Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногт чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд оруулжээ. 

Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам  нарын 3 гишүүн өнгөрөгч 2020 оны есдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Уг хуулийн төслийн 5-р зүйлд “5.1.17 Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд: 5 болон 9 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн амралтын өдрүүд” гэсэн заалт нэмэхээр тусгажээ.

Хэрвээ тус хуулийн төсөл батлагдвал тав болон есдүгээр сард буюу жилд хоёр удаа "Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг болно. 

УИХ гишүүн Б.Сарангэрэл "энэхүү төсөлд "Номын баяр"-ын өдөр бүх нийтээр амрах өдөр гэсэн утга байхгүй. Харин "Багш нарын өдөр”, “Эмч нарын өдөр”, “Усны өдөр” шиг  “Номын өдөр" нь ном уншихыг уриалах, хүмүүс өөрт байгаа номоо солилцох, өөрийн сонирхдог ховор нандин номоо олж унших, шинэ гарсан номны талаарх мэдээллийг олж авах, ном бүтээдэг, хэвлэдэг хэн бүхнийг уулзуулах буянтай өдөр болгохыг зорьж байгаа" гэлээ.