Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.30 цагт 63.2 хувийн ирцтэйгээр эхэллээ. Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хэлэлцэх асуудлыг танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж санал хэлэх гишүүн байсангүй.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, М.Оюунчимэг, Ц.Гарамжав, Б.Жавхлан, Ж.Ганбаатар нар  асуулт асууж, асуултад УИХ-ын гишүүн, төсөл санаачлагч С.Бямбацогт болон Д.Тэрбишдагва, Б.Баттөмөр нар хариулт өгөв.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын тавьсан хуулийн төслийн 70-80 хувь нь эдийн засгийн холбогдолтой учир Ажлын хэсэгт Эдийн засгийн байнгын хорооны гишүүдээс түлхүү оруулах, мөн дэд ажлын хэсэгт хуучнаар Төлөвлөгөөний комисс зэрэг байгууллагад ажиллаж байсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн судлаачид, эрдэмтдийг  оруулах хүсэлтэд төсөл санаачлагч С.Бямбацогт эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн гаргасан Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн үр дүнд энэ хуулийн төслийг хэлэлцэж байгааг тодотгов.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Монгол Улс социализмын үед хөгжилөө тав таван жилээр төлөвлөж, гүйцэтгэлийг таван жилээр дүгнэдэг байсан гээд энэ  хуулийн төсөлд хөгжлийн асуудлыг хугацааны хувьд ямар төлөвлөлттэй байхаар оруулсан талаар болон төрийн ямар статустай байгууллага хөгжлийн бодлого, төлөвлөлтийн ажлыг авч явахаар тусгасныг тодруулж, төсөл санаачлагч С.Бямбацогт Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн яамтай байж, түүнийг хариуцсан сайд нь Монгол Улсын Шадар сайд байхаар хуулийн төсөлд тусгасныг хэлэв. Түүнчлэн, хөгжлийн төлөвлөгөөг  хугацааны хувьд урт хугацааны хөгжлийн бодлогыг 11-30 жилээр төлөвлөж, Засгийн газар өргөн мэдүүлснээр УИХ батлахаар, харин дунд хугацаанд 10 жил, богино хугацаанд 4, 5 жилийн хугацаатай хөгжлийн бодлого, төлөвлөгөөг төрийн залгамж чанарын үндсэн дээр хэрэгжүүлэхээр тусгасныг хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан суурь бодлого, суурь төлөвлөлт гэж чухам юу болохыг нэмж тодруулсанд төсөл санаачлагч С.Бямбацогт хөгжлийн суурь бодлого нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого  болох “Алсын хараа 2050”, харин энэ бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх, өөрчлөх, үр дүнг үнэлэх, хариуцлага тооцох вэ гэдгийг энэ хуулийн төсөлд хийж өгч байгаа талаар хариуллаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хууль биелүүлээгүй тохиолдолд хариуцлагын яг ямар тогтолцоо хэрэгжихийг асуув. Төсөл санаачлагч С.Бямбацогт хөгжлийн бодлогуудыг Засгийн газар, орон нутаг түвшин түвшиндээ хэрэгжүүлнэ.  Зохицуулах үйл ажиллагааг Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн яам буюу Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан төрийн төрийн захиргааны төв байгууллага хариуцана. Хөгжлийн бодлогод нийцүүлж Засгийн газар бүх ажлаа төлөвлөнө. Энэ төслийн 9 дүгээр зүйлд хариуцлагын талаар маш тодорхой заалт оруулсан. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийн гүйцэтгэлийн үр дүнгээс хамаарч Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах, шаардлагатай бол Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг гаргаж болно гэсэн заалт байгаа. Албан тушаалтанд ч хариуцлага тооцох заалт бий гэсэн агуулгаар хариулт өглөө.

Асуулт асууж, хариулт авсны дараа гишүүдийн гаргасан зарчимын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулав.

УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Жавхлан нар зарчмын зөрүүтэй санал гаргаж, саналаа тайлбарлалаа.  

УИХ-ын гишүүн Л.Болд хуулийн төсөл дэх Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн яам гэснийг Үндэсний хөгжлийн яам гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасан нь гишүүдийн дэмжлэг авсангүй. Мөн тэрээр хуулийн төсөл дэх Монгол Улсын Шадар сайд гэсний дараа Үндэсний хөгжлийн сайд гэж нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргасан нь олонхын дэмжлэг авсангүй.   

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

Засгийн газар өөрөө өөрийнхөө ажилд үнэлгээ, дүгнэлт гаргадаг байж таарахгүй. Засгийн газар зөв зам дээрээ явж байна уу гэдгийг хамгийн сайн хянаж чадах хөндлөнгийн институци нь Үндэсний аудитын газар байж болно. Энэ ажлыг Үндэсний аудитын газарт оногдуулах нь зөв 

хэмээн тайлбарлан, санал хурааснаар гишүүдийн олонх нь  саналыг дэмжлээ.

Ийнхүү хэлэлцээд Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг  Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахаар болов.