Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр" жүжиг 24 жилийн өмнө Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулагчийн найруулгаар УДЭТ-ын тайзнаа тавигдаж байсан түүхтэй.

Тэгвэл тус жүжгийг HERO Entertainment студийн ерөнхий найруулагч Б.Баатар цирк, бүжиг хослуулсан буюу физикл драм хэлбэрээр шинэчлэн найруулан тавилаа.

Ингэхдээ уран бүтээлчдийн багаа өөрөө бүрдүүлсэн бөгөөд Арчуг хааны дүрд СТА Г.Эрдэнэбилэг, Цэцэр хатны дүрд гавьяат жүжигчин У.Уранчимэг, Гүргэл хатны дүрд СТА О.Дөлгөөн нарыг сонгон тоглуулсан байв.Бүжиг дэглээчээр Урлагийн гавьяат зүтгэл Д.Баярбаатар ажилласан байна.

Уран бүтээлчдийн ур чадвараас гадна хувцаслалт, тайзны тавилт, өнгө гэрэлтүүлэг зэргээрээ Монголын театрын урлагт цоо шинэ алхам хийсэн тус жүжиг модерн бүжгийг шигтгэсэн, тайз дэлгэцийг хослуулсан зэрэг олон онцлогоороо ялгарч чадлаа.

"Тамгагүй төр" жүжгийн анхны найруулагч Ч.Найдандорж "Төрийн шагналт, бүжиг дэглээч С.Сүхбаатар бид хоёр чуулга, драм хоёртойгоо хамтраад нэг сайхан бүтээл хийх юмсан гэж олон жил мөрөөдсөн юм. Өнөөгийн залуус энэ мөрөөдлийг минь биелүүлсэнд их баяртай байна. Орчин үеийн тоног төхөөрөмж театрын урлагт орж ирвэл ямар сайхан тансаг гоо зүйн мэдрэмж өгдөг юм бэ гэдгийг та бүхэн мэдэрнэ. Бас ханасан төсөвтэй уран бүтээл хийх юмсан гэсэн найруулагчийн мөрөөдлийг биелүүлсэнд баярлалаа" хэмээн онцлон хэлсэн юм.

Жүжгийн нээлтийн үеэр их найрагч Б.Лхагвасүрэнгийн хүү Б.Хасар "Тамгагүй төр"-ийг дахин амилуулж аавынх нь хүслийг биелүүлсэнд талархал илэрхийлж уг бүтээлийн эх хувийг гардуулаад "Аавын минь зохиолын гар бичмэлд бичигдсэн үг үсэг болгон нь эрдэнэ юм шүү" гэсэн юм. 

HERO Entertainment студийн ерөнхий найруулагч Б.Баатар энэ талаар "Эрхэм ах минь та тэнгэр болсноос хойш энэ замбуулин өнгөө хэдэнтээ сольж гурван намрын цэцэг хагдарч,  гурван хаврын цэцэг дэлгэрчээ. Таныг дурсах санах сэтгэлийнхээ өргөл болгон, намайг бүтээхийг хүсэж байсан жүжгийг дахин бүтээж монгол түмэнд дэлгэн барьж, таньдаа өргөж байна" хэмээн бичжээ.