Б.Баясгалан
07 сарын 23, 2019
С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт яллагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт шалгагдаж буй Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Төв аймгийн шүүхэд эхэлсэн ч хойшлогдлоо. Учир нь Ц.Амгаланбаатарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах санал гаргасныг шүүгч хүлээн авч, шүүх хуралдааныг өнөөдрийн 14.00 цаг хүртэл хойшлуулав. Тодруулбол, 14.00 цагаас эхлэх шүүх хуралдаанд Ц.Амгаланбаатар гэрчээр оролцуулахаар боллоо.
Шүүхийн байрнаас гарах үед нь Тагнуулын ерөнхий газрын дарга асан, генерал Б.Хурцаас Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүх тушаал өгсөн нь үнэн эсэхийг лавлахад "Тийм зүйл байхгүй, шүүх хурал дуусаагүй учир өөр мэдээлэл өгөх боломжгүй" хэмээн машиндаа суулаа.
Төв аймгийн Шүүхийн байрны гадна Б.Хурц нарт холбогдох шүүх хурлыг шударга явуулж, хуулийн дагуу шийтгэл оноохыг шаардсан иргэд жагсаж байна.
Сануулахад, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт шалгагдаж буй ТЕГ-ын дарга асан генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын мөрдөгч О.Бархасбадь, Ч.Мөнхгал, С.Баяр, Ч.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарын есөн хүний хэрэг шүүхэд шилжсэн юм.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.