Монголчууд сая жуулчин хүлээн авдаг болно гэж сүүлийн хэдэн жил дараалан ярьж байна. Аяллын бүтээгдэхүүн нь, боломж нөхцөл нь бага багаар бүрдэж, жуулчны компаниуд, зочид буудлын стандартадаа анхаарсаар байгаа ч төдийлэн үр дүнд хүрч чадсангүй. Буруугаа харин төр нь хувийн хэвшлээс, ААН-үүд нь төр рүүгээ түлхдэг нь нууц биш.Ерөнхийдөө жуулчид Монголын нүүдлийн соёл, онгон байгалийг л хамгийн их сонирхож ирдэг. Гэтэл сая жуулчдыг хүлээж авахдаа өөрсдийн соёл, давуу тал, давтагдашгүй байдлаа хадгалж үлдэх бодлого бидэнд дутаж байгаа нь үнэн.

Монголын аялал жуулчал хөгжихгүй байгаагийн шалтгааныг дурьдвал олон зүйл бий. Түүний нэг нь тогтсон арга хэмжээнүүд билээ. Эвент гэж сүртэй зарладаг, үзэхээр жилийн өмнөөс төлөвлөн ирсэн жуулчдаа уйдаадаг, цөөн хэдхэн ядмагхан үзүүлбэртэй арга хэмжээнүүдийг цэгцлэх цаг болсон гэдгийг салбарынхан энэ өдөр онцлон хэлж байна. Өнөөдөр уг асуудлаар аялал жуулчлалын салбарын төр хувийн хэвшил гэлтгүй халуун ам бүлээрээ буюу БОАЖЯ, Нийслэлийн аялал жуулчлалын газар, жуулчны компаниуд, 21 аймгийн байгаль орчны газрын төлөөлөл хүрэлцэн ирж зөвлөлдөв.

Салбарынхан энэ үеэр аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд заавал арга хэмжээнүүдийг тогтсон хугацаатай болгох, үүнээс гадна тогтмолжуулж, чанаржуулахыг зорьж байгаа аж. Ингэж ирэх оны бүх арга хэмжээ тодорхой болчихвол жуулчдад зориулсан апплекэйшн бүтээхээр төлөвлөж буй. Гар утсанд суурилсан ухаалаг уг аялал жуулчлалын дижитал технологийг нэвтрүүлэх нь дэлхий нийтийн хандлага болчихоод байгааг ч энэ үеэр хүрэлцэн ирсэн төлөөлөгчид дурьдсан юм.

Энэ үеэр зочдын олонтаа дурьдсан асуудал бол эвент, арга хэмжээг цогц хэлбэрээр хийх, наадмын нээлтийг нэг биш хоёр өдөр хийж болох талаарх яриа байв.

Тухайлбал Mongolian Guide Tour” ХХК-ийн захирал Ч.Буянбадрах “Дээлтэй Монгол, Даншиг наадам, “UB Food Festival” гээд маш олон арга хэмжээ байна. Уг нь арга хэмжээ нь жуулчдыг дэндүү уйдаасан хөтөлбөртэй болдог нь нууц биш. Энэ арга хэмжээнүүдийг нэгтгэж илүү баялаг сонирхолтой хөтөлбөртэйгээр хиймээр байна” гэв. Мөн наадам ирэх гэж үзсэн жуулчдад тасалбар олддоггүй, нээлтийг яагаад маргааш нь дахиад хийж болдоггүй талаар салбарын сайдаас асуулаа. Тэрбээр энэ жил аялал жуулчлалын салбарт түүхэндээ анх удаа 5 тэрбум төгрөг, наадмын нээлтийг 12-ны өдөр дахин хийхэд 420 сая төгрөг төсөвлөж байгааг дуулгасан юм. 5 тэрбум төгрөгийн тухайд энэ салбарт ажиллаж байгаа боловсон хүчнээ чадваржуулах, сургалт зохион байгуулахад нэлээдийг нь зарцуулах талаар дурьдав.

Бас нэг орхиж болохгүй нэг асуудал бол монголын аялал жуулчлалыг дэлхийд танилцуулах сурталчилгааны бүтээгдэхүүн юм. Өдий болтол компаниуд өөрсдийн аяллаа, аймгууд арга хэмжээгээ сурталчилж тус бүртээ жижиг студид хийлгэсээр өдийг хүрсэн ч олигтой үр дүнд хүрч чадахгүй өдийг хүрлээ, нэгдсэн хэлбэрээр монгол улсын нэрийн хуудас болсон сурталчилгаагүй өдийг хүрчээ. Яагаад ингэж олон улсад хандсан сурталчилгаа хэрэгтэй гэж дахин асууж шалаад байгаа шалтгааныг аймгийн засаг дарга нар тус бүртээ тайлбарласан. Тухайлбал жирийн нэгэн бүргэдчин охин Айшолпаны тухай баримтат кино хийгдэж Оскарт нэр дэвшсэний дараа Баян-Өлгий рүү чиглэсэн жуулчдын тоо эрс нэмэгдсэн байна. Өчигдөрхөн өндөрлөсөн “Бүргэдийн баяр”-ыг үзэхээр очсон жуулчид гэхэд өмнөх жилээс хэд дахин нэмэгджээ. Үүнээс болж жуулчид буух буудалгүй болж Өлгийн иргэд гэрээ суллаж түрээслэсэн талаар ч ярьсан юм.

Ерөөсөө жил ирэх тусам дэлхий дахинд онлайн сурталчилгааны эзлэх хувь өсөж байна. Тиймдээ ч аялал жуулчлалын өрсөлдөөнд байх улс орнууд цахим стратегиа хэрэгжүүлж контент үйлдвэрлэж анхаарал хандуулсаар иржээ. Кино гэхэд аялагчдад мэдээлэл хүргэхээс гадна, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болдгийг Шинэ Зеландад “Бөгжний эзэн”, “Hobbit”, Хятадад “Аватар” зэрэг жишээнээс харж болно. Энэ талаар оролцогчид анхаарал хандуулахыг яамныханд ч дуулгаснаар уг арга хэмжээ өндөрлөсөн юм. 

Юутай ч монголчууд энэ жилээс аялал жуулчлалын бүтээгдэхүүн болсон эвентүүдээ тогтмолжуулах нь ээ. Салбарын өмнө тулгамдаад байгаа зовлон жаргалаа ч ярив. Харин одоо салбартаа түүхэнд байгаагүй том төсөв батлуулж чадсан залуу сайдыг олон улсад Монголын нэрийн хуудас болсон сурталчилгаанд мөнгө хаях эсэхийг харж суух л үлдлээ.