АШУҮИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн газрын мэргэжилтэн, судлаач АУ-ны доктор Б.Хонгорзултай ярилцлаа.

Тэрбээр дэлхийн 20-30 мянган залуу эрдэмтэн, доктор, судлаачдаас Нобелийн шагналтнуудын сургалт, уулзалтад оролцох 600 залуу судлаачдын нэгээр сонгогдсон хоёр Монгол судлаачийн нэг юм. 


-Сүүлийн үед үүдэл эсийн бүтээгдэхүүн гэж нэлээд сурталчилж зарах болсон. Энэ нь үүдэл эсийн бүтээгдэхүүн мөн үү гэдгийг судлаачаас тодруулмаар байна?

-Үүдэл эс агуулсан, шууд хэрэглэдэг бүтээгдэхүүн зарж байна гэж ярихыг сонссон. Үүдэл эстэй бүтээгдэхүүн буюу амьд эстэй бүтээгдэхүүн гэж байх боломжгүй. Яагаад гэвэл эс гэдэг тодорхой орчинд л амьдардаг, өөрийн гэсэн амьдрах хугацаатай. Үнэхээр амьд эстэй бүтээгдэхүүн гэж байлаа ч гэсэн тэр нь тухайн эс амьдрах боломж бүрдсэн байх ёстой гээд цааш ярьвал нарийн шалгууртай зүйлстэй. Шууд хэлэхэд лабораторийн орчноос бусад нөхцөлд амьд эс байх боломжгүй гэсэн үг.

Ийм учраас гоо сайхны болон эмчилгээний ямар ч зориулалттай байлаа үүдэл эс агуулах боломжгүй юм. 


-Гадаадаас амьд үүдэл эстэй бүтээгдэхүүн аваад ирсэн байх боломжтой юу?

- Үүдэл эс, амь эс гэдэг маш нарийн орчин шаарддаг учраас тээвэрлэгдэж ирээд зарах хүртэл хадгалагдах боломж байхгүй. Хэрвээ магад ийм зүйлс оруулж ирээд зарж байгаа бол та үүнийг өөрийн биедээ сайн гэж хэрэглэхээсээ өмнө "Энэ зүйл миний биед эм болох уу, хор болох уу" гэж өөрөөсөө асуугаарай судлаж үзээрэй. 

Ер нь ийм хэлбэрээр зарах ч боломжгүй л дээ. Тиймээс үүдэл эс агуулсан бүтээгдэхүүн гэж сурталчилж байвал зарим хүмүүсийн мэдлэг бага байгааг далимдуулсан бизнес гэж ойлгоорой. 


-Гадуур энэ төрлийн бүтээгдэхүүн хэдийнэ зарагдаад эхэлчихсэн шүү дээ...?

-Намайг үүдэл эс судалдаг гэдгийг мэдэх хүмүүсээс энэ талаарх асуулт нэлээд ирдэг.

Монголд энэ төрлийн бүтээгдэхүүн зардаг сүлжээ ороод ирчихсэн сурагтай. Сүүлд Монголд алимны үүдэл эсээс гаргаж авсан бүтээгдэхүүн худалдаалж байгааг сонссон. Хайгаад үзэхээр доторхи бүтэц агууламжийн талаарх зарим нэг мэдээлэл тодорхойгүй юм билээ.

Үүдэл эс агуулсан бүтээгдэхүүн худалдан авахаасаа өмнө эхлээд интэрнетээс сайтар хайж судлаарай. Чухам хаана, ямар улсад, хэрхэн, ямар аргаар, яаж гарган авсан, тухайн бүтээгдэхүүнтэй холбоотой судалгаа шинжилгээ гэх зэрэг олон зүйлийг уншиж, харж нарийн судлаарай гэж зөвлөмөөр байна. 

Харин үүдэл эс эсвэл эсээс ялган авсан янз бүрийн уураг, пептид, цитокин зэргийг агуулсан бүтээгдэхүүн гэж бий.  Энэ төрлийн бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх гэж байгаа бол бас л дахиад л судалгаа шинжилгээний үр дүнд нь үндэслэн авч хэрэглээрэй гэж л хэлмээр байна.


