Хүүхэд бүрийн, хүн бүхний сэтгэлд гэрэл гэгээтэй 9 сарын нэгэн. Энэ өдөр бид Нийслэлийн тэргүүний Ататуркийн нэрэмжит тавдугаар бүрэн дунд сургуулийг зорьлоо. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр сургуулийн хаалгыг цагаан цэнхэр өнгийн бөмбөлгөөр хүрээлж, гаднах талбайг өнгө өнгийн туузаар чимэглэжээ.

Сургуулийн гаднах талбайд цагаасаа эртлэн ирсэн эцэг эхчүүд, хүүхдүүд эгнэн зогссон байв. Хүүхдүүдийн ихэнхи нь баглаатай цэцэг барьчихсан багшдаа өгч харагдана. Тэдний нэг нь энэ жил 12 дугаар анги төгсч байгаа нэг ангийн дөрвөн охин. Охид бага ангиасаа нэг ангид сурсан дотны найзууд гэнэ. Сараана цэцгийн баглаагаа энгэртээ тэвэрсэн охид “Багшид очих хамгийн гоё цэцэг бид нарынх байх аа” гэсэн. Энэ жил тэдний хувьд сургуулиа төгсөх хамгийн хариуцлагатай жил бөгөөд охидын хоёр нь мэргэжлээ сонгочихсон гэж итгэл дүүрэн хариулж байлаа.

Найман цагтаа зэрэгцэн төрийн дуулал эгшиглүүлж нээлтээ хийсэн сургуулийн нээлтэнд “Маршал” хамтлагийнхан ая дуугаа өргөлөө. Энэ үеэр тус сургуулийн Д.Энхбат, П.Оюунжаргал, Н.Отгончимэг нарын багш нарыг Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн медалиар шагнасан юм.

Аав ээждээ хөтлүүлж анх сургуулийн босго давж байгаа зургаан настнууд бол энэ өдрийн гол баатрууд байлаа. Энэ хичээлийн шинэ жилд тавдугаар сургуулийн бага ангид нийт зургаан бүлгийн 300 гаруй хүүхэд элсэн оржээ. Нэг анги дунджаар 50 хүүхэдтэй гэнэ.

Зургаан настнууд дуу хөгжим цангинах тоолонгоор даган дуулж бүжиглэж зарим нь аав ээждээ тэврүүлчихсэн “орой эрт аваарай” гэж захицгаах нь өхөөрдөм. Хагас жилийн дараа л гэхэд бичиг үсэг тайлагдаж хэдийнэ сурагч болох тэдний хувьд өнөөдөр хамгийн сонирхолтой өнгөрч байгаа нь илт. Гадаах усан оргилуур руу гүйж хичээл эхлэхээс ч өмнө хувцасаа норгох, бие засах гэж яваад ангиасаа төөрөх гээд олон адал явдлууд тэднийг угтаастай. Ийнхүү зургаан настнууд анх удаа сурагчийн ширээний ард суух мөч ирлээ. Эцэг эхчүүд хүүхдүүдээ ангид нь оруулж өгөв. Зарим эцэг эхчүүд санаа зовсон байртай хаалганы завсараар сэмхэн шагайгаастай. Дөнгөж саяхан сургуулийн гадаа хөөр баяр дүүрэн аав ээжтэйгээ хөтлөлцөн явсан хэрнээ шинэхэн ангидаа дасч ядан уйлж суугаа энэ охиныг Д.Маралаа гэдэг. “Аав ээж намайгаа орхиод явчихлаа” гэж багшдаа гомдоллосон бяцхан сурагчаас “Сургуульд явах ямар байна” гэж асуухад гэнэн цагаан харцаараа өөдөөс ширтэн нулимсаа арчиж  “Гоё” гээд миний хэдэн асуултанд хариулав.

Д.Маралаа: Би цүнхнээсээ үзэгээ олдоггүй

-Яагаад уйлчихсан юм бэ?

-Гэдэс өвдөөд байгаа юм шиг хэцүү санагдаад. /уйлав/ Бас аав ээж хоёр орхиод явчихсан.

-Аав ээж нь хэзээ ирнэ гэж хэлсэн бэ?

-Ирнэ гэж хэлээгүй. Би энэ цүнхнээсээ үзэг балаа олохгүй байгаа юм аа.

-Сургууль цэцэрлэгийн аль нь чамд таалагдддаг вэ?

-Цэцэрлэг

Энэ жил 1г ангиар овоглож байгаа Д.Маралаагийн багш нь Б. Отгонсүрэн. Боловсролын салбарт 15 дахь жилдээ багшилж байгаа түүний хувьд энэ жил 53 хүүхэдтэй ангиа хүлээн авч байгаа нь энэ юм. Анх ажлын гараагаа эхэлж байхад 30 хүүхэдтэй анги авч байсан бол жилээс жилд анги дүүргэлт нэмэгдэж байна гэв.

-Зургаан настай хүүхдэд багшлахын хэцүү бас сайхан тал нь юу вэ?

-Хүүхдүүд аав ээжээсээ дараа жил сургуульд орно гэж сонссоор сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй орж ирдэг болсон. Анх аав ээжийнхээ гараас тавихгүй ангиараа л уйлах холгүй үлддэг байсан шүү. Сайхан нь энэ жаахан хүүхдүүдийн анхны багш, дуурайл нь болж байна. Өнөөдөр ширээ дүүрэн цэцэгс авчихсан багш нараас өөр жаргалтай хүн байхгүй болов уу.

-Эхний өдөр ямаршуу өнгөрдөг вэ?

-Хүүхэд уйлвал аргадаж нусыг нь арчина, бие засуулна. Эхний өдөр ерөнхийдөө ээжийн үүрэг гүйцэтгэдэг.

-Бага ангийн хүүхдийг сургахад юу хамгийн чухал вэ?

-Тулж ажиллах хамгийн чухал. Эцэг эхчүүд ч ялгаагүй, анх хичээл сургуультай танилцаж эхлэхэд нь тулж ажиллаад зөв дадал суулгах хэрэгтэй. Хамгийн чухал нь хүүхдэд урам өгч байгаарай” гэв

Хэдийгээр хичээлийн шинэ жил эхэлсэн баярын өдөр ч гэсэн тус сургуулийн эцэг эхчүүд гуравдугаар ээлжийг хэрхэн зохицуулж байгаа эсэхийг сургуулийн жижүүрээс тодруулж байв. Анх 1500 хүүхдийн багтаамжтай ашиглалтанд орсон энэ сургууль өнөөдөр 3000 гаруй хүүхэд хүлээн авч сургаж байна. Хичээлийн цагаа зохицуулахын тулд гурван ээлжээр ажилладаг гэнэ. Сургуулийн удирдлагууд гуравдугаар ээлжийн хүүхдүүд 15 цагт цагт ороод 19 цагт тардаг, өвөл хамгийн хэцүү байдаг талаар эцэг эхчүүдийн зарим нь бухимдах шалтгаан гэж байлаа.