Багш нар сайдтай зөвшилцөж, ажил хаяхаа хойшлуулав

Б.Баясгалан
08 сарын 31, 2018

Засгийн газраас эмч, багш нар болон төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Гэвч ерөнхий боловсролын салбарын Үйлдвэрчний эвлэлээс цалингийн нэмэгдлийг бага байна хэмээн үзэж ирэх сарын 3-наас ажил хаяхаа мэдэгдээд буй юм.

Тэгвэл тус эвлэлийнхэн өнөөдөр Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир нартай уулзаж, зөвшилцлийн ширээнд суужээ.

Багш нарын үйлдвэрчний байгууллагаас дөрвөн шаардлага тавьж байгаа бөгөөд урамшуулал хэлбэрээр 56,3 тэрбум төгрөг олгох, төсөвт тодотгол хийж ирэх сарын 1-нээс цалинг 15 хувиар нэм, эцэст нь 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 50 хувь болгон нэмэгдүүл гэсэн тулган шаардалт тавьсан байна.

Энэ асуудлаар салбарын сайд Ц.Цогзолмаа тодорхой хариулт өгсөн бөгөөд зөвшилцөл амжилттай болж, ирэх сарын 3-наас ажил хаях асуудлыг түр хойшлуулах, зөвшилцлөө үргэлжлүүлэн, асуудлыг ээлж дараатай авч үзэхээр болов.

Тодруулбал, салбар хариуцсан сайд “Мөнгөн урамшуулал болгон олгох 300 мянган төгрөг төсөвт сууж, ирэх сарын 1-нээс сургуулиудын цалингийн дансанд орно. Засгийн газраас та бүхний тавьсан асуудлыг шийдээд, нэг удаагийн урамшуулал биш харин үндсэн цалин дээр нэмэгдэл хэлбэрээр олгохоор шийдвэрлэсэн. Есдүгээр сарын 1-нээс 15 хувиар нэмэх шаардлагын хариуг Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцээд 8-12,3 хувь нэмэх шийдвэрт хүрснийг мэдэж байгаа. 

Харин ирэх оноос 50 хувиар нэмэх асуудлыг сайд дангаар шийдэх асуудал биш. Эдийн засгийн хувьд шууд ийм хэмжээгээр нэмэх боломжгүй гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тиймээс асуудлаа зөвшилцлийн замаар шийдээд, ирэх он жилүүдэд үе шаттайгаар нэмж явах нь илүү оновчтой” гэсэн байр суурь илэрхийлж, зөвшилцсөн юм. Мөн ажил хаях асуудлыг түр хойшлуулан, ирээдүй болсон хүүхэд багачуудын сурах боловсрох эрхэд халдахгүй байх дээр нэг ойлголтод хүрлээ.

Ингэснээр ирэх сарын 3 буюу хичээлийн шинэ өдөр эхлэхэд багш нар ажил хаяхгүй болж буй юм. Цаашид асуудлаа харилцан ярилцаж, бодит байдалд тулгуурлан тулгарч буй зүйлээ шийдэж явахаар болж байна. 

Эх сурвалж: БСШУСЯ

Холбоотой сэдвүүд

багш цалин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.