-Тэгэхээр энэ төрлийн бүтээгдэхүүнүүд бүгд хуурамч гэсэн үг үү?

-Би судлаач хүний хувьд энэ төрлийн мэдээллийг байнга л харж, уншдаг. Эмчилгээ, гоо сайхны зориулалттай эс агуулсан, амьд эстэй бүтээгдэхүүн гэж дуулаагүй. Харин эсээс гарган авсан бүтээгдэхүүн гэж бол бий. Тиймээс худалдан авах гэж байгаа болон зарах гэж байгаа хүмүүс нь ялгааг нь сайн харж, ойлгох хэрэгтэй.

Stem cellproduct/ Product with stem cell буюу үүдэл эсийн бүтээгдэхүүн/ үүдэл эстэй бүтээгдэхүүн гэж бичээд хайхаар үүдэл эсийн үйл ажиллагааг дэмждэг эсвэл үүдэл эсээс ялган авсан биолигийн идэвхит шингэн агуулсан бүтээгдэхүүн л гэж харагддаг.

Бүгд хуурамч худлаа гэсэнгүй. Дээр хэлсэн санааг маш сайн ойлгож ялгах хэрэгтэй. Нэг нь одоогоор байх боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрвээ үнэхээр энэ төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх хүсэлтэй байгаа бол АНУ-ын FDA буюу АНУ-ын Хүнс болон эмийн асуудал эрхэлсэн газар зэрэг дээд хяналтын байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүнийг л хэрэглэхийг зөвлөе.


-Энэ төрлийн баталгаагүй бүтээгдэхүүн эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө учруулах вэ?

-Хаанаас, юунаас гаргасан нь мэдэгдэхгүй бүтээгдэхүүн хэрэглэх нь таны эрүүл мэндэд маш аюултай биш юмаа гэхэд хор, гаж нөлөөтэй. 


-Эрүүл мэндийн боловсрол дутмаг байгаагийн илрэл байх нь ээ...?

-Эрүүл мэнд, анагаах ухаан гэдэг тоглоом биш шүү дээ. Зарим нэг олны танил хүмүүс, одод өөрсдийн хэрхэн яаж турсан арга, барилаа шууд олон нийтийн сүлжээгээрээ дамжуулан бусдад зөвлөж байгааг хараад судлаачийн хувьд эмзэглэдэг.

Тэр хүн амжилттай турсан, зүтгэлтэй байгаа нь үнэхээр мундаг ч гэсэн эргээд энэ арга нь хамгийн нэгдүгээрт шинжлэх ухааны хувьд үндэслэлтэй юу, хүн нэг болгонд үнэхээр тохирох уу, хор нөлөөтэй юу гэдгийг олон талаас нь бодолцож харж үзээсэй л гэж хүсдэг. Яагаад гэвэл эдгээр хүмүүс нийгмийн өмнө илүү өндөр хариуцлага үүрч байгаа, тэднийг хүмүүс сонсдог гэдгийг ойлгох хэрэгтэй. Зарим хүмүүс шууд сэтгэлийн хөөрлөөр даган дуурайдаг учраас болгоомжтой, хариуцлагатай байх хэрэгтэй гэж боддог. 

Нэг үгээр хэлбэл хэлж, ярьж буй зүйлийнхээ нарийн учир, асуудлыг сайтар мэдэж байж бусдад зөвлөөсэй гэж хүсэж байна.

Жишээ нь Японы эрдэмтэн Yoshinori Ohsumi 2016 онд аутофаг (эсийн залгих механизм буюу өөрөө өөрийгөө залгих) буюу эс хэрхэн өөрийнхөө мөчлөгийг хянаж, өөрийнхөө доторх агууламжийг задлан, дахин ялган, ашиглаж өөрийгөө шинэчлэх, нөхөн сэргээх үйл явцыг зохицуулдаг талаарх нээлтээрээ Нобелийн шагнал хүртсэн байдаг. 

