Сар хүрэхгүй хугацааны өмнө 2019 оны НӨАТ-ын буцаан олголтоо авсан та бид тун удахгүй 2020 оны эхний улирлын буцаан олголтыг авах нь ээ. Улирлаар олгохоор үнийн дүн өндөр биш боловч хэрэглээгээ улирлаар нь дүгнэх, юунд дэмий мөнгө үрдэгээ нягтлах гээд олон давуу талтайг анзаарч харж байлаа. Зарим иргэд мэдээлэл муутай байгаа бололтой. Нийгмийн сүлжээнд улирлаар авдаг болчихож, баримтаа бүртгүүлээрэй гэж олзуурхангуй бичжээ.

Өмнө нь НӨАТ-ыг буцаан олголтыг хуулиараа жилд 1 удаа олгодог байсан билээ.  Хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг улирал тутам олгож байхаар зохицуулсан.

Ингэснээр иргэд өөрсдийн хэрэглэсэн бараа бараа бүтээгдэхүүний НӨАТ-ын буцаан олголтоо жилийн эцэст биш улирал бүр авах боломж бүрдэж буй. Энэ жилийн анхны буцаан олголтыг иргэд авахын тулд эхний улирлын бүх баримтаа 4 дүгээр сарын 8-наас өмнө и баримт апп буюу цахим татварын системдээ бүртгүүлсэн байх ёстойг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар анхааруулж байсан. Нэгэнт баримтаа бүртгүүлсэн бол тухайн улирал дуусаад 45 орчим хоногийн дотор урамшууллыг шилжүүлэх журамтай аж.

Гэхдээ энэхүү сэдвийг тойрон иргэдэд бухимдал үүсгэдэг асуудал бий. Энэ бол ААН илгээгүй төлөв юм. "Хямдралын бараа шүү дээ баримт гарахгүй", "Манай сүлжээ тасарчихлаа, мессэжээр баримт илгээе" гэдэг үг танил санагдаж байна уу. Ийм шалтгаанаар баримт өгдөггүй аль эсвэл баримтуудаа бүртгүүлэхээр заавал ААН илгээгүй гэсэн бичигтэй нүүр тулдаг шүү дээ. 

Овоолсон баримт дундаас ёс мэт заавал гарч ирдэг энэ үгэнд бухимдахаас ч аргагүй, тухайн иргэн НӨАТ-аа авч чадахгүй хохирч байгаа учраас.  Гэхдээ аль болох л үйлчлүүлэгч нарт баримт өгөхөөс цааргалдаг ААН-үүдийн энэхүү хандлага татварын системд цэвэр агаар оруулсан и баримтын ачаар эрс өөрчлөгдсөн нь олзуурхууштай.  2018 оны нэгдүгээр улиралд гэхэд 79 сая и баримт хэвлэгдсэн гэсэн тооцоо үүнийг батална.  Өнгөрсөн оны мөн үед 112 сая гаруй баримт хэвлэгдсэн байна. Энэ жилийн эхний улирлын тооцоогоор 119 сая 939 мянган баримт хэвлэгджээ. Иргэд ч НӨАТ-ын баримт авах болсноор бараа, бүтээгдэхүүний өртөг дээр 10 хувийн татвар нэмж төлөөд байгаа хэрэг биш, бүтээгдэхүүний үнэд шингэсэн, урьд нь төлж байсан татварыг ил болгосон гэдгийг ойлгодог болжээ.

Харин асуудал гаргадаг ААН илгээгүй гэсэн төлвийн шалтгаан нь тухайн бизнес эрхлэгч борлуулалтын мэдээллээ татварын системд илгээгээгүй эсвэл иргэн сугалааны дугаараа шивж оруулахдаа буруу оруулах, кассын машины стандартыг мөрдөөгүйгээс ААН илгээгээгүй төлөвт шилждэг байна. Энэ тохиолдолд зарим нь яахаа ч мэдэхгүй, хайран баримт гээд л хаячихдаг шүү дээ. Уг нь утсаар ярих, имэйл болон өргөдөл бичих, 1800-1288 руу залгах гээд олон арга бий. Гэхдээ асуудалтай баримт болгоны араас чаргууцалдах цаг зав бидэнд даанч хомс. 

