүүдийн ихэнх нь улс орон, ард нийтийн эрх ашгийн үүднээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар эцэслэн шийдвэрлэх байр суурьтай байгаагаа хэлж байв.

Энэ талаар Байнгын хорооны дарга С.Бямбацогт:

"Сүүлийн 20-иод жил Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал яригдаж ирсэн, гишүүдэд ч тодорхой үүрэг даалгавар өгөгдөж байсан байдаг. Энэ хүрээнд яригдаж байсан асуудлуудыг багцалж Улсын Их Хурлын 62 гишүүн төсөл өргөн мэдүүлсэн. Дараа нь Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд төсөл, саналаа өргөн мэдүүлсэн, АН-ын зөвлөлөөс ч тодорхой асуудлыг санал болгож тавьсан. Энэ үндсэн дээр зөвшилцөл явагдаж, харилцан ойлголцолд хүрсэн заалтуудыг Байнгын хороо хэлэлцэж дэмжсэн. Одоо эдгээр заалтыг дэмжээд явбал харьцангуй боломжийн түвшинд томьёологдсон зохицуулалт болно Харин Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар батлах эсэхийг хуулийн дагуу хоёр дахь хэлэлцүүлгийн дараа шийдвэрлэнэ" гэдгийг тэрбээр тодотгосон юм.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлийн17.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал төслийг энэ хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар хэлэлцээд тухайн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар оруулах нь зүйтэй гэж Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар тогтвол Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16 дахь заалт, Жаран наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоол гаргана” гэж заажээ. Мөн зүйлийн 17.2 дахь хэсэгт “Ард нийтийн санал асуулгад оруулах төслийг Үндсэн хууль, энэ хуульд заасан бүхий л зарчим, шаардлага, журмыг баримтлан боловсруулж чуулганы нэг, хоёр дахь хэлэлцүүлгээр хянан хэлэлцэнэ”, 17.3 дахь хэсэгт “Хоёр дахь хэлэлцүүлгээр зүйл, хэсэг, заалт бүрээр санал хурааж шийдвэрлэсэн төслийг ард нийтийн санал асуулгад оруулах эх болгон баталж уг эхээр ард нийтийн санал асуулга явуулах тухай Улсын Их Хурлын тогтоол гаргана” гэж тус тус заасан байна.

Гишүүдийн зарим асуултад Улсын Их Хурлын гишүүн, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, Улсын Их Хурлын 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын дэд хэсгийн ахлагч, Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав,Улсын Их Хурлын гишүүн, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, профессор О.Мөнхсайхан нар нэмэлт хариулт, тайлбар өгсөн юм.