П.Мөнгөнсор
10 сарын 03, 2023
Нийгэмд эерэг, гэрэл гэгээтэй мэдээлэл түгээн ажилладаг Peak.mn сайт “Би нэг удаа” цувралын гурав дахь дугаарыг толилуулж байна. Энэ удаагийн зочноор “Самсара гэр бүлийн иога”-ийн багш Э.Эрдэнэцэцэг уригдаж, төрсний дараах сэтгэл гутралын талаар ярилцлаа.
Монголчууд төрсний дараах сэтгэл гутрал гэдэг ойлголтыг хүлээн зөвшөөрдөггүй
Би нэг удаа өглөө сэрлээ…
Бага хүү минь төрөөд хоёр сар болж байсан үе л дээ. Миний амьдралын энгийн нэг өглөө шиг санагдавч сэтгэл дотор минь хоосон, бүх зүйл утгагүй, оршоод байгаа үгүйгээ ч ойлгохгүй, их л онцгүй өглөө байсан. Хөөрхөн хүүгээ хараад аз жаргалтай байгаа ч цаанаа л нэг эрч хүчгүй…
Өөрийнхөө мэдрэмжүүдийг хэсэг анзаараад сэтгэл гутралд орчихсон юм байна гэдгээ ойлгосон. Тиймээс өөрийнхөө мэдрэмжийг сошиал хаягтаа нийтэлж, бусадтай хуваалцъя гэж бодоод бичтэл олон ч хүнд хүрсэн.
Ихэнх сэтгэгдлүүд нь эерэг, намайг сэтгэл санаагаар дэмжсэн халуун дулаан үгс байсан. Харин тэр дунд над руу дайрсан, бичсэн зүйлийг минь үгүйсгэсэн, эвгүй комментууд нэлээдгүй байсан шүү. “Сэтгэл гутрал гэсэн ойлголт байдаггүй юм. Одоогийн охид ийм маягтай болчихсон”, “Одоогийн охид нөхрөө аргадаа хийхийн тулд ийм зүйл ярьдаг болсон” эсвэл “Ямар шалчгар, сул дорой юм бэ” гэж бичиж байсан хүмүүс ч бий. Би төрсний дараах иога заадаг, жирэмсэн ээжүүдтэй ойр ажилладаг учраас уншсан, мэдсэн бүхнээ тунгаан бодоод манай монголчууд төрсний дараах сэтгэл гутралыг хүлээн зөвшөөрөх болоогүй юм байна гэж бодсон.
Бичлэг үзэх:
Сэтгэл гутралд өртөхөд дааврын өөрчлөлт хамгийн их нөлөөлдөг
Ээжүүд төрсний дараа сэтгэл зүйн өөрчлөлтөд орж, гутрах нь түгээмэл үзэгдэл гэж хэлмээр байна. Дэлхий нийтэд шинэхэн 3 ээж тутмын 2-д нь тохиолддог. Тиймээс бид төрсний дараах гутрал гэж байдаг, байдаггүй гэж маргах нь утгагүй хэрэг болно.
Гол учир нь даавартай холбоотой.
Энхрий үрээ эрүүл тээх гэж ээжийн бие 10 сарын турш тасралтгүй ажиллаж, бурхантай дүйцэх хэмжээнд хөдөлмөрлөсөн шүү дээ. Ингээд биед байгаа ашигтай даавруудаа хүүхдэдээ өгч төрүүлээд, өөрөө хоосроод үлдэж байгаа процесс юм. Биед хэрэгтэй ашигтай дааврууд нь дутагдаад ирэхээр ээжүүд сэтгэл зүйн тогтворгүй байдалд орж эхэлдэг. Мэдээж эдгээр даавар нөхөгдөж, эргээд эмэгтэй хүн гоо үзэсгэлэнгээ эргэн олно. Гагцхүү цаг хугацаа шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Хосууд ойлголцож, энэ эмзэг үеийг хамтдаа давах хэрэгтэй
Төрсний дараа ээжийн бие, сэтгэл зүйд ямар өөрчлөлт явагдаад байна гэдгийг хамгийн их уншиж судлах хэрэгтэй хүмүүс нь нөхрүүд юм шиг санагддаг.