Хоёр жилийн Татварын Ерөнхий Газар-т НӨАТ-ын ААН илгээгүй төлвийн талаарх гомдол 1569 ирсэн бол өнгөрсөн жил 400-аар буурчээ. Гомдол буурсан гэдэг нь тооны хувьд асуудалгүй харагдах ч үнэндээ шийдлээ олоогүй байсан хэрэг. И баримт апп ашиглан гар утаснаасаа гомдол мэдүүлдэг цэсийг нэмж хөгжүүлсэнээс хойш 2020 оны зөвхөн нэгдүгээр улирлын байдлаар хэд дахин нэмэгдэж 8785 гомдол иржээ. Бараг 90 орчим хувь нь и баримт апп ашиглан гомдлоо илгээсэн байна. 

Заавал биеэр очиж, баримтаа шалгуулдаг эсвэл утсаар бухимдаж ярьдаг хүнд суртал ийнхүү ард үлджээ. Магадгүй та ч бас энэ цэсийг мэддэггүй бол ашиглаад үзээрэй. И баримт апп-аараа ороод л болдоггүй ААН-үүдийг “ховлочих” юм билээ шүү. Хэрвээ үйлчилгээний газар танд сугалааны дугаартай и баримт өгөхгүй бол таны татвар улсын биш, тухайн байгууллагын орлого болно гэсэн үг. Тэгэхээр энэ талаарх мэдээлэл өгөх нь хов хүргэж байгаа хэрэг бус улсын төсвийн татварын орлогыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа хэрэг.

Сонирхуулахад иргэд ААН илгээгүй төлвөөс гадна төлбөрийн баримт олгоогүй, хямдарсан бараанд баримт олгоогүй, сүлжээ тасарсан, кассын машин эвдэрсэн зэрэг гомдол зонхилдог ажээ.


ГРАФИК /гааль татвар санхүүгийн мэдээллийн технологийн төвийн вэб сайтын мэдээлэл/

2018 он


 

2020 оны эхний улирал


Энэ жилийн хувьд шинээр ААН буцаасан төлөв нэмэгдсэнийг та анзаарсан уу. Зарим дэлгүүр, үйлчилгээний газар и баримтаа хэвлэж өгдөг ч иргэнийг явангуут баримтаа буцаачихдаг  тохиолдол цөөнгүй гардаг байжээ. Ийм баримтыг иргэн бүртгүүлэхээр “идэвхгүй буюу ААН илгээгээгүй баримт” гэсэн төлөвтэй харагддаг байсныг ийнхүү ангилж, энэхүү и баримт апп-ын “ААН буцаасан төлөв”-өөр дамжуулан мэдээлдэг болжээ.

2018 оны эхний улиралд 647 мянга гаруй баримт ААН илгээгүй төлөвтэй гарч байсан бол системийн шинэчлэлтийн хүрээнд 2019 онд 133 мянга, 2020 оны эхний улирал 87 мянга болж буурсан байна. Өнгөрсөн хугацаанд хэвлэгдсэн баримтын тоо болон баталгаажуулалтын хувь ч нэмэгдсэн байна. Харин баримтаа илгээчихээд цуцалдаг 9010 гомдол хүлээн авч шийдвэрлэжээ. 


Эцэст нь хэлэхэд иргэн та худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнийхээ татварын буцаалтыг бүрэн авч хууль ёсны эрх ашгаа хамгаалахын тулд төлбөрийн баримтаа заавал авч хэвшээрэй. Эдийн засагт хувь нэмрээ оруулна гэдэг том бизнесмэн, хөрөнгө оруулагч байхыг хэлдэггүй. Харин эдийн засгийн гүн гүнзгий мэдлэггүй боловч ухамсартай хүмүүс эдийн засгийг бүтээж байдаг.