1940-өөд оны Япон, Солонгосын дайны үед "секс боолчлол"-д өртсөн хэдэн зуун бүсгүйчүүдийн гаслант зовлонг солонгосчууд мартаагүй. Тиймээс ч тэд өнөөг хүртэл уг асуудал дээр маргаантай байдаг. Өнгөц харахад Солонгосын нийгэм хуучинсаг, эрчүүд илүү давуу эрхтэй мэт боловч орчин цагийн эмэгтэйчүүд нь тэгш бус хандлага, бэлгийн дарамтын эсрэг хүчтэй дуу хоолой болсоор байна. Сүүдрийг мөрийг давтахгүйн тулд эмэгтэйчүүдээ хамгаалсан дэвшилтэт хуулийн заалтууд ч ихтэй. Тухайлбал олон нийтийн газар эмэгтэй хүнийг хэт удаан ширтэх, биед нь хүрсэн бол хуулийн хариуцлага хүлээдэг журамтай.

Сүүлд @MeToo хөдөлгөөн эмэгтэйчүүдийг дуу хоолойгоо өргөхийг уриалах болж, Солонгосын Засгийн газар бэлгийн хүчирхийллийг ялын дээд хэмжээгээр шийтгэж, хөөн хэлэлцэх хугацааг сунгахаа ч зарлаад буй.

Харин манай улсад бэлгийн дарамтыг илчилсэн бол өөрөө хохирогч болоод үлддэг бичигдээгүй хууль үйлчилдэг.

 Дотны хүмүүстээ хэлэхэд хүртэл "Чи өөрөө талтай гэж ойлгуулсан юм байлгүй", "Зүв зүгээр байхад нь оролдох уу, сээтгэнэсэн л биз" гэх хариу сонсдог талаарх гомдлоо ХЭҮК-т ирүүлжээ. Иймээс хохирогч болсон бол насаараа шаналж нууж явах эсвэл эмэгтэйчүүдийн ТББ-д хандах л сонголттой учирна. Дэгсдүүлсэн үг биш болохыг Хүйсийн тэгш эрхийн төвөөс хийсэн судалгаа бэлхэн харуулна. Тус төвийн хийсэн судалгаагаар “Гурван хүн тутмын нэг нь ажлын байрандаа бэлгийн дарамтад өртөж, хохирогч болсон хэн нэгнийг мэддэг”, “Таван эмэгтэйн нэг нь өөрөө хохирогч болсон” гэжээ.


Ингэхэд бэлгийн дарамт гэж яг юуг хэлэх вэ?

Гэнэтийн үйл хөдлөл, хажуугаар зөрөхийн алинд ч биедээ хүргүүлж шүргүүлж эсвэл хүний биед хүрэлцэх дуртай. Санамсаргүй үйлдэл юм уу гэтэл дахиад л өнөө үйл явдал давтагдана. Удалгүй улаан цайм уулзаж учирах санал тавьж, зөвшөөрөөгүй бол дарамталж эхэлнэ...

Дэлхийн 130 гаруй улс ажлын байран дахь бэлгийн дарамтыг хүний эрхийн зөрчилд тооцон бие даасан хууль гарган, эсхүл холбогдох хуулиудад тусган буруутай этгээдэд хариуцлага оногдуулж байна.Түүнчлэн улс орнууд соёлын хүчин зүйлээсээ шалтгаалан бэлгийн дарамтыг олон янзаар тодорхойлж иржээ.

Аль ч өнцгөөс нь тодорхойлсон “бэлгийн дарамт” гэдэг ойлголтыг дэлхий дахинаа

 1) хүний эрхийн зөрчил, 

2) хүйсээр ялгаварлан гадуурхах илрэл, 

3) эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн нэг хэлбэр

4) хувь хүний нэр төр, үнэ цэн, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг гэж үзэх хандлага давамгайлж байна.

Монгол Улсын хувьд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “...

