Хойд тундрт 60-70 градусын хүйтэнд цаа буга судалж амьдралынхаа 25 жилийг өнгөрүүлсэн Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Анагаахын шинжлэх ухааны доктор (PhD), Биологийн шинжлэх ухааны доктор Б.Баасансүрэн өнөөдөр “Хойд туйлын бүсэд 25 жил” үзэсгэлэнгээ Үндэсний түүхийн музейд дэлгэлээ. 

Тэрбээр үзэсгэлэндээ цаа буга хэмээх амьтны амьдрал, экологийн түүхэн гүн гүнзгий уялдааг судалсан баримт, он дараалал мөн тундарт амьдарч байсан урц, тэсгим хүйтэнд өмсч ирсэн хувцас эдлэл хэрэгсэлээ хүртэл дэлгэн үзүүлжээ.

Энд тундрын хүнд хэцүү өдрүүдийг туулсан амьдралын ухаан, цааны үр ашиг шимийг хичээнгүйлэн судласан олон зуун хуудас бүтээлүүд, түүнийг батлах гэрэл зургууд өрөөстэй. 

Эх орныхоо шинжлэх ухаан судлалд өөрийн хувь нэмрээ оруулж яваа түүнд ярих зүйл дэндүү их. Монголд төдийгүй дэлхийд данслагдсан энэ эрдэмтэн мэдлэгээрээ дорно дахины болон өрнө дахины анагаах ухааны аргуудтай хослуулан эмчилгээний болон өвчнөөс урьдчилан сэргийлэх олон шинэ аргыг боловсруулан гурван мянга гаруй хүнийг эмчилсэн байна. Түүнтэй үзэсгэлэнгийн үеэр цөөн хором ярилцлаа.

Монгол улсын ШУА-ийн Якут дахь төлөөлөгч, Монгол улсын ШУА-ийн бага чуулганы гишүүн, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Анагаахын шинжлэх ухааны доктор (PhD), Биологийн шинжлэх ухааны доктор, Б.Баасансүрэн

-Якутыг зорьсон түүхээсээ хуваалцахгүй юу?

-1993 оны намар Монголын цаа бугын цусыг сэлбэх зорилгоор Якутыг зорьсон. Үүрэг нь цаа бугыг шинжлэх ухааны үүднээс нарийвчилсан судлах. Гэтэл тэр цагаас хойш 25 жил болжээ.  Хүн, цаа, нохой гурав анх дэлхий дээр бий болсон юм гэж багадаа уншиж байлаа. Сонирхохгүй байхын ч аргагүй амьтан л даа. Одоо бол миний хувьд Якут орон миний хоёр дахь эх орон болсон. Тэд намайг хайрлаж хүндэлдэг, хаа явсан ч тусалж дэмждэг. Анх амар байгаагүй, тундрт 12 дугаар сараас эхлээд гуравдугаар сар хүртэл хүйтэн туйлдаа хүрнэ. Бас энэ хугацаанд нар үзэхгүй.

-Цааг ухаантай амьтан гэж та ярьсан. Үүнтэй холбоотой сонирхолтой жишээ манай уншигчдад сонирхуулахгүй юу?

-Цаа гайхамшигтай ухаантай амьтан. Үхэр, хонь ургамлыг нэг дор олноор иддэг бол цаа буга ургамлын үр үндэсийг туурайныхаа завсар хавчуулж бэлчээрт тарааж явдаг. Цаа араатан амьтнаас хүртэл өөрийгөө хамгаалах чадвартай. Тундарт түүний хамгийн гол дайсан нь чоно байдаг. Хамгийн том чоно 2 метр өндөр, 120 кг жинтэй сүрдмээр биетэй шүү. Тэр аварга биетэй араатнаас хамгаалахын тулд баатар цаанууд буюу сүргийн хамгаалагчид нь эмийгээ дундаа хийгээд цагийн зүүний дагуу зогсолтгүй эргэлддэг. Энэ үед 10 чоно байсан ч тэдэн рүү орж халдаж чадахгүй гайхаад буцдаг юм билээ.

