УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн санал болох УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэж байна.

Дээрх гишүүдийг албан тушаал, эрх мэдлээ ашиглан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан байж болзошгүй гэх үндэслэлээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах саналыг Улсын ерөнхий прокуророос тавьж буй юм.

Яг одоо УИХ-ын гишүүд уг асуудалд холбоотойгоор асуулт асууж, холбогдох гишүүд хариулж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Батзориг "Сүүлийн үед ЖДҮ-ийг хөгжүүлэх сан болон олгосон зээлтэй холбоотой асуудал их улстөржиж байна. Төрийн ажил ингэж улстөржүүлж буйд би харамсаж, гашуудаж байна. Зээлийнг олгох тусгай журам байдаг. Энэ журмын дагуу үйл ажиллагаа явагдаж байгаа. Засгийн газар, УИХ-аас 2018 онд жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжье гэж тодорхой мөнгө тавьсан. 

Зээл хууль журмын дагуу олгогдсон гэдэгт би итгэлтэй байгаа. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас төсөл авах хугацааг зарладаг. Үүний дагуу аж ахуй, иргэд төслөө өгдөг. Тэгээд төслийг сонгон шалгаруулах хороо хуралдаж, зээл олгох шийдвэр гаргадаг. Бас хориотой зүйлүүд бий. Архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгч, Банк, санхүүгийн байгууллага, уул уурхайн комданиудад энэ зээлийг олгодоггүй. Шалгуур нь маш тодорхой. Жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөг хүртэлх байх, 200 хүртэлх ажилтантай аж ахуйн нэгжид олгоно гэсэн байгаа. 

Төсөл сонгон шалгаруулах хороо хуралдсаны дараа сайд тушаал гаргадаг. Тушаал дээрээ барьцааны болон зээлийн гэрээ хангагдсан тохиолдолд зээлийг олгож, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулна гэдгийг маш тодорхой зааж өгдөг. Анх 2009 оноос зээл өгч эхлэснээс хойш давхардсан тоогоор 900 орчим тэрбум төгрөгийн зээл олгосон. Зээлийн эргэн төлөлт маш сайн байдаг. Яагаад гэхээр зорилтот бүлгүүдэд очдог учраас. Жижиг, дунд үйлдвэрлэгчидээ дэмжиж байж Монгол Улс хөгжинө. Улс төржөөд байвал явахгүй. Бид тодорхой хэмжээний ажлын байрыг нэмэгдүүлж байгаа гэж бодож байна. Түүнээс биш сайд зүгээр нэг тушаал гаргаад хэн нэгэнд олгочихдог мөнгө биш" гэдгийг хэллээ.