Бэлгийн дарамт гэж бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсхүл хурьцал үйлдэхээс аргагүй байдалд оруулсан, мөн бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэх, айлган сүрдүүлэх, тулган шаардах зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ.” гэж тодорхойлсон байна. Мөн тус хуульд ажлын байран дахь бэлгийн дарамтыг хориглож, ажил олгогч, ажилтны эрх үүргийг заасан боловч ажлын байран дахь бэлгийн дарамт үзүүлсэн этгээдэд хэн, ямар хариуцлагыг хэрхэн тооцох нь тодорхойгүй байна.

Улсын Их Хурлаас 2015 онд баталсан шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд ажлын байран дахь бэлгийн дарамтын асуудлыг гэмт хэрэгт тооцож хуульчилсан байв. Гэвч уг заалтыг 2017 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хассанаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй болжээ.

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг бэлгийн болон хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн аливаа хэлбэрээр дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах”-ыг төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон байдаг. Гэсэн хэдий ч мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт “энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь түүнийг төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд харин түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан байна. 

Харахад төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд ажлын байран дахь бэлгийн дарамтын асуудлыг хориглох, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалттай мэт харагдавч төрийн улс төрийн болон үйлчилгээний албан хаагчдад уг хуулийн зохицуулалт хамаарахгүй байгаа юм.

Үндсэндээ төрийн албан хаагчийн хормойн явдал ямар ч шийтгэл хүлээхгүй гэсэн үг. Тийм ч учраас төрийн албанд энэ төрлийн зөрчил жилээс жилд нэмэгдсээр байгааг доорх тооноос харж болно.


Монголын эмэгтэйчүүдийн сангаас 2016 онд хийсэн цахим судалгаагаар 

-Ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн хохирогчдын 97.5 хувийг эмэгтэйчүүд, 

-2.5 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.

Ажлын байран дахь бэлгийн дарамт үйлдэгчдийн 97.5 хувь нь эрэгтэйчүүд, 87.4 хувь нь дээд боловсролтой, 69.2 хувь нь удирдах албан тушаалтнууд байна гэжээ. 

ХЭҮКомисс чиг үүргийнхээ хүрээнд сүүлийн гурван жилийн хугацаанд ажлын байран дахь бэлгийн дарамттай холбоотой найман гомдол хүлээн авч, шалгаж шийдвэрлэжээ.

.....дугаарын утаснаас “...даргатайгаа хэзээ уулзах юм,   санаа зоволтгүй, бид нас биед хүрсэн эр, эм хүмүүс. Би чамаас хайр халамж хүсч байна. Чи сэтгэл гаргавал би чадах бүхнээ хийнэ. Би чамайг маш их   хүсдэг, ойлгооч муу даргыгаа. Хүүе! Чи даргатайгаа хэзээ уулзах юм? Чамайг 3   жил хүлээж байна. Би чамд татагдаж байна. Ганц удаа тэгэх үү, ахиж чамайг зовоохгүй...Чи халагдсан, коммунист зулбасга, ямар ч сэтгэл байхгүй чи муу баас ХУ намын хулгайч нарын хүүхэд, би чамайг ажилд авдаг буруудсан байна. Ямар ч байсан ажлаа ол, чамайг ажиллуулахгүй...” гэх зэргээр 46 мессежийг дарга С надад удаа дараа илгээж улмаар орон тоог цомхотгох үндэслэлээр   ажлаас халсан.

Комисст   ирүүлсэн иргэн А-гийн гомдлоос

...дарга С нь ажилтан А-д Ажлын байран дахь бэлгийн дарамт үзүүлж, улмаар   түүнийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэл бүхий баримтаар тогтоогдсон тул С-д   хариуцлага тооцуулахаар дээд шатных нь удирдлагад Комиссын гишүүний  бүрэн эрхийн дагуу шаардлага   хүргүүлж, шаардлагын дагуу С-д сахилгын шийтгэл оногдуулсан байна.

