Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын 9 хүнийг шүүх хурал өнөөдөр 09.00 цагт Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.

Тодруулбал, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт ТЕГ-ын дарга асан генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын мөрдөгч О.Бархасбадь, Ч.Мөнхгал, С.Баяр, Ч.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарын есөн хүнийг шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.

Тус шүүх хуралдаан өнгөрсөн 07 дугаар сарын 23-ны 10.00 цагт эхэлсэн ч Ц.Амгаланбаатарыг гэрчээр оролцуулах шаардлагатай гэж үзэн тус өдрийн 14.00 цаг хүртэл хойшлуулсан. Улмаар Ц.Амгаланбаатарыг авчирч шүүх хуралдаан эхэлсэн ч шүүгдэгч 9 хүний нэгийнх нь өмгөөлөгч шүүгч нарын бүрэлдэхүүнээс татгалзсан учир шүүх хуралдааныг өнөөдрйн 09.00 цаг хүртэл хойшлуулсан юм. Одоогоор шүүхийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон эсэх нь тодорхойгүй байна.

Мөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх үйл явцыг шалгах УИХ-ын Түр хорооны гишүүд тус шүүх хуралд ажиглагчаар оролцох хүсэлтээ энэ сарын 8-нд Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Тус хүсэлтийг хүлээн авах эсэхийг шүүх хуралдааны үеэр шийдвэрлэх аж.