Монгол Улсын арслан Ш.Ванчинхүүгийн нэрэмжит, "Наадмын сорилго" барилдаан өнөөдөр 14.00 Бөхийн өргөөнд эхлэх товтой байсан ч цагтаа эхэлсэнгүй.

Учир нь Монголын Үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчид ᠋допингтой холбоотой асуудлаар барилдах эрхийг нь 2020 оны 2 дугаар сарын 1-н хүртэл хоёр жилийн хугацаанд түдгэлзүүлээд байсан 5 бөхийн барилдах эрхийг сэргээсэн. Тодруулбал, Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын начин Э.Даш, Аймгийн хурц арслан Б.Номиндалай, Сумын заан С.Майнбаяр нарын барилдах эрхийг сэргээх шийдвэр гаргасан.

Тус шийдвэрийн дагуу өнөөдрийн барилдаанд Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын начин Э.Даш, Аймгийн хурц арслан Б.Номиндалай нар барилдахаар бүртгүүлснийг зарим бөх эсэргүүцэж, маргаан үүслээ.

Эцэст нь дээрх бөхчүүдийг өнөөдрийн барилдаанд барилдуулахгүй байхаар шийдвэрлэснээр Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан эхэллээ.

Улсын заан Б.Пүрэвсайхан барилдах нэрээ дуудуулахаар дэвжээн дээр гарч ирсэн ч зарим бөх эсэргүүцсэн тул дэвжээ, бөх сонирхогч олонд бөхийн хүндэтгэл үзүүлж, заалнаас гарав.

Бөхийн барилдаан үргэлжилж байна.

Дээрх бөхчүүдийн барилдах эрхийг сэргээсэн талаар ЭНД дарж уншина уу.