 Тэд дотроо эмч, баатар гээд өөр өөрийн үүргээ чадамгүй гүйцэтгэдэг. Эмч цаа гэхэд өвчтэй цаагаа дагуулаад эмийн ургамалтай газар очих жишээтэй. Өдөртөө өвс ургамлаа олж идэхийн тулд 20 км явдаг учраас өөхөн тарга хуримтлуулдаггүй. Маханд нь агуулагдах амин дэм маш өндөр. Бас тэр хэзээ ч авч яваа хүнээ орхидоггүй. 3-4-үүлээ ойртож зогсоод дулаацуулна гээч.

-Цаа буганы эмчилгээний ач тусыг дурьдвал...?

-Цааны сүү гэхэд эхийн цагаан сүүний дараа ордог маш эрдэмтэй эд.  Ерөөсөө цаа бугын бүх зүйл анаагаах эрдэмтэй. Цусан эвэр, элэг, зүрх гээд бүх эрхтэнг эмчилгээнд хэрэглэдэг. Түүнийг зөв хэрэглэх нь чухал. Сайн гээд буруу хэрэглэж таарахгүй. Цаа буганаас хаях зүйл юу ч байхгүй.

Тухайлбал цааны орооны булчирхайн бэлдмэл гэдэг нууц жортой эм бий. Энэ эм бол дорно дахины анагаах ухааныг барууны анагаах ухаантай холбож хэрэгжүүлсний үр дүн. Маш нууц нарийн зүйлүүд бий. Энэ эмийн ачаар хүүхэдтэй болдоггүй хүмүүсийг анагааж үр хүүхэдтэй болгосон. Одоо 50 орны 180 хүүхэд мэндлээд байна. Тэр судалгааны ажлыг би 15 жил хийсэн, монголдоо хийе гэхээр надад материаллаг бааз алга. Би хүний газар судалгаа хийж байгаа хүн учраас тэр бүр тусалж чадахгүй л байна. 

-Тэр их хүйтнийг ямар хувцастай давдаг вэ, тэнд та урцанд амьдардаг уу?

-Мэдээж урцанд амьдарна. Цааныхаа арьсаар л бүх хувцасаа хийж өмсдөг. Онцлог нь цааны арьс нүхтэй байдаг учраас дулаан ялгарлыг зохицуулдаг юм. Ёстой бурханаас заяагдсан амьтан гэж боддог. Цааны арьс хүний улаан чөмгийг хүртэл дулаацуулдаг юм шүү.

-Танаас өөр тэнд ажилладаг, судалгаа хийдэг хүн бий юу?

-Би  Якутад ажиллаж байгаа цор ганц холын хүн. Америк, Герман, Орос зэрэг улсын эрдэмтэд олон хааяа ирнэ. Гэхдээ гурван сараас гурван жил болоод буцдаг юм. Орос орон намайг үнэлж чадаж байгаа. Лицензүүдээ итгэж өгсөн. Гэхдээ би эх орныхоо уламжлалт анагаах ухааныхаа жороо алдаагүй.Миний энэ судлалд бүхий л салбарын шинжлэх ухаан багтдаг. 

Шөнийн харанхуйд дэнгийн гэрэлд цаас харандаа нийлүүлж энэ олон судалгааны ард гарлаа. Тундрт үзэг хөлдчихдөг учраас харандаагаар л бичдэг.

Анх эрдмийн ажлаа эхэлж байхад Б.Ренчин багш маань надад “Балын харандаагаар бичээд дунд нь 2 хуруу зай аваад бичиж бай. Тэгвэл эрдэмтэн болдог юм шүү. Мартаж санасанаа сүүлд нь нэмж оруулдаг юм” гэж зааж өгч байлаа. Одоо бодох нь ээ, аргагүй холыг бодож хэлсэн зөвлөгөө байж дээ

-Энэ хугацаанд эх орондоо хэр олон удаа ирж байв?

-Хаяа амралтаараа ирж байлаа. Орос орон эрдэмтэн докторуудаа ихээр харж үздэг. Манайх бол бодлогын зүгээсээ эрдэмтэн докторуудаа харж үзэхгүй л байх шиг санагддаг. Хэрэв тэднийгээ дэмжвэл олон зүйл олж авна даа. 

Доктор Б.Баасансүрэн цааны хойд хөлний салаанаас орооны булчирхайн дээж авч байна