Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
02 сарын 11, 2025
Peak.mn мэдээллийн сайт хүний эрхийн активист Б.Болороог урьж ярилцлаа. Тэрбээр эцэг эхчүүдэд хандан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар багаас нь хүүхдүүддээ ойлгуулж, цаашлаад сурах бичгийн агуулгад энэ талаар тусгахыг хүссэн юм.
БИЧЛЭГ ҮЗЭХ:
ЭЭЖЭЭСЭЭ БОЛООД ОХИНЫ МИНЬ НҮДНИЙ ГАЛ ЦОГ УНТРАХЫГ ХАРАХ ХАМГИЙН ХЭЦҮҮ...
Нийгэмд төдийлөн яригддаггүй, магадгүй анзаарагддаггүй сэдэв бол хөгжлийн бэрхшээлтэй эцэг эх, тэдний хүүхдүүдийн асуудал юм.
Миний охин ЕБС-ийн бага ангийн сурагч. Заримдаа охиноо хөтлөөд гадуур явахаар тоглоомын талбайд тоглож байгаа хүүхдүүд янз бүрээр хэлдэг.
“Чи мангар ээжтэй юм байна, танай ээжийн нүд ямар аймаар юм бэ, эрүүл юм уу?” гэж улаан цайм асуух нь энүүхэнд. Зарим нь тэгж хэлэхгүй улаан цайм нэгнийгээ нударч, тэрийг хардаа гээд бид хоёр руу заадаг. Иймд үед миний охины хөөрхөн нүд нь гал цоггүй болохыг харахаар ээж хүний хувьд үнэхээр хэцүү байдаг.
Нийгэмд маш олон төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүн бий. Гэхдээ тэдгээрээс хамгийн их хүүхдийн нүдэнд өртдөг, хараад айдаг бэрхшээл бол саажилт юм.
Мэдээж хүүхдүүд тэргэнцэртэй эсвэл таягтай хүнийг хараад учиргүй айхгүй. Харагдах байдал, үзэмжээс нь болоод саажилттай хүнээс маш их айдаг. Магадгүй “Намайг гэмтээчих вий, элдэв зан авир гаргах вий” эсвэл бүр “Галзуу юм уу” гэж боддог юм шиг байгаа юм.
Би багадаа хөгжлийн бэрхшээлтэй гэдгээрээ маш их ялгаварлан гадуурхагдаж өссөн. Нас биед хүрээд ч харагдах төрх байдлаасаа болоод багагүй гадуурхалтад өртсөөр л явна.
Тиймээс 2016 оноос хөгжлийн бэрхшээлийн асуудлыг олон нийтэд таниулах, төрийн бодлогод тусгуулж, эдгээр хүмүүсийн эрхийг хамгаалуулах чиглэлээр дуу хоолойгоо тасралтгүй хүргэжээ.
Хэдий тийм боловч энэ нийгэмд миний охин надаас болж үе тэнгийнхэндээ дээрэлхүүлж л байна. Энэ зөвхөн миний асуудал биш. Өнөөдрийг хүртэл олон хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, эрчүүд энэ бэрхшээлийг туулсаар яваа.
ХҮҮХДЭДЭЭ НЭГ Л УДАА ТАЙЛБАРЛААД ӨГЧИХ, ТЭГВЭЛ СААЖИЛТТАЙ ХҮНЭЭС АЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ
Саажилттай хүнийг хараад айж эмээж, шоолж байгаа хүүхдэд ямар ч буруу байхгүй. Харин өнөөдрийг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тусгаарлаж тусад нь сургуульд сургасны л үр дүн. Бид эдгээр хүмүүст нийгмийн харилцаанд оролцох боломж, тэгш хүртээмжтэй нийгмийг бүрдүүлээгүйд учир шалтгаан байгаа юм.
Нөгөөтээгүүр эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид хөгжлийн бэрхшээлийн асуудлыг хүүхдүүдтэйгээ ярьдаггүй, ойшоодоггүй, магадгүй анзаардаггүй байх. Уг нь нэг л удаа тайлбарлаад өгчихөд тэр хүүхэд дахиж надаас бусад саажилттай хүнээс айхгүй шүү дээ.
Энэ ярилцлагаар дамжуулан аав ээжүүдийг хүүхдэдээ саажилттай, дауны синдромтой, аутизмтай хүмүүсийн талаар ойлгуулж, хэлж өгч байхыг аминчлан захъя.
Хэрэв яаж ярих учраа мэдэхгүй байгаа бол үлгэр ярьж өгөх эсвэл Youtube-ээс бичлэг үзүүлж болно шүү дээ. Миний хувьд охиндоо орой бүр үлгэр ярьж өгч, ингэхдээ үлгэрийн баатруудаар нь дамжуулан хөгжлийн бэрхшээлийн асуудлыг таниулахыг хичээдэг.
Тиймээс охиноо нийгмийн цөөнх болсон хүмүүсийн асуудлыг мэдэж, ойлгодог хүн болж төлөвшиж байгаа гэж боддог.
Түүнчлэн Youtube-ээс саажилттай эсвэл аутизмтай хүмүүсийн бичлэгийг бодитоор нь үзүүлж болно. Харагдах байдал, үйл хөдлөл нь л ийм болохоос эдгээр хүмүүсийн оюун ухаан эрүүл саруул, яг миний хүүхэдтэй адилхан хөгжих, боловсрох эрхтэй гэдгийг нь ойлгуулах хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлийн асуудлыг ойлгуулах монгол контент байхгүй бол англиар "Understanding Disabilities (for kids)" гээд хайхад л маш олон бичлэг гараад ирнэ.
СУРАХ БИЧГИЙН АГУУЛГАД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛИЙН АСУУДЛЫГ ТУСГАХ ХЭРЭГТЭЙ
Өмнө нь ихэвчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэнд зэрэгт чиглэж нөлөөллийн ажил явуулдаг байв. Харин сүүлийн үед ихэвчлэн бага насны хүүхдэд дээрх асуудлын талаар ойлголт өгөхөд анхаарч ажиллах сонирхолтой болсон.
Ойлголт өгөх гэдэг нь хүүхдүүд маань саажилттай хүнийг хараад айхгүй болохдоо гол нь биш. Үүнээс илүү тэднийг ойлгож, хамт тоглож, суралцах хандлагыг төлөвшүүлэх юм. Цаашлаад ажлын байран дээр гараад эдгээр хүмүүст тохирох орчныг нь бүрдүүлэх ёстой юм байна гэдэг ойлголттой болох нь чухал.
Үүнээс гадна бид хөгжлийн бэрхшээлийн асуудлыг сурагч байхаас нь, бага ангиас нь хичээлийн агуулгаараа дамжуулан өгөх хэрэгтэй. Тиймээс бодлого боловсруулагчдад боловсролын тогтолцоондоо энэ асуудлыг тусгаж өгөөч гэж гуймаар байна.
Охины минь багшийн хувьд 2 дугаар ангид байхад нь "Монгол ёс хүмүүжил" хичээлийнхээ хүрээнд хүүхдүүддээ тайлбарлаж ойлгуулсан байсан. Үүний нөлөөгөөр ангийнхан нь намайг ойлгодог болж, охин маань ч сэтгэл амар суралцдаг болсон.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.