✔Эрдэнэс Тавантолгой ордыг цогцоор нь хөгжүүлж, олон улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргах бэлтгэл ажил хангагдсан, санхүүгийн хувьд баталгаажсан гэж "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдэгдлээ.

Тус компани 2018 онд 2.511.000 иргэн, 486 аж ахуйн нэгжийг балансдаа бүртгэснээр албан ёсоор  хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй компани болсон гэв. 

Өнгөрсөн онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьд батлагдсан төлөвлөгөөний бүхий л үзүүлэлтийг 2-3 дахин давуулан биелүүлжээ. Түүхэндээ 45.6 сая тонн нүүрс олборлож, үүнээс 2018 онд 10.7 сая тонн нүүрс олборлон, 12.8 сая тонн нүүрс экспортолсноор 1.86 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж улсын төсөвт 480 тэрбум төгрөг төвлөрүүлж, цэвэр ашиг нь 670 тэрбум төгрөгт хүрч гадаад, дотоодод ямар ч өр төлбөргүй болсон гэдгийг албан ёсоор мэдэгдэв.

Энэ онд олон улсын зах зээлээс хөрөнгө босгож, төмөр зам, авто зам барьж, нүүрс угаах үйлдвэр, конвейрийн систем, усан хангамжийн төслөө үргэлжлүүлэх гээд олон ажил хүлээгдэж буйг онцоллоо.

Мөн олборлолт хүчин чадлаа 18 сая тонн-д хүргэж, уурхайн ажилчдын хотхон, оффиссын барилга, зам талбай, сургууль, цэцэрлэг шинээр барьж, өөрсдийн техник, тоног төхөөрөмжтэй болж, Говийн ногоон хэрэм төслийг хэрэгжүүлж, Улаанбаатар хотын утааг бууруулахад эрс өөрчлөлт авчрах шахмал түлшний үйлдвэрийг өргөтгөн байгуулж, нүүрс тээврийн жолооч нарт зориулсан төвүүдийг бий болгож, бизнесийн бүхий л салбарыг дэмжсэн олон ажлуудыг ирэх онд төлөвлөн зохион байгуулахаар төлөвлөжээ.


Түүний хийсэн мэдээллээс голлох ишлэлийг хүргэж байна.

✔2016 оны нэгдүгээр улиралд "Чалко" компанид нэг тонн нүүрсийг 24.97 ам.доллар нийлүүлж байсан бол 2017 оны 1-р улиралд 59.33 ам.доллар, 2018 оны 2-р улиралд 61.0 ам.доллар, 2019 оны 1-р улирлаас 63.32 ам.доллар болгож нэмэгдүүлснээр үнийг 2 5 дахин өсгөсөн үзүүлэлт гаргалаа. 

✔ 1072 хувьцааг зарж болохгүй. Энэ бол өөрт чинь болон ирээдүйд чинь  хэрэгтэй санхүүгийн нэрийн хуудас юм.

✔Нүүрс тээврийн жолооч нарын асуудалд анхаарч 120 км тутамд эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэх төв байгуулна. Мөн нүүрс тээврийн жолооч нарын нийгмийн асуудалд анхаарна. Тэдний дунд ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хөдөлмөрийн баатрууд бий. Харамсалтай нь тэднийг тодорхойлох байгууллага алга, хөдөлмөрийн үнэлж байдаггүй. Энэ тал дээр бид анхаарч зохион байгуулна.

✔УИХ-аас ЭТТ ХК-ийн 20 хүртэлх хувийг иргэдэд санал болгоно.

✔Гашуун сухайт бол Монголын алтан боомт. Цанхийн баруун уурхайн 2016 оны 1-р улиралд 23.2 ам.доллар байсан үнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар 71.25 ам.доллар болгон нэмэгдүүлж, коксжих нүүрсний 20 гэрээ, исэлдсэн нүүрсний 7 гэрээг тус тус байгуулсан нь өндөр үр ашигтай ажиллах суурь нөхцөлийг бүрдүүлсэн.

✔ЭТТ-н нүүрс хамгийн хор багатай хэрнээ илчлэг өндөр нүүрстэй. Тийм учраас шахмал түлшний үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэн ажилласнаараа Улаанбаатарын утааг 50 түүнээс ч дээш хувиар бууруулах боломжтой. Манай компанитай хувийн компаниуд ялангуяа түүхий нүүрс борлуулж байгаа компаниуд  өрсөлдөх ямар ч боломж байхгүй.

✔Энэ онд нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймагтай хамтран ажиллах гэрээг байгуулж. сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж зэргийг байгуулахаар болсон.

✔Ирэх дөрөвдүгээр сард хувьцаа эзэмшигчдийн хурлаар ноогдол ашиг тарааж, 1072 хувьцааг амь оруулах эцсийн шийд гарна.

✔ Гашуунсухайт төмөр замын зогссон ажлыг үргэлжлүүлэн санхүүжүүлнэ. Энэ ажил одоогоор 70 гаруй хувьтай явж байгаа.

✔Хамгийн эхэнд хувьцааг олон улсын зах зээлд гаргаж, дараа нь дотоодын хөрөнгийн бирж дээр гаргана.