COP17: Монгол Улсын санаачилсан Бэлчээрийн тэргүүлэх санаачилгыг дэлхийн түвшинд эхлүүллээ

Ч.Сумъяабазар
08 сарын 25, 2026

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо үргэлжилж, дэлхийн 196 улс болон Европын Холбооны төлөөлөгчид газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлаарх шийдвэрүүдийг хэлэлцэж байна.

COP17-ын Дээд түвшний уулзалтын хүрээнд Монгол Улсын манлайлан дэвшүүлсэн Бэлчээрийн тэргүүлэх санаачилга (Rangelands Flagship Initiative)-ыг албан ёсоор эхлүүллээ.

Энэхүү санаачилга нь бэлчээрийг хамгаалах, тогтвортой ашиглах, нөхөн сэргээхэд чиглэх хөрөнгө оруулалтыг дэлхийн хэмжээнд нэмэгдүүлэх зорилготой бөгөөд мэдлэг, хөрөнгө оруулалт, институцийн хамтын ажиллагаа гэсэн гурван үндсэн чиглэлд хэрэгжинэ.

Бэлчээрийн асуудлыг дэлхийн бодлого, санхүүжилтийн түвшинд гаргах Монгол Улсын санаачилга бодит хөрөнгө оруулалттай холбогдож эхэлж байна. Тухайлбал, Азийн хөгжлийн банк болон түншүүд COP17-ын үеэр Financing Investments and Eradicating Land Degradation and Desertification (FIELD) санаачилгыг зарлаж, Ази, Номхон далайн бүс нутагт газрын доройтол, цөлжилттэй тэмцэхэд чиглэсэн санхүүжилтийг 2 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдэв.

Энэ нь бэлчээр, газрын нөхөн сэргээлтийг зөвхөн байгаль орчны асуудал бус, хүнсний аюулгүй байдал, малчдын амьжиргаа, уур амьсгалын тэсвэржилт, биологийн олон янз байдал болон хөрөнгө оруулалтын асуудал болгон авч үзэх олон улсын чиг хандлагыг улам бататгаж байна.

Монгол Улс 2023 оноос Бэлчээрийн тэргүүлэх санаачилгыг олон улсын түвшинд хөгжүүлэх ажлыг эрчимжүүлж, UNCCD болон түнш байгууллагуудтай хамтран бэлтгэсний үр дүнд COP17-ын үеэр дэлхийн хэмжээнд эхлүүлж буй нь энэ удаагийн хурлын Монгол Улсаас үлдэх чухал үр дүнгийн нэг болж байна.

197 ТАЛЫН ЗӨВШИЛЦЛИЙН АРД ХЭЛЭЛЦЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

COP17 нь зөвхөн арга хэмжээ, санаачилга танилцуулах талбар биш юм. Энэ бол Конвенцын 196 улс болон Европын Холбоо нэгдэн, цаашдын бодлого, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох шийдвэрүүдийн үг, өгүүлбэр бүр дээр зөвшилцөлд хүрдэг олон талт хэлэлцээний механизм юм.

Энэ удаагийн хурлаар гангийн тэсвэржилт, бэлчээр ба малчид, хөдөө аж ахуйн газар ба хөрс, санхүүжилт ба нөөцийн дайчилгаа, хувийн хэвшлийн оролцоо болон Конвенцын цаашдын стратегийн чиглэл зэрэг асуудлаар Талууд хэлэлцэж байна.

Дэлхийн геополитик, эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед 197 Талын нийтлэг байр суурийг нэгтгэн, шийдвэрийн төсөл бүр дээр зөвшилцөлд хүрэх хэлэлцээ эрчимтэй үргэлжилж байна.

Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болон Гадаад харилцааны сайд тэргүүтэй төлөөлөгчид Талуудын байр суурийг ойртуулах, COP17-оос бодит шийдвэр гаргах хэлэлцээнд идэвхтэй ажиллаж байна.

АМЛАЛТААС ХЭРЭГЖИЛТ РҮҮ

COP17-ын гол зорилго нь улс орнуудын туршлага, ололт амжилтыг танилцуулахаас гадна хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлж, газрын доройтол, цөлжилт, гангийн эсрэг бодит хөрөнгө оруулалт, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд оршиж байна.

Үүний зэрэгцээ хурлын хүрээнд тогтвортой хэрэглээ, хариуцлагатай үйлдвэрлэл, байгальд ээлтэй сонголтыг олон нийтэд таниулах арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна. Хэрэглэгчийн сонголт бүр эдийн засгаас гадна газар, ус, байгалийн нөөцөд нөлөөлдөг гэдгийг харуулах нь эдгээр арга хэмжээний гол мессежийн нэг юм.
COP17-ын хэлэлцээ наймдугаар сарын 28 хүртэл үргэлжилнэ.

Монгол Улсын манлайлан эхлүүлсэн Бэлчээрийн тэргүүлэх санаачилга дэлхийн түвшинд гарч, газрын доройтолтой тэмцэх олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын шинэ механизм зарлагдаж эхэлсэн нь COP17-ын энэ зорилго бодит ажил болж эхэлж буйн нэг илрэл болж байна.

Холбоотой сэдвүүд

cop17 cop17 mongolia нүб

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.