Банкны ажилтнуудыг чадавхжуулах замаар олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх сургалт, хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын банкны салбарын ажилтнуудад тавигдах нэгдсэн суурь шаардлагын жишгийг Монголбанкнаас 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр баталсан билээ.

Энэхүү жишиг шаардлагыг хангуулахаар ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, Банк Санхүүгийн Академи   хамтран “Шинэ банкирын онол практик хосолсон сургалт"-ыг зохион байгуулж байна. 

Энэ сургалт нь 2017-2021 онд Монголбанк, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан хамтран зохион байгуулсан “Харилцагчид зөвлөх банкны мэргэжилтний онол практик хосолсон сургалт"-ын шинэчилсэн хувилбар бөгөөд 11 модультай явагдах юм. Энэ жилийн хувьд хэд, хэдэн элсэлт авахаар төлөвлөөд байна. Өнөөдөр тус сургалтын эхний элсэлтийн эхний модуль болох “Эдийн засгийн нөхцөл байдал" модуль Монголбанкны төв байранд эхэллээ.

Арилжааны банкны иргэдтэй шууд харилцдаг ажилтнууд олон улсын түвшний онол, практик хосолсон сургалтад хамрагдсанаар банкны үйлчилгээг иргэдэд илүү ойлгомжтой, энгийнээр хүргэх, улмаар харилцагчийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалснаар санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалахад ач холбогдолтой юм.