Энэхүү нээлт нь тодорхой хугацаанд өлсгөлөн байх буюу хоолоо сойх нь (1-3 өдөр л) эрүүл мэндэд ямар ашиг тустай вэ гэдгийг тайлбарласан нээлт болсон. Энэ арга нь турах аргад ашиглагдахаас илүүтэйгээр хүн хэрхэн өөрөө өөрийнхөө бодисын солилцооны эрчмийг сайжруулах вэ гэдэг талаас нь харах зөв гэж бодож байна. Гэтэл энэхүү мэдээллийг хэт их гуйвуулан буруугаар ашиглах чиг хандлага ажиглагдах болсон. Тиймээс аливаа нэг зүйлд шууд туйлшран хандахаас илүүтэйгээр сайтар уншиж, судалсны үндсэн дээр шийдвэрээ гаргаж байгаарай гэж хэлмээр байна


-Гоо сайхны эмнэлэг, салонууд үүдэл эсийн эмчилгээ хийж байна гэж сурталчилдаг. Ийм боломж бий юу?

-Яг үүдэл эсээ ялган аваад, буцаан эмчилгээнд хэрэглэх зорилготой энэ төрлийн эмчилгээг энгийн гоо сайхны салон, энгийн гоо сайхны эмнэлэгт хийх боломжгүй. Энэ нь тухайн чиглэлээр нарийссан эмч, эмнэлгийн мэргэжилтэн шаардлагтайн дээр тусгай лаборатори, эмнэлгийн маш өндөр нарийн багаж, техник технологи шаардлагатай. 

Үүдэл эсийн эмчилгээ хийж байна гэсэн сурталчилгаа нилээдгүй газар авч байгааг анзаарсан. Надаас ч бас олон хүн асуудаг. Энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг газарт очоод үзэхээр тухайн хүний цусны сийвэнгийн ялтаст эсээр баялаг хэсгийг (PRP) ялгаж аваад буцаагаад тухайн хүндээ хэрэглээд байгаа юм билээ. Зарим газар нь үүнийгээ үүдэл эсийн эмчилгээ гэж байсан. Энэ бол үүдэс эс биш гэдгийг хэлмээр байна.

PRP-г олон улсад зарим нэг төрлийн өвчин эмгэгийн үед эмчилгээг дэмжих зорилготойгоор, нөхөн сэргээх эмчилгээний нэг арга төрөл болгон хэрэглэдэг тал бол бий. Тодорхой нэг эмгэг, өвчинд үр нөлөөтэй юу гэвэл үр нөлөөтэй, тэр нь бол батлагдсан. Тэгэхдээ ҮҮДЭЛ ЭС биш гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй. 

Гол нь үүдэл эсээр эмчилж байна гэж хэлээд PRP-г хэрэглэж худлаа хэлж иргэдийг төөрөгдүүлж болохгүй. Энэ мэт зүйлийг тодруулах зорилготойгоор өдөрт хамгийн багадаа 1-2 хүн ярьдаг.  


-Ер нь үүдэл эсийг ашиглан ямар төрлийн эмчилгээг хийдэг вэ?

-Өндөр хөгжилтэй орнуудад үүдэл эсийг олон төрлийн өвчнийг анагаахад ашиглаж байна. Тухайлбал үе мөчний өвчин, бэлгийн сулрал, чихрийн шижингийн хөл зэрэг эдгэхгүй, удаан явцтай байдаг арьс салстын өвчин, түлэнхий, спортын гэмтэл, булчин шөрмөсийн урагдал, элэг бөөрний эмгэг гэх зэрэг өвчнүүдэд голдуу хэрэглэж үүдэл эсийн эмчилгээг ашигладаг.

АНУ, Англи, Турк, Морокко зэрэг улсуудад чихрийн шижин өвчний үед эмчилгээнд хэрэглэж байна.

Олон хүмүүс надтай холбогдож энэ талаар асууж тодруулдаг бас гадаад улсад ийм эмчилгээ хийлгэсэн эсвэл хийлгэх гэж байна гээд ярьдаг. Манайд энэ төрлийн эмнэлэг байдаггүй учраас иргэд маань маш их хэмжээний зардал гарган гадагшаа явж байна. Удахгүй энэ төрлийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, эмчилгээг Монголд хийх бүрэн боломжтой болох гэж байгаадаа баяртай байна. 