Хүүхэд төрснөөс жилийн дотор гэр бүлийн салалт өндөр байдаг гэсэн статистик бий. Үүнийг би хосууд хоорондоо ойлголцож, ярилцдаггүйтэй холбоотой юм уу гэж хардаг. Залуучууд “Манай эхнэрийн ааш нь олдохгүй юм. Би уг нь гэр бүлээ дутагдах, гачигдах зүйлгүй байлгах гээд хичээгээд байдаг. Даанч хичээснийг минь үнэлэхгүй байна” гэдэг.
Гэтэл гаднаасаа учир нь олдохгүй ааш авиртай болчихсон эмэгтэй хүний биед юу болоод байгаа вэ гэдгийг төдийлөн хайхардаггүй.
Бид нар байгалийн үзэгдлийг харж байснаа “Одоо бороо ороорой, одоо нар гараарай, одоо үүл гарч болохгүй шүү” гэж хорьж чадахгүйтэй л адил бидний биед байгалийн үзэгдэл л явагдаад байгаа юм. Энэ бол жам ёсны үзэгдэл гэдгийг хэлмээр байна. Хэрвээ яг энэ эмзэг үед нь ээжийг ойлгож хайрлаж чадалгүй төрсөн ээжээс ч эмзэг зан гаргаад байвал хосын харилцаа цаашаа үргэлжлэхэд амаргүй л болов уу.
Тиймээс эрчүүддээ зөвлөхөд:
Амьдралын олон үзэгдэлд эмэгтэй хүний алсын хараа, уужуу ухаанаар амьдрал урагшилдаг нь үнэн. Гэхдээ яг энэ эмзэг үед нь эхнэрээсээ хатан ухаан шаардаад хэрэггүй, ойлгох гэж зовоод ч хэрэггүй. Угаасаа ойлгогдохгүй. Танд ойлгогдох нь бүү хэл, өөрийгөө ч ойлгохгүй яваа. Тиймээс хайртай эхнэрээ зүгээр л хайрла, халамжил. Өөр юу ч хэрэггүй.
Харин ээжүүддээ зөвлөхөд:
Дөнгөж төрсөн нялх биетэй таныг нөхрүүд, хадмууд, найз нөхөд дэмжих хэрэгтэй гэдэг нь мэдээж. Гэхдээ эдгээр хүмүүсээс илүүтэйгээр танд хамгийн их санаа тавьж, усалж тордох ёстой хүн нь та өөрөө юм шүү. Хэрвээ арга барилаа олохгүй байгаа бол маш жижиг зүйлээс эхлээрэй.
Өөртөө талархахаас эхэлж болно. Хүнээс сонсохыг хүссэн халуун дулаан сэтгэлийн үгээ өөртөө хэлээрэй.
Өглөө босоод 10 минут дасгал хийхэд сэтгэл гутралыг даван туулахад маш том дэмжлэг болдог.
Зөв хооллоорой, усаа сайн уугаарай.
Өөрийг тань ойлгодог, ижил жаргал зовлонтой бүлгэмд нэгдээрэй.
Сэтгэл гутралыг мэдлэгээр биш хайраар давдаг
Би төрсний дараах иога заадаг маш олон ээжүүдтэй ойр ажилладаг. Яг өөр дээрээ туулах, сэтгэл гутралыг даван туулж байгаа ээжүүдийг харах хоёр ялгаатай байдаг юм билээ.
Өмнө нь би ээжүүддээ “Хатуу бай, хүчтэй бай, босоод дасгалаа хий” гэж хурцалдаг байсан. Одоо би “Энэ чинь цаг зуурын үзэгдэл учраас та удахгүй ургана, цэцэглэнэ, нахиална, дэлбээлнэ. Хавар цаг удахгүй ирнэ. Хэрвээ илүүдэл жинтэй байгаа бол битгий санаа зов” гээд тайвшруулдаг болсон.
Ээжүүдэд юу юунаас илүүтэй тайвшрах мэдрэмж хэрэгтэй байдаг юм байна гэдгийг ойлгосон. Үнэндээ ээжүүд жин нэмснээ мэдэж байгаа, зүс алдсанаа мэдэж байгаа, хөх нь сүүгүй болсныг мэдэж байгаа, бие нь сульдаж ядарч байгаагаа ч мэдэж байгаа. Тэгж байхад “Чамд ядрах эрх байхгүй. Чи босоод дасгалаа хий” гэж болохгүй шүү дээ. Тэгж хатуу хандах хэрэггүй юм байна гэдгийг маш сайн ойлгож авсан.
Төрсний дараах гутралыг мэдлэг мэдээллээр биш хайраар давдаг гэж хэлмээр байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.