Тохиолдол 34

Иргэн Ү Комисст хандан гаргасан гомдолдоо “...Миний бие   2017 онд ... байгууллагад диспетчерээр ажилд орсон бөгөөд ажилд орсон өдөр   инженер Ш “чамайг дарга нартай танилцуулж өгье, чи ахиж дэвшиж ажиллая гэвэл надтай уулзах хэрэгтэй” гэж хэлсэн. Тэгээд маргааш өдрөөс эхлэн миний гар   утас руу байнга залгаж эхэлсэн. Намайг шөнийн ээлжтэй үед ажил дээр ирж “хайр аа, ядарч байна уу” гээд гараас барьж, гуя, нуруу илэх зэргээр миний биеийн   эмзэг хэсэгт хүрэхэд нь намайг уурлаж дургүйцэхээр “чам дээр ирээд гацна гэж байхгүй шүү, хөгийн муу хүүхэн” гэж харааж загнаад юм өшиглөж, хана цохиж,  над руу нулимж доромжилдог.  Инженер Ш нь надад байнга ажлын байран дахь бэлгийн дарамт үзүүлж, хэвийн ажиллах нөхцөл боломжгүй болгосон тул энэ асуудлаар байгууллагын удирдлага болон ёс зүйн хороонд өргөдөл   гаргасан боловч шийдвэрлэхгүй байна” гэжээ. Баримтуудаар инженер Ш нь   диспетчер Ү-д ажлын байран дахь бэлгийн дарамт үзүүлж, түүний эрхийг ноцтой зөрчсөн болох нь тогтоогдсон тул Ш-д хариуцлага тооцуулахаар тус байгууллагын даргад Комиссын гишүүний бүрэн   эрхийн дагуу шаардлага хүргүүлж, шаардлагын дагуу түүнийг ажлаас халах  сахилгын шийтгэл оногдуулсан байна.

Тохиолдол 35

...байгууллагын дарга  Н байнга эмэгтэй албан хаагчдад ажлын байрны бэлгийн дарамт учруулдаг талаар албан болон албан бусаар яригддаг боловч ямар нэг хуулийн арга хэмжээ авдаггүй, тэр байтугай албан тушаал байнга дэвшиж байдаг. Дарга Н нь эмэгтэй хүнийг ...зөвхөн дур хүслийг нь хангагч мэтээр авирлаж харьцдаг...

Жишээлбэл: тухайн байгууллагын   ажилтан Э Комисст хандаж гаргасан гомдолд “албан үүргээ гүйцэтгэж байх үед   шөнийн 22 цагийн үед намайг дуудаж өрөөндөө оруулсан юм. Тухай үед Н дарга  архи уучихсан байсан. Тэгээд миний толгой өвдөөд байна. Толгой бариад өг гэхээр нь толгойг нь бариад гарах гэтэл миний гараас бариад намайг үнсэх гэсэн. Би гарыг нь тавиулах гэтэл тавихгүй байхаар нь даргаа би гарчихаад  ороод ирье гэж хэлээд гарсан. Тэгтэл өглөө 6 цагийн үед дахин намайг дуудаж өрөөндөө оруулаад дахин үнсэх гэж дайрсан” гэжээ.“Мөн ... байгууллагын ажилтан Б, түүний эхнэр Т нар хамт ажилладаг бөгөөд дарга Н шөнийн 3 цагийн үед эхнэр Т руу нь  “хаана байна, би одоо л орж ирж байна” гэж мессеж бичсэн бөгөөд үүнээс болж Б эхнэр Т-тай маргалдаж улмаар Б цагдан хоригдож, цагдаагийн байгууллагад   шалгагдсан” гэжээ.

Тохиолдол 36

Ажлын байран дээр архидах, завхайрах явдал хэрээс хэтэрч байгаа. Ажлын байран дээр байнга сэтгэл зүйн дарамт үзүүлдэг. Жишээ нь: Ажлаасаа гар, зайл. Оронд нь ажиллах хүн байна гэх мэтээр хувийн үзэл бодол таарахгүй хүмүүсийг удирдлагууд дарамталдаг. Захиргааны ажилтнууд эмэгтэй багш нар болон оюутнуудад уулзах санал хүчээр тавьж, шахалт үзүүлдэг. Уулзахгүй бол элдэв хов живэнд оруулна гэж дарамталдаг. Сургууль нийтээрээ энэ асуудлыг мэддэг ч зоригтой дуугарч хэлж чаддаггүй. Захиргааны залуу эмэгтэй ажилтнууд энэ асуудлаас болоод ажлаасаа гардаг ч юм бил үү гэсэн бодолтой болсон.