-Монголд үүдэл эсээр эмчлэх оролдлогууд хийж байгаа юу?

-Яг одоогийн байдлаар манай улсад УНТЭ зөвхөн цусны хавдартай хүмүүст үүдэл эсийн эмчилгээг хийж байна. Харин манай эмнэлэг нээгдвэл өөр бусад өвчний үед үүдэл эсийг хэрэглэх боломж бүрдэж байна гэсэн үг. 

Ирээдүйд үүдэл эсийг ашиглан дээрх өвчнүүдээр хязгаарлагдахгүйгээр маш олон төрлийн өвчнийг эмчлэх боломж бүрдэнэ.

Олон улсад үүдэл эсийн судалгаа нэгэнт хүчээ авчихлаа. Өнөөдрийн байдлаар бидэнд цоо шинэ судалгаа шинжилгээ хийж нээлт хийх боломж нөхцөл хараахан алга. Тиймээс гадаадын судалгаа шинжилгээ, клиник, практикт нэвтэрсэн шинэлэг зүйлүүдийг Монголдоо оруулж ирэн, нутагшуулан ард иргэддээ эдгээр эмчилгээний аргыг санал болгох байдлаар олон улстай хөл нийлүүлэх боломж бүрэн бий.


-Та бүхнийг Монголд үүдэл эсийн эмнэлэг байгуулах гэж байгаа гэж дуулсан?

-Сэтгэл, гар нийлсэн залуустайгаа нэгдэн энэ ондоо багтааж үүдэл эсийн эмчилгээгээр дагнасан эмнэлэг байгуулахаар зорин ажиллаж байна. Ихэнх нь Япон, Солонгос зэрэг орнуудад үүдэл эс, үүдэл эсийн эмчилгээний чиглэлээр дагнан суралцаад ирсэн, туршлагатай, мэргэшсэн боловсон хүчнүүд гэж болно. 

Бид үүдэл эсийн эмчилгээг олон улсын хэмжээнд судалгаа, шинжилгээний үр дүн дээр нэгэнт батлагдсан арга, техник технологийг ашиглан хийнэ. Мөн үүнтэй зэрэгцээд би өөрөө судлаач хүний хувьд судалгаа шинжилгээнд тулгуурласан эмчилгээг хүмүүст санал болгох хүсэлтэй байдаг. Энэ бол олон улсын, өндөр хөгжилтэй орнуудын барьдаг арга барил, зарчим л даа. 

Ингэснээр эмнэлэг, эрүүл мэндийн салбарын залуучууд илүүтэйгээр сурч боловсрох, мэдлэгээ зузаатгах, орчин цагтайгаа хөл нийлүүлэн алхах боломж бүрдэнэ гэж бодож байна.


-Үүдэл эсийн эмчилгээг Монголд хийвэл өртөг нь хэр байх вэ?

-Ерөнхийдөө үүдэл эсийн эмчилгээ өртөг өндөртэй. Хэрвээ Монголд эмнэлэг байгуулагдвал 2-3 дахин хямд хийх боломжтой. Үүний цаана жирийн иргэдийн амьжиргаа цаашлаад Монгол Улсын эдийн засагт ч нэмэр болно гэж хардаг.


-Үүдэл эсийн хамгийн гайхалтай зүйлийг дурдвал?

-Судлаачийн хувьд үүдэл эс нь хүн өөрөө өөрийнхөө эмч болох боломжийг олгодог нь гайхалтай санагддаг. 

Хамаг гол нарийн учир гогцоо нь тухайн эсийн өөрийнх чадварт оршиж байгаа юм. Энэ эс нь хүний биеийн хэвийн үед шаардлагатай шинэ эсүүдийг үүсгэдэг. Үндсэндээ хэвийн үед хүний биеийн бүх эсүүд тодорхой хугацааны дараа үхэж, шинэ эсээр сэлбэгддэг. Ингэж байж бие эрхтнүүд эрүүл саруул байж зөв ажилладаг. Энэхүү шинэ эсүүд нь үүдэл эсээс үүсдэг гэсэн үг. 

