Жүдо бөхийн Ази, Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Фужирах хотод үргэлжилж байна. Энэ сарын 20-нд эхэлсэн тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн эрэгтэй 9, эмэгтэй 8 тамирчин оролцож, 13 жинд өрсөлдөж буй юм.

Тэмцээний эхний өдөр манай улсын тамирчид нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн бол дараагийн өдөр хоёр алт, нэг мөнгөн медалийн эзэд болцгоов.

Тодруулбал, Эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд Б.Ганхайч мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд Ц.Цогтбаатар БНСУ-ын тамирчин Ан Чан Римыг цэвэр ялж Ази, Номхон далайн бүсийн аварга боллоо. 81 кг-ын жинд О.Ууганбаатар Узбекстаны тамирчин Ш.Болтабоевыг ялж,  Л.Отгонбаатар финалд БНСУ-ын бөх Вон Жон Хүнтэй барилдан ялсанаар тус тус аваргын алтан медалийн эзэн болсон юм.

Ийнхүү манай улсын тамирчид олон улсын жүдогийн дэвжээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлж байна. Залуу тамирчдын амжилтын буухиа үргэлжилж буйг Д.Дамдинцэрэн даргатай ШШГЕГ болон А.Давааням даргатай "Сүлд" биеийн тамир спортын хороотой холбон тайлбарлах жүдогийн хорхойтнууд ч цөөнгүй байна. Дээрх газрууд сүүлийн жилүүдэд жүдочдийн бэлтгэл, сургуулилтад нэлээд анхаарч, дэмжлэг туслалцаа үзүүлж буй аж.