Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын 9 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан энэ сарын 12-ныг хүртэл хойшлогдоод буй. 

Тус хаалттай шүүх хуралдаанд Түр хорооны дарга Ж.Батзандан, гишүүд болох Л.Болд, Ц.Нямдорж, Х.Нямбаатар, А.Сүхбат, Я.Санжмятав, Ө.Энхтүвшин нарыг ажиглагчаар оруулах хүсэлтийг Ж.Батзандан нар өчигдөр Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.

Б.Хурц нарт холбогдох шүүх хуралдаан өнгөрсөн 07 дугаар сарын 23-ны 10.00 цагт эхэлсэн ч Ц.Амгаланбаатарыг гэрчээр оролцуулах шаардлагатай гэж үзэн тус өдрийн 14.00 цаг хүртэл хойшлуулсан. Улмаар Ц.Амгаланбаатарыг авчирч шүүх хуралдаан эхэлсэн ч шүүгдэгч 9 хүний нэгийнх нь өмгөөлөгч шүүгч нарын бүрэлдэхүүнээс татгалзсан учир шүүх хуралдааныг энэ сарын 12-ны 09.00 цаг хүртэл хойшлуулсан. 

Ж.Батзандан нарын Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн хүсэлт бүхий албан бичигт:

УИХ-ын 32 дугаар тогтоолоор С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлтийг боловсруулах үүрэг бүхий Түр хороо байгуулсан. Б.Хурц нарын 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд зайлшгүй суух шаардлагатай гэж Түр хорооны гишүүд үзэж байна. ...Иймд дээрх гишүүдийг хаалттай хуралдаанд ажиглагчаар оролцох боломжоор хангаж өгөхийг хүсье" гэжээ.

Тус албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Сануулахад, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт  шалгагдаж буй ТЕГ-ын дарга асан генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын мөрдөгч О.Бархасбадь, Ч.Мөнхгал,  С.Баяр, Ч.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарын есөн хүний хэрэг шүүхэд шилжсэн юм.