Бид гараа зүсэх, арьсаа гэмтээх үед мөн аливаа өвчин эмгэгийн үед тухайн гэмтсэн эд эсийн оронд шинэ эсийг бий болгох гол эх үүсвэр нь мэдээж нөгөө үүдэл эс л байдаг.

Элэг шилжүүлэн суулгаж байгаа хүний хувьд гэхэд хэдий эрүүл элэгтэй болдог.  Гэсэн ч тухайн хүний бие нь өөрийнх элэг биш гэдгийг таньдаг. Үүнээс л болж насаараа дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэж байнгын хяналтад ордог. Цаашлаад эрхтнээ хүлээн авахгүй ховхрох эрсдэл бий. 


-Үүдэл эсээр ургуулчихвал энэ төрлийн эрсдэл бий болохгүй нь гэж ойлгож болох уу?

-Энэ төрлийн шинжлэх ухаан хөгжвөл ирээдүйд тухайн хүний өөрийнх нь эсээр тухайн эд эрхтнийг нөхөн төлжүүлэх боломжийг бүрдүүлнэ. Хүн өөрөө өөрийнхөө донор болно гэсэн үг. Ирээдүйн чиг хандлагаа энэ тал руугаа явж байна. Тухайн хүний эд эсээр эд эрхтнийг нь ургуулахад асуудал алга. Гэхдээ хүний биед нь суулгана гэдэг асуудал зөвхөн судалгааны түвшинд яваа. Үүний ард анагаах, шинжлэх ухааны этикийн асар том асуудал яригдана.  


-Хүй, үүдэл эс хоёр ямар холбоотой вэ?

-Хүйн цусанд үүдэл үс байдаг гэсэн үг. Хүүхэд төрөх үед хүйн судас доторх цусыг нь хадгалж авснаар түүн доторх үүдэл эсээр эмчилгээ хийж болно. Бас хүний цус болон чөмөгт яснаас цусны үүдэл эсийг ялгаж аваад эмчилгээ хийдэг арга бий. Мөн бидний өөхөнд олон тооны үүдэл эс байдаг. 

Эдгээр эх үүсвэрүүд нь бүгд өөрийн сайн болон сул талтай. Тэр ч утгаараа зарим нэг үүдэл эсийн төрөл нь эмчилгээний практикт тэр бүр хэрэглэгдэхээ больж байгаа. Зарим нь одоог хүртэл хүнд шууд хэрэглэх боломжгүй гэдэг заалтаар хориотой байгаа. Энэ төрлийн эмчилгээнд хамгийн өргөнөөр ашиглагдаж байгаа нь өөхний болон цуснаас ялган авсан үүдэл эсийн эмчилгээ байгаа. 


-Өөхөнд ч бас үүдэл эс агуулагдах нь ээ?

-Өөхний эдээс ч бас үүдэл эс ялгаж авч эмчилгээ хийх зэрэг аргууд бий. Өөхнөөс үүдэл эс ялгаж авах нь эсийн тоо их, эмчилгээ хийлгэж байгаа хүндээ зовиур багатай гээд давуу талтай. Тэгэхээр өөхөнд бас давуу тал байгаа биз. Гэхдээ өөх ашигтай гээд жингээ нэм гэсэн үг биш шүү. (инээв) Ямар ч туранхай хүнд хэвлийн өөх тодорхой хэмжээнд бий.


-Монголд энэ чиглэлийн судалгаа хийх эдийн засгийн боломж хэр байдаг вэ?

-Яг энэ чиглэлээр ч бус ер нь анагаах ухааны чиглэлээр судалгаа шинжилгээ хийх ажлыг улсаас тодорхой хэмжээнд дэмждэг. Гэвч тэр нь хангалттай биш байна. Үнэнийг хэлэхэд маш хангалтгүй гэж хэлж болно. 

АШУҮИС нь өөрийн дотоод нөөц бололцоогоо ашиглан өөрсдийн багш судлаачдын судалгааны ажлыг дэмждэг. Ерөнхийдөө манай улсад аль ч салбарт судалгаа хийх тийм амар биш. 

