Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр “Автомашингүй өдөр”-ийг тохиолдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Зураг төслийн хүрээлэн зэрэг холбогдох албаныхантай хамт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр явж, нөхцөл байдалтай танилцан,  иргэдийн санал, хүсэлтийг сонслоо.  

Энэ үеэр иргэд “Автомашингүй өдөр”-ийн ач холбогдлыг өндрөөр үнэлж, урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан ядаж сардаа нэг удаа ийм арга хэмжээ зохион байгуулдаг байх саналаа хотын Захирагчид уламжилж байв.

“Автомашингүй өдрөөр иргэд гэр бүлээрээ, хамт олноороо марафонд гүйж, гудамж талбайгаар чөлөөтэй алхаж, хүүхдүүд эрх дураараа тоглон гүйлдэж байгааг харахад баяртай байна. Улаанбаатарчууд  нэг өдрийг ч гэсэн түгжрэлгүй, бухимдалгүй өнгөрүүлж байна. Энэ өдөр гудамжаар явж иргэдийнхээ санал бодлыг сонсож уулзлаа. Цаашид “Автомашингүй өдөр”-ийг зөвхөн жилд нэг удаа биш зуны улиралд сар бүр зохион байгуулдаг болгох асуудлыг судалж үзээд,  шийдвэрлэх болно” хэмээн хотын Захирагч хэллээ.