“Хүн загасны цөөрөм” номныхоо нээлтийн үеэр үргэлжилсэн үгийн мастер, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Б.Баярсайхан ингэж хэлсэн юм. 

Тэр "Хамгийн эхний өгүүлбэрийг л зөв тавьж чадвал зохиол цаашаагаа төвөггүй бичигдээд, магадгүй сайн болдог байх. Энэ бол ганцхан миний санаа ч биш олон зохиолчийн өмнө тулгардаг зовлон, бас сорилт. Тийм ч учраас би зохиолоо аль болохоор сонирхолтой эхлэхийг хичээдэг.

Миний нэг өгүүллэг "Гудиггүй хүнд бол уг нь шалихгүй жаахан нүгэл юм санж" гэж эхэлдэг. "Яагаа ч үгүй эрт гэгээ оров" гэж бас бий. Магадгүй энэ өгүүлбэрүүдийг зөв тавьсан учраас тухайн зохиолууд гайгүй болсон юм болов уу. Яагаад гэвэл зохиол өөрийнхөө хувь тавилангаар амьдарч, үргэлжилсэн байх. Хүний амьдрал ч гэсэн яг адилхан. Эхний алхмыг зөв тавих нь хамгийн чухал. Магадгүй амжилтанд хүрэх хамгийн эхний найдвартай зөв гишгүүр нь энэ байх.” гэв.


Түүний “Хүн загасны цөөрөм” ном зохиогчийн биш хэвлэлийн компанийн санал, сонголт, урилгаар уншигчдад хүрч буй нь энэ. Сайн зохиолчийн сайн зохиолын эрэлд Б.Баярсайхан зохиолч, түүний уран бүтээл тэнцжээ. Сонгогдоно, тунаж үлдэнэ, шалгарна гэдэг уран бүтээлч хүнд том шагнал. Энэ шагналын эх ундарга нь ээжийгээгэж Б.Баярсайхан зохиолч ийнхүү өгүүлэв.                        
 
“1991 онд "Найргийн даага" наадам боллоо. А.Эрдэнэ-Очирын түрүүлдэг жил л дээ. Тэр үед би Архангайн хүүхдийн яруу найргийн наадамд түрүүлчихсэн, "Найргийн даага"-д оролцох урилга авсан байлаа. Гэвч надад зардлын мөнгө байгаагүй. Тэгээд би ээжээсээ намайг энэ наадамд л явуулаад өгөөч гэж гуйлаа. Миний ээж надад замын зардал гэж 1000 төгрөг өгч явуулж байсан. Тэр наадам дээр би Б.Галсансүх, Б.Ичинхорлоо, Х.Чилаажав, А.Эрдэнэ-Очир гээд Монголын яруу найргийн 1990-ээд оны бүгдтэй нь танилцсан. Тэр наадамд би нэг даваад унав. "Найргийн даага" наадамд амжилттай оролцсон тул батламж өвөртлөөд буцаж байлаа. 

Тэр хавар нь МУБИС дээр Монголд анх удаа зохиолчийн анги нээнэ гэсэн зар гарлаа. Тэр ангид элсэх шалгалтанд ороход нөгөө батламж, наадамд уншсан хэдэн шүлгүүд  Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай зэрэг багш, судлаач, зохиолчдын анхааралд өртүүлэв. Тэд энэ хүүхдээс ямар нэг юм цухалзаж байна гэсэн юм шиг байгаа юм гэж бодсон байх. Тэгж би зохиолчийн ангид орсон.Сайн зохиолыг хэвлэлийн компаниуд сонирхоод, аваад, үнэлээд цэгнээд хэвлэж, олон нийтэд түгээдэг. Энэ бол хамгийн эрүүл хөгжил. Миний зохиолыг "Анд" хэвлэлийн газар, "Сэлэнгэ пресс" компани сонгож, хэвлэхээр болсонд үнэхээр их баяртай байна. Би харьцангуй цөөхөн бичсэн хүн. Гэхдээ цөөхөн бичсэн дундаас маань бас хүнд хүрсэн юм байна гэж их баярлаж байна"

Б.Баярсайханы "Хүн загасны цөөрөм" номын нээлтэнд зохиолчийн ээж Ч.Цэрэндолгор, Монгол улсын Төрийн соёрхолт, Ардын Уран Зохиолч, СГЗ Б.Догмид, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн ахмад сэтгүүлч, зохиолч До.Цэнджав, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, яруу найрагч, сэтгүүлч Дан.Нямаа, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, яруу найрагч Б.Ичинхорлоо, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал О.Энхжавхлан болон бусад зочид төлөөлөгчид оролцож баяр хүргэв.

Энэ үеэр Төрийн шагналт, АУЗ Б.Догмид гуай Б.Баярсайхан зохиолчийг, түүний зохиолыг хар багаас нь мэддэгээ хэлээд “Монголын үргэлжилсэн үгийн зохиолын цээжний 10-т яваа залуугийн нэг” хэмээн тодорхойлов. "Залхуу болоод бага бичээд байна уу, яаж байна. Гэхдээ сайн зохиол цөөддөггүй. Зохиол бичнэ гэдэг Орос эхнэр оймс нэхэж байгаатай зүйрлэшгүй, үйлээ үзэж байж бүтээж, босгодог хөдөлмөр" гээд зохиолчид амжилт хүслээ.