Би гэхэд магистрийнхаа судалгааны ажлыг хийх үедээ санхүүжилт олох зорилгоор маш олон хувийн байгууллагаас туслалцаа эрж байсан. Тэдгээр хүмүүс надаас "Хэрвээ чамд мөнгө өгвөл үүний үр дүн нь маргааш нь шууд хүн дээр гарах уу" л гэж их асуудаг. Гэтэл судалгаа шинжилгээ маш олон янз шүү дээ. Суурь судалгаа, инновацийн гээд л төрөлжинө. Үнэндээ судалгаа гэдэг төвөгтэй ажил. Магадгүй тухайн судалгааны үр дүн өнөөдөр хийгээд маргааш ч гарахгүй байж болно. Миний дэвшүүлсэн таамаг батлагдахгүй ч байж болно. Тэгсэн байлаа гээд үр дүн биш гэж ойлгож болохгүй. 

Судалгаанаас гарч байгаа бүхий л дүн нь үр дүн мөн. Гагцхүү таны хүсэж байсан үр дүн мөн ч байж болно биш ч байж болно. 

Ямар ч судлаач хэзээд бүтэлгүйтнэ гэж судалгаа хийдэггүй, тэгэхдээ сайн, үнэн бодитой үр дүн гэж яг юуг хэлэх, яг тэрхүү үр дүн нь баталгаатай эсэх нь маш чухал. Гарч байгаа үр дүнгээ үзэх гэж зарим эрдэмтэд хэдэн арван жилийг зарцуулдаг.  Зарим судлаачид ховор тохиолдолд маш азтайгаар үр дүнгээ богино хугацаанд авч чаддаг.


-Таныг Нобелийн шагналтнуудын уулзалтад оролцсон хоёр монгол эрдэмтний нэг гэдгийг мэднэ. Тэрхүү уулзалтад дахиад Монгол оролцсон уу?

-Энэ жил нэг хүн физикийн салбарын хуралд монгол судлаач тэнцсэн гэж дуулсан. Энэ хурал, сургалт нь жилд нэг удаа болдог, тухайн жил болгоны чиглэл нь өөр байдгаараа онцлог. Бидний оролцсон уулзалт, сургалт анагаах ухаан болон физиологийн чиглэлийнх байсан. Жил бүрийн зарлагдаж байгаа чиглэлийн хүрээнд судалгаа шинжилгээ хийдэг залуу эрдэмтэн, судлаач, докторууд оролцдог, оролцохын төлөө өрсөлддөг. Тэрхүү сэдэв чиглэлийн хүрээнд Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэд ирдэг гэсэн үг. 

Бидний оролцсон хуралд түүхэндээ нэгэн дор хамгийн олон буюу Нобелийн шагналтан 40 эрхэм хүрэлцэн ирж байв. Тэрхүү уулзалтад өдөр болгон Нобелийн шагналтнуудтай уулзаж зөвлөгөө авах боломж нээлттэй байдаг. Бид 2 тэр хурлын 10-аад хоног тэдгээр гайхамшигтай хүмүүстэй хамт байж, ярилцан санал бодлоо солилцон, зөвлөгөө авч, суралцсан. Өндөр мэдлэг боловсролтой дэлхийн оюуны түүчээ болсон тэдгээр хүмүүс үнэхээр гайхалтай энгийн юм билээ. Эргээд санахад маш гайхалтай өдрүүд байсан. Тухайн үед 20-30 мянган оюутнаас шалгарч тэрхүү уулзалтад багтсан хоёр монгол хүний нэг болсондоо маш их баярладаг, талархдаг бас өөрсдөөрөө бахархдаг шүү. 

Монгол залуус маань ч гэсэн энэхүү хөтөлбөрт хандаж, хамрагдаасай гэж хүсэж байна. Тэнд уулзаж танилцсан олон улсын судлаач найзуудтайгаа одоо ч холбоотой байж, нэгэнтэйгээ мэдээллээ, мэдлэгээ солилцдог.